Бельгийн Антверп мужийн Мол хот дахь "Hemelrijck" өндөр настны асрамжийн газарт Санта Клаус зочлохдоо зул сарын баяр баяслын хамт Ковид-19 "авчирсан" байна.
Ахмад настнууд болон тэндхийн ажилтнуудын халуун дулаанаар угтан авсан Өвлийн өвөө маань уг үйл явдлаас гурван хоногийн өмнө коронавирусын шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан байсныг "DailyMail" мэдээлжээ.
Өвлийн өвөөгийн биеийн байдлын талаар мэдсэн албаныхан тэр даруй асрамжийн газрынхныг шинжилгээнд хамруулахад 75 хүнээс халдвар илэрчээ. Тэдгээрээс 61 нь ахмад настнууд, бусад 14 нь тэндхийн ажилтнууд байсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр өвлийн өвөө ахмад настнуудад бэлэг өгч, тэдэнтэй хамт суун ярилцаж багагүй хугацааг өнгөрүүлжээ.
Мол хотын захирагч Вим Каиерс хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Асрамжийн газрынхны хувьд хар өдөр боллоо. Санта Клаусын дүрд тоглосон эр, тэндхийн ажилчид, зохион байгуулагчдын сэтгэл санаа хүндхэн байгаа" гэжээ.
Асрамжийн газрын удирдлага мэдэгдэхдээ тэр өдөр хүн хоорондын зай барих дүрмийг сайтар мөрдсөн гэсэн боловч авахуулсан зургууд нь үүнийг үгүйсгэж байгаа юм. Түүнчлэн амны хаалт зүүгээгүй хүмүүс мэр сэр харагдсан байна.
Хотын захиргаанаас "Hemelrijck" асрамжийн газрыг "Туйлын хариуцлагагүй байгууллага" хэмээн буруушааж, олон хүний амь насыг эрсдэлд орууллаа гэжээ.
Гэхдээ Бельгийн нэртэй вирологч Марк ван Ранстын үзсэнээр энэ явдал бүхэлдээ Өвлийн өвөөгийн буруу биш байх магадлалтай ажээ. Ганц "супер халдвар тараагч"-ийн нөлөөгөөр нэг дор ийм олноороо халдвар авах ёсгүй хэмээн тэр үзсэн байна.