Энэ бүхэн 2012 оноос эхэлсэн байна. Лорен 24 настайдаа Лос Анжелес хотод загвар өмсөгчөөр ажиллах болжээ. Бүсгүй найзынхаа төрсөн өдөрт очихоор бэлдэж байхдаа гэнэт бие нь тавгүйрхсэн гэнэ. Хүний эрүүл мэнд гэгч зүйл ариун цэврийн энгийн нэг бүтээгдэхүүнээс хамаарна чинээ санаагүй учир тэрээр үүнд нэг их ач холбогдол өгөөгүй ажээ. Тухайн өдөр загвар өмсөгч эмэгтэйн сарын тэмдэг ирж, тампон хэрэглэсэн байна.
Лаурен үдэшлэгт очоод удалгүй гэртээ харьсан гэнэ. Маргааш өглөө нь цагдаа нар загвар өмсөгчийг шалан дээр ухаангүй байхад нь олсон бөгөөд түүний биеийн температур 42 градус хүрсэн байжээ. Тэд даруй түргэн тусламж дуудсан боловч эмч, сувилагч нарын аль нь ч ийм залуу, эрүүл бүсгүйд юу тохиолдсоныг ойлгохгүй байв.
Улмаар бүх зүйл ойлгомжтой болсон бөгөөд бүсгүйн хэрэглэсэн тампон стафилококкийн халдвар тээж байсан нь илэрчээ. Вассер хорт шокын синдром үүссэн гэж оношлогдсон байна.
Лаурен анагаах ухааны үүднээс комд орсон, даралт нь тогтворгүй, зүрхний шигдээс болж долоо хоног хагасын дараа л ухаан орсон байна.
Ингээд түүнд цусны даралтыг тогтворжуулах эм өгсөн ч аюул учруулж болзошгүй байжээ. Амин чухал эрхтнүүдийг аврахыг нэн түрүүнд тавьсан ч үе мөчийг шаардлагатай цусаар хангаж чадаагүй гэнэ.
Хөл нь байнга шатаж буй мэт өвдөж байсныг Вассер ярилцлагадаа дурдсан байна. Халдвараас үүдэж түүний хөл үхжиж эхэлсэн байна.
“Эмч нар миний зүүн хөлийг аврах магадлал 50/50 гэж хэлсэн. Мэс засалчид хоёр хөлөө тайрахыг зөвлөсөн боловч би тэмцэж, зүүн хөлөө аврахаар шийдсэн ” гэж тэр дурсав.
Лаурен баруун хөлийн доод хэсгийг, мөн зүүн хөлийн хуруугаа тайруулсан байна.
Тэр 5 жил алхаж, гүйж чадаагүй. Байгалиас заяасан хөлөө алдсан ч шинжлэх ухааны тусламжтай хиймэл хөл хийлгэсэн байна.
2017 онд Вассер зүүн хөлөө мөн тайруулжээ. Гэсэн ч энэ нь загвар өмсөгчийн хүсэл зоригийг үгүй хийгээгүй юм. Одоо алтлаг хиймэл хөл нь Лаурений нэрийн хуудас болж, инстаграм хаягаараа дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн магтаал, сайшаал, урмын үгийг хүлээж авдаг байна. Түүний дагагчид нь сэтгэлийн тэнхээ, гоо сайхныг нь биширдэг ажээ.
Вассер одоо эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгслийн бүх найрлагыг ил болгох, эрүүл мэндэд хохирол учруулахаас сэрэмжлүүлэх хуулийн төслийг идэвхтэй дэмжиж байгаа юм. Лаурен мөн шүтэн бишрэгчиддээ бууж өгөхгүй байхыг уриалж байна. Тэр туулсан явдлаараа хүн ямар ч сорилтыг даван туулж чадна гэдгийг харуулж байгаа юм. Хамгийн аймшигтай үйл явдлууд ч түүнийг үргэлжлүүлэн амьдрах, өөрийгөө хайрлахад нь саад болоогүй.
Эх сурвалж: wday