Кинг 1960-аад оны сүүлчээр Азербайжаны Бакугийн амьтны хүрээлэнд төрсөн байна. Гүег төрөхдөө л сул дорой байсан ч эхдээ гологдсоноор бүр сульдав. Үүний улмаас гүегийг амьдрах чадваргүй хэмээн үзэж, нядлах шийдвэр гаргаад байсан ч Берберовынхон үүнийг мэдээд амьтны хүрээлэнгийн удирдлагуудад гүегийг өргөж авах санал тавьжээ. Хэдийгээр өрхийн тэргүүн Лев Львович амьтан сургагч биш, архитектор байсан ч түүний гэр бүлийнхэн нохой, муур, зараа, яст мэлхий, тоть зэрэг амьтад тэжээдэг, амьтанд хайртай хүмүүс байв.
Ийнхүү тэдний хүсэлт бүтэж, Кингийг гэр бүлдээ хүлээн авснаар асарч халамжлан, эрхлүүлж өсгөсөн байна. Берберовынхон Кингийг амийг аварсаныг мэдсэн мэт Кинг ч шинэ гэр бүлдээ сэтгэлээ нээж, хурдан дассан гэнэ. Кинг араатан гэмгүй тайван, эелдэг, ухаалаг амьтан байв. Хүүхдүүд түүний сахлаас татаж, зоонд нь мордож, хажууд нь унтаж байхад Кинг хэзээ ч элдэв ааш гаргаж байгаагүй аж.
Түүнээс болж гэмтсэн цорын ганц хүн бол гэрийн эзэн байсан гэнэ. Орон дээр гарч унтах зорилготой Кинг эзнээ санаандгүй орноос нь түлхэж унагаасан нь тэр юм.
Энэхүү ер бусын гэр бүл удалгүй улс даяар алдартай болов. Берберовын гэрээр хэвлэл мэдээллийнхний хөл тасрахаа больж, тэдний тухай зурагтаар гарч эхэлжээ. Тэжээвэр муур мэт өссөн аварга араатан олныг гайхшруулж байсан ч зарим амьтан судлаачид болон амьтан сургагчид ирээдүйд болзошгүй аюулын тухайд санаа зовж байлаа. Олны дунд өчүүхэн бяцхан нохойноос айж зугтдаг нэгэн байхад 200 кг аварга амьтнаас айх хүмүүсийг гайхах зүйлгүй юм. Тиймдээ ч Кингийг салхилуулах үед айсандаа тойрч зугтдаг хүмүүс олон байв.
Арсланг нас бие гүйцэж, хүчирхэг болоход Берберовынхон амьтны хүрээлэнд буцааж өгөхийг оролдсон боловч Кинг эсэргүүцсэн гэнэ. Кингийг амьтны хүрээлэнд хүргэхээр машинд суулгах гэтэл илт дургүйцэж, зугтсан байна. Түүнийг амьтны хүрээлэнд ч, зэрлэг байгальд ч дасан зохицож амьдрахад оройтсон гэж үзээд Берберовынхон буцаагаад гэртээ авч харьжээ. Эгэл жирийн нэгэн гэр бүлд аварга том арслан тэжээх нь санхүүгийн хувьд маш хүнд байсан тул "Орос дахь Италичуудын гайхалтай адал явдлууд" уран сайхны киноны зураг авалтад Кингийг оролцуулахаар болсон байна. Харамсалтай нь энэ шийдвэр арслангийн хувьд ч, Берберовын бүх гэр бүлийн хувьд ч аймшиг дагуулсан хар бараан шийдвэр болжээ.
Зураг авалт маш хэцүү уур амьсгалд болсон байна. Мэргэжлийн амьтан сургагчийн хүмүүжлээр биш, энгийн айлд өссөн Кинг тушаал огтхон ч биелүүлдэггүй байжээ. Үүнээс болж зураг авалтын явц сунжирч, найруулагчийн тэвчээр алдарч, жүжигчид арслангаас айж байв. Кингээс айгаагүй цорын ганц хүн домогт жүжигчин Андрей Миронов байсан бөгөөд тэр хамгийн түрүүнд Кингтэй дотноссон байна. Үүний дараа найруулагч Эльдар Рязанов: “Энэ бол миний амьтантай хийж байгаа хамгийн сүүлчийн зураг авалт. Би дахиж хэзээ ч амьтны уран бүтээлийн найруулагч хийхгүй гэж өөртөө амлаж байна. Ганц арслан ч биш, нохой муурыг хүртэл би хэзээ ч зураг авалтандаа оруулахгүй!" гэж цөхрөнгөө барсан ам өчиг өгсөн байдаг.
1973 оны зун зураг авалтын үеэр Берберовын гэр бүл арслангийн хамт хоосон сургуульд байрлажээ. Чанга яригчтай машин хотыг тойрон эргэлдэж, махчин амьтан байгааг түүгээр явсан явган зорчигчдод мэдэгдэж, сургууль руу ойртож болохгүй гэсэн бичгийг хашаанд наах зэргээр аюулгүй байдлыг чухалчлан ажиллаж байв. Гэвч нэг удаа Кингийг биеийн тамирын зааланд хэдхэн минут хяналтгүй орхих үед сургуулийн хашаанд 1-р ангийн хүүхэд орж иржээ.
Хүүхэд цонхон дээр очиход Кинг гэнэт үсрэн гарч ирж, хормын дотор сурагчийг газар дарж унагасан байна. Кинг тэр хүүхдэд хор хөнөөл учруулаагүй бөгөөд Берберовын гэр бүл түүнийг хүүхэдтэй зүгээр л тоглохыг хүссэн байх гэж хожим мэдэгдсэн байдаг. Энэ үед цагдаа нар ирсэн бөгөөд хүүхэд рүү дайрч байна гэж ойлгож, шууд Кингийг бууджээ.
Берберовынхон энэ явдалд маш их гашуудаж, хүүхдүүд нь шөнө унталгүй уйлах болсон байна. Улмаар кино багийн уран бүтээлчид Берберовын гэр бүлд тусалж, өөр нэгэн гүег олж өгөхөөр шийджээ. Тэд улс даяар хайсны эцэст Казаны амьтны хүрээлэнгээс нэг арслан авч чадсан байна. Гэрийн эзэгтэй Нина Берберов дахин арслантай болох санааг төдийлөн дэмжээгүй ч түүний гэр бүл шинэ гишүүнээ хүлээн авсан аж.
Хоёрдугаар Кинг мөн дэлгэцийн од болсон байна. 1975 онд найруулагч Константин Бромберг Берберовын гэр бүлийн амьдралын бодит баримтуудад үндэслэн "Надад арслан байна" киног хийжээ. Гол дүрд Берберовын хүүхдүүд болох Рома, Эва Кингийн хамт тоглосон аж. Зураг авалтын талбайд арслан Ромагийн шаардагыг биелүүлж байсан ч бусад хүмүүст түрэмгий ааш гаргаж байв. Найруулагч Кингийг гол руу үсрэх тушаал өгөөд хөлөө хазуулсан бол зургийн дарга арслангийн хэмжээг авах гэж байгаад ширүүн хөдөлгөөн хийснээсээ болж, цочсон арсланд хуруугаа таслуулжээ.
Харамсалтай явдлууд үүгээр дууссангүй. 1978 онд өрхийн тэргүүн, Хоёрдугаар Кингийн хувьд сүргийн ахлагч байсан Берберов нас баржээ. Үүнээс болж Хоёрдугаар Кинг тушаал гүйцэтгэхээ больж, Нинагийн үгэнд бүр орохоо больсон байна. Гэхдээ арслан гэр бүлийн бусад гишүүдтэй эелдэг зөөлөн харьцдаг хэвээр байсан учир үлдсэн Берберовынхон элдэв муу зүйл төсөөлөөгүй аж.
Нина Берберов өөрөө ч хожим нь ямар шалтгаанаас болж ийм эмгэнэлт явдал болсныг тайлбарлаж чадаагүй юм. Нэг өдөр Хоёрдугаар Кинг давхар орноос унаж, нуруугаа чанга цохисон байна. Энэ үед Нина өрөөнд орж ирэхэд арслан түүн рүү гэнэт үсэрч, сарвуугаараа маш хүчтэй цохин ухаан алдуулжээ. 14 настай Рома Кингийг зандрахад арслан хүүг хэдэн хэсэг болгон тасчин хаясан байна...
Хөршүүд нь цагдаа дуудаж, арсланг буудсан бөгөөд аймшигт явдалд цочирдсон Нина Берберов эмнэлэгт ухаан орсон хойноо л хүүгээ үгүй болсныг мэдсэн гэнэ.
Дараа нь Нина Берберов сүүлж дахин гэрлэж, охин, хүү төрүүлсэн байна. Тэрээр урьдын адил нохой, муур, тоть тэжээж байсан боловч зэрлэг амьтдаас хол амьдрахаар шийджээ. Хожим нь Нина “Хоёрдугаар Кингийг хүн биш, буруу зөвийг ялгахгүй араатан гэдгийг нь мартсан миний буруу. Ромагаа аварч чадаагүйдээ би үргэлж өөрийгөө зэмлэдэг." гэж санаашран дурссан байдаг.