Харьцангуй саяхныг хүртэл "Ареодярекпут" нь хойд зүгийн олон ард түмний дунд байсан боловч өнөөдөр энэ заншил Сибирийн ард түмэн, эсвэл Аляска, Умард Канадын Эскимосуудын дунд бараг байхаа больжээ. Эхнэр нөхөр солилцох ёс нь хамгийн алслагдсан нутгууд хүртэл эх газрын соёлтой холбогдсоноор үгүй болж эхэлсэн байна.
20-р зууны дунд үе хүртэл ийм ёс Арктикийн ард түмний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эскимочуудын амьдралд олон бэрхшээлүүд бий. Асар хүйтэн температур, хоол тэжээлийн зохисгүй байдал, эрүүл ахуйн байдал муу, эмнэлгийн тусламж дутагдалтай байгаа зэрэг нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадавхид ихээхэн нөлөөлсөн.
Эскимо эмэгтэйн хүүхэд төрүүлэх тохиромжтой нас нь маш богино байсан ч эсрэгээрээ тэдний дунд үр удмаа үлдээх нь үргэлж чухал үүрэг байсаар ирсэн. Хэрэв эхнэр нь нөхөртөө хүүхэд төрүүлж өгч чадахгүй бол тухайн эрэгтэй найзынхаа эхнэрийг "түрээсэлж" хүүхэдтэй болдог байжээ. Мөн эсрэгээр нь гэр бүлийн тэргүүн нь эхнэрээ жирэмслүүлэх чадваргүй болсон тохиолдолд эмэгтэй өөр эрэгтэйд түр хугацаагаар очиж болно.
Ийм солилцооны үр дүнд төрсөн хүүхдүүдийг тухайн гэр бүл өөрсдийнх гэж үздэг бөгөөд өчүүхэн ч ялгаваргүй ханддаг. Эскимогийн гэр бүлүүд хүүхдүүдэд үргэлж онцгой ханддаг байсан тул хэзээ ч өнчин хүүхэд гэж байгаагүй байна. Өөрөөр хэлбэл эцэг эх нь өсгөсөн л бол цэвэр өөрийн хүүхэд гэж үздэг юм.
Хойд нутгийн ард түмний дунд нялхсын эндэгдэл маш өндөр байсан бөгөөд хүүхэд бүр, ялангуяа хөвгүүн буюу ирээдүйн анчин, тэжээгч нар нь алтнаас илүү үнэтэй байсныг энэ нь харуулна. Эскимочуудын итгэл үнэмшил нь тэднийг үр удмаа үлдээхэд оршдог бөгөөд тухайн гэр бүл дор хаяж нэг хүүхэд байхгүй бол заяагүй гэж ад үзэгддэг аж.
Эскимочууд нас барсны дараа хойд ертөнцөд настай эмэгтэйн төрхтэй сүнс тэднийг угтдаг гэж үздэг байв. Тэрбээр хамгийн түрүүнд талийгаач дэлхий дээр үр удмаа үлдээсэн эсэхийг асуудаг. Нааштай хариулт авсны дараа Эскимогийн сүнсийг үргэлж шинэ махаар дайлдаг мөсөн гэрт хүргэдэг гэдэг. Харин талийгаач хүүхэдгүй байсан бол настай эмэгтэй түүнийг мөстсөн нууранд хаядаг гэнэ.
Ареодярекпут заншлын өөр нэг шалтгаан нь хөвгүүдтэй болох хүсэл байв. Хойд нутагт хөвгүүд нь ирээдүйн тэжээгч байсан тул хөвгүүдийг охидоос илүү үнэлдэг аж. Хэрэв Эскимогийн эхнэр түүнд удаа дараа охид төрүүлж өгсөн бол түүнийг хүүтэй хөршдөө хэсэг хугацаанд өгөх ёстой байдаг.
Дээр үед Эскимо, Чукча, Эвенк нар тосгонд зочилсон гадаадынханд эхнэрээ санал болгодог байжээ. Мэдээж энэ нь цус сэлбэх зорилготой. Арктикт зөвхөн залуу, хүчирхэг, эрүүл анчид болон сайн удамтай эхнэр нарыг л үнэлдэг байсан учраас атаархал, хардалт гэдэг ойлголт байгаагүй байна.
Мөн ахан дүүсийн холбоо тогтоох үүднээс эхнэр солилцох нь элбэг байжээ. Ингэсэн эрчүүд цусан ах дүүсээс илүү дотно гэж тооцогддог аж. Ихэнх тохиолдолд эхнэрүүдээ олон удаа солилцсон хүмүүс "зүрхний бүлгүүд" гэж нэрлэгддэг байжээ.
"Солилцооны эхнэр" -ийн чиг үүрэг нь зөвхөн үр удам тээж төрүүлэхээр хязгаарлагдахгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тухайн эмэгтэй очсон айлдаа хувцас оёж угаах, хүүхэд хөгшдийг асрах, хоол хийх зэргээр гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэдэг байв.
Хэрэв таны эхнэр өвчтэй эсвэл бага насны хүүхдээ асран халамжилж байсан бол найзаасаа зээлсэн эмэгтэй түүнийг бүрэн орлож, гэрийн ажил гүйцэтгэж, олзоо нядлахад тусалж, хүйтэн туйлын шөнө халуун дулаан, хайр энэрлээр хангадаг байна.
Өнөөдөр эхнэрээ солих хэрэггүй болжээ. Хүчирхэг цасны мотоцикл, моторт завь, радио холбоо, интернет нь Эскимогийн ертөнцийг илүү авсаархан болгосон тул одоо нэг залуу өөр суурийнгийн охинтой гэрлэхийн тулд амь насаараа дэнчин тавьж, олон долоо хоног аюултай замд гарах шаардлагагүй болжээ. Христийн шашин нь хойд нутгийн хүмүүсийн зан заншилд мөн нөлөөлж, ийм төрлийн ёс заншлыг үгүй хийсэн байна.