Моника Беллуччи, Венсан Кассель нарын дуулиант хайрын түүх

Хүн төрөлхтний хайрын түүхэнд анхны харцаар дурласан тохиолдол олон байдаг билээ. Гэхдээ үүний яг эсрэгээр анх бие биедээ дургүй байсан ч яваандаа нэгнийхээ сайхан талыг олж харсан европын энэхүү алдартай хосын түүхээр уянгын зохиол ч бичиж болох баялаг ажээ. 

Моника Беллуччи, Венсан Кассель нарын дуулиант хайрын түүх

Тэд анх залуу бизнесмен Макс, хачирхалтай үл таних бүсгүй Лиса хоёрын хайрын түүхийг өгүүлэх "The Appartment" уран бүтээлд хамтран тоглох үедээ танилцсан байна. Тухайн үед бараан үстэй итали бүсгүй франц жүжигчин залуугийн сэтгэлийг төдийлөн булаагаагүй гэнэ. 

Хайр сэтгэлийн холбоо үүсэх нь бүү хэл, тэдний дунд бүр таагүй харилцаа бий болсон байна.  Ихэмсэг франц эр найруулагчдаа гол дүрийн эмэгтэйг дотуур хувцасны модель биш, өөр франц жүжигчнээр солихыг санал болгосон нь Моникагийн зэвүүг хүргэсэн аж. Улмаар зураг авалтаас бусад нөхцөлд жүжигчид хоорондоо харьцахгүй байхаар нэг нэгнээсээ зайгаа барьдаг байв. 

Зураг авалт дууссаны дараа кино багийнхан баяраа тэмдэглэж хөгжилдөхөөр шийджээ.  Гэтэл цэнгээний газрын үүдэнд зогсох нэг бүсгүй франц жүжигчний харцыг өөрийн эрхгүй булаасан байна. Яг л "The Apartment" киноны Максын дүр шигээ зориглон, үзэсгэлэнт бүсгүйтэй танилцахаар ардаас нь очиход "дотуур хувцасны модель" хэмээн хочилж байсан Моника Беллучи байсан аж. 

Ингээд тэдний хооронд хайрын оч тун богино хугацаанд ассан юм. Нөхцөл байдал эргэсэн мөчөөс хойш хосууд камерын өмнө хамтарч тоглоогүй бөгөөд хамт байх гэж ч яараагүй. Хэсэг хугацаанд өөрсдийн карьераа үргэлжлүүлэхээр эх орондоо буцацгаасан байна. 

Дурлалт бүсгүйтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлэхийг тулд Венсан Моника Беллучийг франц найруулагчдад санал болгож эхэлснээр дахин хамтрах болжээ. Гэтэл 1999 онд залуу эр ноцтой осолд орсон бөгөөд үүнээс хойш хосууд харилцаагаа албан ёсны болгохоор шийдсэн байна. 

Хуримын ёслолын дараахан Моника эх орондоо буцжээ...

Венсант хайртай бүсгүйгээ бусад залуустай маш их харддаг байсан нь ийнхүү бүсгүйг хэцүү байдалд оруулсан гэнэ. Моника урьд өмнө нь Жорж Клуни, Кеану Ривз, Брьюс Уиллис тэргүүтэй алдартнуудтай уулздаг байсан юм. Тэр өөрөө ч энэ талаар ам нээхдээ: 

"Хүнд байгалиас заяасан мэдрэмж л хамгийн чухал нь байхад хамтрагчаа солих тийм ч буруу биш шүү дээ. Тийм болохоор Венсантай би үүрд хамт байна гэж би амлаж чадахгүй." гэж хэлж байсан юм. 

Гэхдээ Венсан ч хардуулах олон шалтгаан үүсгэж байжээ. Түүний нэг нь Холливуд од Женнифер Эннистонтой холбогдсон явдал байлаа. Олны дунд тархах болсон цуурхалд Моника харьцангуй тайван хандсан бөгөөд "Хардалт бол хүний эрх чөлөөг боомилж байна гэсэн үг." хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан удаатай. 

Хов жив, хоосон таамаглал бүхэн 2004 онд эцэс болов. Хосууд Дева Кассел хэмээх охинтой болсон ба зургаан жилийн дараа Леоне Кассел хэмээх өөр нэг охин төрсөн юм. Олон ч хүн Венсан, Моника хоёрыг хоорондоо хамгийн тохирсон хосууд гэж нэрлэж эхлэв. Тэдэнд үл ойлголцох, маргалдах үе байсан боловч хэзээ ч олон нийтийн өмнө асуудлаа дэлгэдэггүй байсан.

Моника Беллучи ба түүний том охин

Гэхдээ зарим цуурхал тийм ч амар арилаагүй бөгөөд тэдгээрийн нэгэнд Моникаг нөхрийнхөө сэтгэлийг өөртөө эргүүлэхийн тулд гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхээр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гэх яриа бий. Хэд хэдэн удаа үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй зугаалж яваад папарацциудын дуранд өртсөн Венсаны үйлдэл ийм таамаг тарахад нөлөөлсөн байх боломжтой  ч хосууд бусдын хэл ам, дуулиан шуугианаас залхаж хүүхдүүдээ тайван өсгөхөөр Бразил руу нүүсэн ажээ. 

Харамсалтай нь дэлхийд танигдсан алдартай хос гэрлэлтээ авч үлдэж чадалгүй, 2013 онд салсан юм. Хэрүүл маргаан, дуулиан шуугиан бололгүй чимээгүйхэн дуусгасан тэдний харилцаанд ихэнх хүмүүс Венсаныг буруутгаж байлаа. Гэвч энэ талаар Моника: 

"Гэр бүлээ цуцлуулах санааг би гаргасан. Бид тус тусдаа ертөнцтэй хүмүүс байсан учраас өөр өөрсдийн замаа хөөхөөр шийдсэн юм. Бид түүний найзуудыг мэдэхгүй, тэр миний найзуудыг мэдэхгүй. Бид огт өөр амьдралтай хүмүүс байсан." гэж нэг ярилцлагадаа дурдаж байжээ. 

Хосууд харилцаа сайтай үлдсэн байна. Венсан охиддоо аль боломжоороо цаг гаргахыг хичээдэг гэнэ. 

Түүний тоглосон, хамгийн сайн найзынхаа охинтой хайр сэтгэлийн холбоотой болдог "One Wild Moment" киног санаж байна уу? Бодит амьдралд тэрээр модель Тина Кунакитай гэр бүл болсон билээ. Залуухан модель 1997 онд төрсөн бөгөөд хосууд 31 насны зөрүүтэй юм. Тэд 2018 онд бяцхан охиноо өлгийдөн авсан.

Охин Дева Кассель

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()