Үнэндээ энэ зураг тийм ч сайхан түүхийг өгүүлэхгүй. Камерын өмнө өөртөө итгэлтэйгээр инээмсэглэн зогсох эмэгтэй цаазаар авах ял авсан хятад партизан бөгөөд түүний ард япон цэргүүд тушаал гүйцэтгэх мөчөө хүлээн суугаа нь энэ аж...
Зургийн гол баатар болсон зоригт бүсгүйг Чэн Бенхуа гэх бөгөөд тэрээр 1914 онд Зүүн Хятадын Аньхуй мужийн Гаошян тосгонд төрсөн байна. Япончууд түүний уугуул нутгийг эзлэхэд Чэн Бенхуа ард түмний эсэргүүцлийн эгнээнд нэгдэж, түрэмгийлэгчидтэй идэвхийлэн тэмцэж эхэлсэн юм. Тэрээр хятадын тэмцэгч бүлгүүдийн хоорондох ухуулагч, холбоочин байв. Зарим эх сурвалжууд түүнийг партизаны отрядыг хүртэл удирдаж байсан гэж баталдаг.
Чэн япончуудын отолтонд орж баригдахдаа 24 настай байсан бөгөөд эрүү шүүлт, бүлэг хүчингийн хохирогч болсон ч амьд үлдэж чадсан байна. Дараа нь түүнийг тэмцэгч нөхдийнх нь хамт цаазаар авахаар авчирсан юм.
Чэн юунаас ч айлгүй нуруу цэх, цээж тэнүүн зогсож, шийдэмгий ширтсээр итгэл дүүрэн төрх байдлаараа үхлийг хүртэл үл тоомсорлов. Ер бусын тайвнаар инээмсэглэх энэ царайнд ямар ч харуусал гэмшил, өршөөл хүссэн найдвар алга. Яг энэ үед японы дайны сурвалжлагч түүний зургийг авсан бөгөөд хэдхэн хормын дараа ялыг гүйцэтгэсэн байна.
Алдарт зургийг камерын хальсанд буулгаснаас хэсэгхэн хугацааны дараа япон цэргүүд Чэнийг буудалгүйгээр жадлан цаазалсан юм.
Эрэлхэг Чэн Бенхуаг Хятадын ард түмэн маш их хүндэлдэг. Он цаг улиран өнгөрсөн ч түүний гавьяаг нутаг нэгтнүүд нь мартаагүй бөгөөд зоригт бүсгүйн дурсгалд зориулж төрөлх нутагт нь хөшөө хүртэл босгожээ.