Нэгэн цагт Евразийн нутгаар савагт хирс өргөн тархсан байв. Ялангуяа Англи, Хятад, Өмнөд Солонгос хүртэл тархсан байсан гэж эрдэмтэд тоцоолдэг. Ойролцоогоор 14,000 жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зүйл устаж үгүй болжээ.
Олдсон 2.4 метр урт хирс нь ойролцоогоор 3-4 настай байсан бөгөөд Якутын Абийский улус дахь Тирехтях горхины ойролцоо нас баржээ. Түүний сэгэн дээр тогтсон шороон давхаргын ачаар ноосны өнгө нь хэвээр хадгаладжээ.
Энэхүү амьтныг нутгийн оршин суугч Алексей Саввин анх олжээ. Тэрбээр даруй орон нутгийн удирдлагад мэдэгдэж, дээжийг Якутск руу тээвэрлэн цааш нь судлав. Мэргэжилтнүүд хирсийг гэсгээгээд үхлийн шалтгааныг тодруулах анатомийн шинжилгээ хийж эхэлжээ. Эхний туршилтуудын нэг нь түүнийг махчин амьтдын, ялангуяа тэр үед тухайн бүс нутагт амьдарч байсан агуйн арсланд хазуулсан шинж тэмдэг байгааг илрүүлсэн байна. Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Шинжлэх Ухааны Академийн Маммот амьтны аймгийг судлах хэлтсийн тэргүүлэх судлаач Валерий Плотников энэхүү хирсийг тун сайн халгалагдсан байна гэдгийг онцолжээ. "Хирс нэлээд сайн хооллож байсан гэдгийг аль хэдийнээ нунтаг бодис болж хувирсан өөхний давхарга харуулж байна" гэж тэр хэллээ.
Түүний хамтрагч биологийн шинжлэх ухааны доктор Альберт Протопопов хирс усанд живсэн байх магадлалтай гэж нэмж хэлэв. Амьтны хүйс одоог хүртэл тодорхойгүй байгаа ч эрдэмтэд удахгүй үүнийг ил болгоно гэж найдаж байна. Өөр нэг эрдэмтэн Геннадий Боескоров хирсийн урт нь 236 сантиметр урт байгааг тогтоожээ. Энэ нь насанд хүрсэн хирсээс нэг метр орчим бага байгаа учраас энэхүү үзүүлэлт түүнийг өсвөр насандаа байсныг илэрхийлж байгаа гэнэ.
Мэргэжилтнүүд энэхүү хирс мөсөн булагдсаны ачаар биеийн 80 хувь гэмтэлгүй хадгалагдаж үлдсэн болохыг тогтоожээ. Гэхдээ энэ нь түүний ДНХ-г гаргаж авахад хангалттай эсэх нь тодорхой бус байна. 2020 оны наймдугаар сард өөр нэг хирс олдсон боловч түүний тухай мэдээллийг сарын өмнө ил болгосон юм. Эрдэмтэд түүний насыг хараахан тогтоогоогүй байгаа боловч ойролцоогоор 25,000-аас 40,000 жилийн өмнө амьдарч байсан гэж таамаглажээ. 2010 онд үүнтэй төстэй араатан Якутад олдсон бөгөөд түүнийг Саша гэж нэрлэсэн байна.