Гэхдээ энэ гоо үзэсгэлэн нь том аюулын дохио юм. Хиймэл дагуулууд үүргээ бүрэн гүйцэт биелүүлж чадаагүй тул хүн төрөлхтөн дрон ашиглан энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авсан байна. Дээрх мэдээллээр энэхүү нутгийг судлах, тэдгээрийн өөрчлөлтийг засахын тулд эрдэмтэд арга зам хайсаар байна. Дронууд нам өндөрт нисэж илүү нарийвчилсан мэдээлэл цуглуулах боломж олгодог аж. Цаг уурын өөрчлөлтийг илүү тодорхой бүртгэж авахын тулд тусгай мэдрэгчийг дрон дээр суурилуулжээ.
Хойд туйл гэрэл болон нар хангалттай үздэггүйн улмаас энгийн камераар зураглах нь бараг л боломжгүй юм.
Хамгийн чухал нь энэхүү мөнх цас, мөсөөр хучигдсан нутаг ногоон болж байна гэдэг нь маш том аюулын эхлэл билээ. Ургамал ногоо мөс хайлах явцыг бүр ч хурдасдаг бөгөөд энэ нутагт жилээс жилд ургамлын хэмжээ нэмэгдсээр байгаа юм.
Хуучин цагт зуны цөөн хоногт энэ нутагт хэдхэн хоногийн турш өвс ургаад буцаад цасанд хучигддаг байжээ. Гэтэл илүү дулаарч байгаагийн нөлөөгөөр бут хүртэл ургаж эхэлсэн байна.
Өвөл дахин цас орох үед бут нь тэдгээр цасыг нягтаршиж, цэвдэг болоход саад учруулна. Чухамдаа бутнаас болж хүйтэн жавар хөрсөнд хангалттай нэвчдэггүйн дээр хавар болоход бутнууд нарны гэрлийг шингээж, дулаан улам бүр нэмэгддэг. Үүний нөлөөгөөр хөрсний температур өсөж, дулаарах хурд улам бүр нэмэгдэх аж.
Мөн халсан хөрснөөс метан ба нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Ингэснээр хүлэмжийн үр нөлөөг нэмэгдүүлэх болно. Хэрэв энэ эрчээрээ мөс хайлсаар байвал хэдэн жилийн дотор бүх мөс ор мөргүй алга болохдоо тулжээ.
Байгаль, цаг уурын өөрчлөлтийн мэргэжилтнүүдийн хийсэн өнгөрсөн жилийн судалгаагаар 15 жилийн дараа хойд туйл зуны улиралд ямар ч мөсгүй болох төлөвтэй байна гэдгийг харуулсан. Мөсний талбай 2020 оны намар түүхэн доод хэмжээнд хүрсэн болохыг хиймэл дагуулын 40 жилийн өмнөх харьцуулалт харуулсан юм.
Энэ бүсийн дулаарал нь дэлхийн байгаль орчны нөхцөл байдалд шууд нөлөө үзүүлэх болно. Амьтад газар нутгаа алдаж, оршин тогтнох үндэс суурь нь аюулд орох эрсдэл нөмрөөд байна. Махчин амьтдын идэш тэжээл олох замд урсаж буй мөс саад болох бөгөөд цагаан баавгайн үүр хайлж, тоо толгой нь устахад хүрнэ. Амьд үлдэхийн тулд ан амьтад шинэ газар нутаг хайх эсвэл хүмүүс дээр очих замаар анчдын олз болох нь дамжиггүй.
Асуудлыг шийдэх ямар сонголтууд байна вэ?
Одоогийн байдлаар нөхцөл байдлыг хянах л үлдээд байна. Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн төсөл, компани, аж ахуйн нэгжүүдийн олон нийтэд өгөх амлалтуудаас гадна аль болох олон хүн үүнийг сурч мэдэхийн тулд мэдээлэл түгээх нь чухал юм.