Америкт яагаад 110 вольт хэрэглэдэг вэ?

Өнөөгийн даяаршлын эрин үед дэлхий нийтээрээ нэгдмэл стандартыг мөрдөхийг эрмэлзэж ихэнх орнууд гэр ахуйн цахилгаан хэрэгслээ 220 вольтоор ажиллуулдаг болоод удаж байна. Тэгвэл АНУ 110 вольтын (бодит байдал дээр 120 вольт) стандартаас татгалзахыг хүсдэггүй гэнэ. Үүний цаад шалтгаан нь юу вэ?

Америкт яагаад 110 вольт хэрэглэдэг вэ?

Хэдийгээр цахилгаан үүсгүүрийг 1831 онд бүтээсэн боловч удаан хугацааны туршид энэ нь ердийн хүмүүст огт хүртээлгүй байсан бөгөөд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэж тухайн үед байхгүй байв. 1879 онд зохион бүтээгч Томас Эдисон 40 цагийн ашиглалтын хугацаатай улайсгасан гэрлийн чийдэнгийн патентыг авснаар бүх зүйл өөрчөгдсөн.

Түүнийг гэрэлтүүлэх хамгийн тохиромжтой гүйдлийн хэмжээ нь 90-100 Вольт байв. Утасны алдагдалд 10 вольтыг нэмж Эдисон орон сууцны зориулалттай 110 вольтын тогтмол гүйдлийн тэжээлийн системийг мөн патентжуулсан юм. Энэ нь АНУ-ын эрчим хүчний хангамжийн стандарт болсон байна.

Гэрлийн чийдэн нь тосон дэнг бодвол хямд төсөр, аюул багатай байснаас гадна байн байн тосоор цэнэглэж “тордох” шаардлагагүй байсан юм. Гэвч цахилгаан гэрлийн үүсэл нь “Цахилгааны эрин үе”-ийн хувьд ердөө эхлэл нь байлаа. Хүн бүр гэртээ, ажил дээрээ гэрэлтэй байхын тулд цахилгаан үйлдвэрлэх станц, түүнийг дамжуулах шугам хэрэгтэй болох нь тодорхой. Мэдээж хэрэг цахилгааны хэрэглээ нь дан ганц гэрлээр хязгаарлагдахгүй юм.

1882 он. Нью Иорк хотын Манхэттен дүүргийн Пеарл гудамжинд дэлхийн хамгийн анхны дулааны цахилгаан станц байгуулагдав. Pearl Street Station станц нь 100 киловаттийн цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий хүчирхэг технологиор тоноглогдсон байсан ч ойрын 0,8км зайд л цахилгаан түгээх боломжтой байсан байна.

Энэ нь тогтмол гүйдлээр цахилгаан дамжуулдаг байсантай холбоотой. Тогтмол гүйдэл нь хувьсах гүйдлийн бодвол аюул багатай, хянах боломжтой хэдий ч нарийн утас ашиглан хол зайд хүрэх боломжгүй байв.

1884 он. Никола Тесла хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн туршилтын загвараа өвөртлөн АНУ-г зорив. Тесла бараг ирсэн даруйдаа л Эдисоны лабораторид ажиллаж эхэлсэн юм. Томас Эдисон шинэ ажилтнууддаа хэцүү, бараг боломжгүй даалгавар өгч сорих дуртай нэгэн байв. Никола Тесла өгсөн үүрэг даалгаврыг чадварлаг, бүтээлчээр шийдэж чаддаг байсан тул Томас Эдисон түүнийг ихэд үнэлдэг байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Никола Тесла хувьсах гүйдлын хөдөлгүүрээ Томас Эдисонд танилцуулав. Томас уг саналыг огтоос хүлээж аваагүй юм. Учир нь тэрээр хувьсах гүйдлийг бий болгох баттай эх сурвалжийг бий болгох нь бараг боломжгүй, хэрэглээнд нэвтрүүлэхэд хэтэрхий аюултай гэж үздэг байсан байна. Харин үүний оронд одоо байгаа тогтмол гүйдлийн хөдөлгүүрийг сайжруулж чадвал 50000$ өгье гэж амласан байна. Никола Тесла ч уг хүсэлтийг хурдхан биелүүлээд амласан шагналаа нэхэхэд нь Томас Эдисон “Чи Америк маягийн хошигнол ойлгодоггүй хүн юм, Тесла!” хэмээсэн гэдэг.

Нэгэнтээ хүндэлж биширдэг байсан зохион бүтээгч Томас Эдисоны гаргасан үйлдэлд дур гутсан Никола Тесла ажлаасаа гарч, хувьсах гүйдлийн тухайд өөрийнхөө зөв гэдгийг батлан харуулахаар сэтгэл шулуудан ажиллаж эхэлсэн юм.

Тэр үед цахилгааны "Стандартын дайн" эхэлсэн байна. Никола Теслагийн хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн санаа нь цахилгааны хүртээмжийн хүрээг өргөсгөж, холын зайнд хүрэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход оршиж байсан юм. Энэ нь Томас Эдисоны Нью Иоркод байгуулсан 18 дулааны цахилгаан станцийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Томас Эдисон цахилгааны эрин үеийг гэрлийн чийдэнгээр эхлүүлсэн хэдий ч үр ашиг багатай, энергийн алдагдал ихтэй тогтмол гүйдлийн зах зээлийг эзэгнэх зорилготой чадварлаг бизнесмен байсан. Томас Эдисон өөрийнхөө бүтээлийг хэр их ашигтай байхыг олж хардаг байсан гэхэд болно. Харин Никола Тесла бүтээсэн зүйлээ хэрхэн үр ашигтай, өндөр бүтээмжтэй байж чадахыг илүүтэйгээр анхаардаг байлаа.

Цахилгааны хэрэглээг хүн бүрт хүргэж боломжтой Никола Теслагийн бүтээлийг тухайн үеийн том бизнесменүүдийн нэг Жорж Вестингхаус сонирхож эхлэх болжээ. Жорж Вестинхаус түүний хувьсах цахилгаан хөдөлгүүр патентийг цаашид гарах 735.5 ватт(нэг морины хүч) тутамд 2.5 ам.доллар төлөхөөр тохиролцон худалдаж авав. (Одоогийнхоор 1.4 сая ам.долларын гэрээ юм) Ингээд Вестинхаус Электрик компаний эхлэл тавигдсан юм.

Томас Эдисонд энэ нь хүнд цохилт болох нь ойлгомжтой. Тэрээр өөрийн технологийг сайжруулан өрсөлдөхийн оронд олон нийтэд хувьсах цахилгаан гүйдлийг аюултай хэмээн ухуулан сурталчилах арга хэмжээ авч эхэлсэн нь харамсалтай. Ноён Эдисон хувьсах гүйдлийг нохой, муур, морь, заан гэх зэрэг амьтад дээр “туршсан” байдаг.

Хувьсах гүйдэл аюултай! Хүний амь эрсдэж ч болно! гэсэн ухуулах хуудас Нью Иорк хотоор тархаж эхлэхтэй зэрэгцэн гудамжны золбин ноход нэг нэгээрээ алга болж эхлэв. Эдисон Электрик Лайт компаний ажилтнууд золбин нохойг нэг бүрийг нь 50 центээр худалдан авч, олны өмнө цахилгаан цохиулдаг “үзүүлэн тоглолт” хийж эхлэв. Гэвч хувьсах гүйдлийг аюулыг олонд таниулахад “амьтад хангалтгүй” байлаа.

Хожим 1903 онд Лон Анжелес хотод Топси хэмээх циркийн заан гурван хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Томас Эдисон уг зааныг худалдан авч, ээлжит “шоу”-ндаа ашигласан юм. Топсиг 6000 вольтын хувьсах гүйдлээр цохиулж олны өмнө “цаазалсан” гэдэг.

1890 он. Хүн амины хэргээр ялын дээд хэмжээ авсан ялтан Виллиам Кеммлер гэгч этгээд цахилгаан сандалын “анхны хэрэглэгч” болжээ. Тухайн үед хэрэгжиж байсан хувьсах гүйдлийн эсрэг “компанит ажил” амжилттайгаар ажил хэрэг болж эхлэв. Хувьсах гүйдлийн эсрэг үзэлтэн Харолд П. Браун болон Томас Эдисоны нарын зохион бүтээсэн цахилгаан сандалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд албан ёсоор хэрэглэж эхлэв.

Эдисоны цахилгаан шоронгийн сандлууд Вестингхаусын генератораар тоноглогдсон байв. Эдисоны компани "Алуурчныг байшинд оруулахгүй байцгаая" уриан дор зар сурталчилгааны ажлыг даруй эхлүүлэв. Вестингхаус Эдисонд цахилгаан үүсгүүрээ зарахыг хориглож байсан ч Эдисон зуучлагчдаар дамжуулан худалдаа хийсээр байв. Гэвч Эдисоны бүх хүчин чармайлтыг үл харгалзан хувьсах гүйдэл ялсан юм. Учир нь хувьсах гүйдэл нь тогтмол гүйдлээс бүх талаараа илүү байсан юм. 110 вольтын хүчдэлийн хувьд илүү хүчирхэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гарч ирэх хүртэл хэрэглээнд хангалттай байсан аж.

Цахилгааны сүлжээнд гарах алдагдлыг бууруулахын тулд тэд анхны шийдлийг гаргаж ирэв - байшингийн цахилгаан утсыг гурван утастай болгосон: нэг нийтлэг утас, хоёр фазын утас. Фаз тус бүрийн нийтлэг утастай харьцуулахад 110 вольт, фазын утаснуудын хооронд 220-240 вольт (шугамын хүчдэл) гүйнэ. Хүчтэй цахилгаан хэрэгсэл (агааржуулагч, цахилгаан зуух, угаалгын машин) нь шугамын хүчдэлд холбогддог. Европын 220 вольтын стандарттай харьцуулахад АНУ-ын эрчим хүчний сүлжээ нь нэг давуу талтай: хэрэв та санамсаргүйгээр гаралтын утсанд хүрвэл үхлийн магадлал хамаагүй бага юм. Өөрөөр хэлбэл та 110-120 вольтын хүчдэлд цохиулна гэсэн үг.

1962 оноос хойш АНУ-ын бүх шинэ цахилгаан сүлжээнүүд зөвхөн 120 вольтын хүчдэлд холбогдсон байна (Хаана гэдгээс шалтгаалж 114-ээс 126 вольт хооронд хэлбэлзэнэ). Гэхдээ хүмүүс олон жилийн өмнөхийн адил "110 вольт залгуур" гэж хэлдэг хэвээр байгаа аж.

АНУ энэ аргаар зах зээлээ гадаадын үйлдвэрлэгчдээс хамгаалж байна гэсэн буруу ойлголт байдаг. Хүчдэлийн ялгаа нь үйлдвэрлэгчдэд удаан хугацааны туршид ямар ч асуудал үүсгэлгүй ирсэн. Одоо үед бүх төхөөрөмжийг тухайн бүс нутагт тааруулан үйлдвэрлэх болсон.

Орон орны залгуурууд

Орон орны залгуурууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()