"Гоц ухаант инженер" - Алдарт жүжигчин Роуэн Аткинсоны амьдралын нууцлаг баримтууд

Хөгжилтэй төрх, хүүхэд шиг үйлдлээрээ дэлхийн сая сая үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн Роуэн Аткинсон буюу бидний нэрлэдгээр "Мистер Бин" бодит амьдрал дээр үнэндээ ямар хүн болохыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Жишээлбэл тэрээр Оксфордын их сургуульд магистр хамгаалсан, IQ оноо 178-тай, бараг гоц ухаантны хэмжээнд очихоор нэгэн билээ. 

"Гоц ухаант инженер" - Алдарт жүжигчин Роуэн Аткинсоны амьдралын нууцлаг баримтууд

Роуэн Себастьян Аткинсон (Rowan Sebastian Atkinson) нь 1955 оны 1-р сарын 6-нд Английн Дурхэмд, өнөр өтгөн гэр бүлд төржээ. Түүний аав нь фермер байсан тул Роуэн тайз дэлгэцийн урлагт төдийлөн ойр байсангүй. 

Гэхдээ хөгжилтэй төрх, нүүрний хувиралтай Роуэн сургуульдаа багш нар, ангийнхнаа амархан инээлгэдэг байлаа. Мөн тэрээр техник сэтгэлгээ сайтай нэгэн байсан бөгөөд ахлах сургуулиа төгссөний дараа Цахилгаан техникийн факультетэд элсэж, бакалаврын зэрэг авсан байна.

Яваандаа залуу эрийн инженер болох хүсэл нь уран бүтээл туурвих хүслээр солигдсон тул 2-р курст байхдаа аль хэдийн жүжигт тоглоод амжсан байжээ. Хожмоо тэрээр жүжигчний мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгож, Оксфордын их сургуулийн драмын ангид суралцах болжээ.

Роуэн дэлгэцийн урлагийн карьераа 1979 онд эхлүүлж, "Not the Nine O'Clock News" нэртэй хошин нэвтрүүлгийг бэлтгэж эхэлсэн нь Их Британид томоохон амжилтад хүрчээ.

Телевизийн шоугаар амжилт олсны дараа 1982-1988 оны хооронд дөрвөн улирал үргэлжилсэн "Black Viper" инээдмийн цувралд уригдан дүр бүтээж, Британийн алдарт комедианууд болох Хью Лоури, Стефен Фрай нартай нөхөрлөжээ. Ингээд 1987-1995 оны хооронд Роуэн тэдний өөрсдийн "The Fry and Laurie Show" төсөлд удаан хугацаанд ажилласан байна.

2002 онд тэрээр өөрийн хөгжилтэй төрх, уран сэтгэмжээ ашиглан бие даан ажиллахаар шийдэж, "Mr. Bean" богино хэмжээний инээдмийн цувралуудыг өөрөө найруулан, гол дүрд тоглосон нь түүнд дэлхий даяар алдар хүндийг авчирчээ.

"Mr. Bean" одоо ч Их Британид алдартай хэвээр байгаа бөгөөд түүнээс сэдэвлэсэн шинэ шоу, хүүхэлдэйн цуврал хийгдсээр байгаагийн зэрэгцээ хэд хэдэн бүрэн хэмжээний кино гарсан юм.

Гэхдээ Аткинсонтой Мистер Биний дүр салшгүй холбоотой байсан тул өргөн дэлгэцийн уран бүтээлд хүч үзэхэд энэ нь түүнд саад болж байлаа. Хэдий тийм ч тэрээр Жэймс Бондыг элэглэсэн Жонни Инглишийн дүрээр энэ байдлаас гарч чадсан юм.

2003 онд цацагдсан "Мөрдөгч Жонни Инглиш" нь түүний байнгын үзэгчид болон Европын кино шүүмжлэгчдийн аль алинаас нь өндөр үнэлгээ авсан юм. 

Сонирхлын хувьд тэрээр автомашины хорхойтон аж. Тэр ч байтугай Роуэн Британийн авто сэтгүүлүүд болох "Car", "Octane", "Evo" зэрэгт байнгын нийтлэл бичиж хэвлүүлдэг байжээ. 

Мөн тэрээр сонирхогчдын болон мэргэжлийн олон авто уралдаанд "Renault 5 GT Turbo" машинаа хөлөглөн оролцсон аж. 100 сая фунт стерлинг хөрөнгийнхөө багагүй хувийг тэр Aston Martin DB7 Vantage, McLaren F1, Morgan Aeromax, Audi A8, Mercedes S-Class S 600 L зэрэг машинуудыг худалдан авч, цуглуулгандаа нэмэхэд зарцуулжээ.

Жүжигчин маань сэтгүүлчдэд ярилцлага өгч, хувийн амьдралынхаа тухай дэлгэх тун дургүй. 80-аад оны сүүлээр Роуэн BBC телевизэд мэйк-ап артист хийж байсан Сунетра Састри (Sunetra Sastry) хэмээх бүсгүйтэй танилцаж, 1990 оны 2-р сард түүнтэй гэрлэлтээ бүртгүүлжээ.

Хосууд хамт амьдрах хугацаандаа хоёр хүүхэдтэй болжээ. Хүү Бенжамин нь 1993 онд төрсөн бол охин Лили Грэйс нь 1995 онд төржээ. Лили Грэйс аавынхаа залгамж халааг аван жүжигчний мэргэжлийг сонгосон байна. 

Харамсалтай нь 2014 онд Роуэн, Сунетра хоёр салах өргөдлөө гаргажээ. Жүжигчин эр өөрөөсөө бараг 30 насаар залуу комедиан Луисе Фордтой харилцаатай болсон нь үүнд нөлөөлсөн байна.

Роуэн өөрийн шинэ амрагтайгаа "Quartermaine's Terms" гэх жүжгийн нээлтэн дээр танилцаж, 2015 онд албан ёсоор эхнэрээ болгожээ. 2017 онд буюу 62 настайдаа Роуэн өөрийн гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.

Хэдийгээр түүнийг дэлгэцээр харахад л инээд хүрдэг ч бодит амьдрал дээрээ Роуэн Аткинсон муухай ааштай, огтхон ч хөгжилтэй биш нэгэн хэмээн өөрийгөө тодорхойлсон аж. "Би ерөнхийдөө их чимээгүй, уйтгартай хэмээн" тэрээр өгүүлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()