Тэдэнд захирагч, соёл, хувийн эд зүйлс хэрэггүй. Омгийнхон зөвхөн өлссөн үедээ л хоол хүнс олохоор явдаг байна. Үүгээрээ дэлхийн бусад хүмүүсээс эрс ялгардаг боловч Пираха нар өөрсдийгөө нэлээд эв найртай, амжилттай хүмүүс гэж үздэг ажээ.
Генетикийн хамаарлын үүднээс Пирахатай хамгийн ойр удмын омог нь Мур индианчууд байх боломжтой юм.
Пираха нар тоо тоолж мэддэггүй бөгөөд алс хэтийн төлөвлөгөө гаргадаггүй байна. Тэдний хувьд өдөр хоног, өдөр тутмын ажил гэж байдаггүй бөгөөд эрч хүчийг бууруулдаг тул нойрыг шаардлагагүй гэж үздэг ажээ.
Тэд хүссэн үедээ хооллодог. Дэлхийн хүн амын 99% -ийг залгиж буй стресс гэгч аюулыг тэд огт мэдэхгүй бөгөөд тийм учраас эдгээр хүмүүс өөрсдийгөө хамгийн сэтгэл хангалуун, аз жаргалтай гэж үздэг юм.
Гэм буруу, ичгүүр, дургүйцэл зэрэг мэдрэмжүүд яах вэ гэж үү? Эдгээр индианчууд ийм ойлголтыг сайн мэддэггүй. Хэрэв хэн нэгэн барьсан загасаа гол руу унагачихвал энэ нь тийм сайн зүйл биш ч үүнийг хийсэн хүн гэм буруугүй юм. Нэг хүүхэд тоглож байхдаа нөгөөгөө гэмтээсэн үү? Шархыг эмчлэх шаардлагатай, харин гэм буруутай хүүхдийг шийтгэх шаардлага байхгүй байна.
Омог нь моногами зохион байгуулалттай ч хэрэв эрчүүд гэрт хангалттай хоол хүнс авчрахаа больсон бол эмэгтэй нь өөр, илүү хичээнгүй, халамжтай хүн сонгох боломжтой байдаг ажээ. Эрчүүд ч мөн адилаар эхнэрээ сольж болдог байна.
1977 онд Амазоны ширэнгэн ойн энэхүү хүмүүст анх Христийн номлол сонсгохоор Даниэл Эверетт ирсэн юм. Тэрээр энд ирээд соёл, шашин шүтлэг болон бусад зүйлгүйгээр аз жаргалтай байдаг хүмүүсийг анх удаа олж харсан байна.
Эверетт 8 жилийн турш уг омгийнхонтой хамт амьдарсан байна. Энэ хугацаанд тэрээр тэдний амьдралыг бүрэн, гүнзгий судалж чаджээ. Тэрээр энэхүү омгийг яаж ч хичээгээд, ямар ч арга ашиглаад Христийн шашинд итгүүлж чадаагүй болохоо тэмдэглэсэн байсан юм.
Омгийн хүмүүс хэзээ ч харж байгаагүй зүйлдээ итгэж шүтэх нь мунхаг хэмээн шоолж байсан ажээ. Хожим Эверетт өөрийн үзэл санаа, итгэл үнэмшлээ бусдад тулгах нь итгэл үнэмшлийн түвшин дэх колоничлол гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Пирахачууд тоолох системийг мэддэггүй. Тэдэнд "хэд" болон "нэлээн хэд" гэсэн хоёр л тоо байдаг гэнэ. Омгийн нэг эмэгтэй өөрийгөө хэдэн хүүхэдтэй болохоо мэдэхгүй байгааг хараад Даниэл Эверетт ихээхэн гайхаж байжээ. Үүнийгээ тайлбарлахдаа тэр эмэгтэй хүүхдүүдийнхээ нэр, царайг нь мэдэж байвал хангалттай, хайрлах нь чухал болохоос хэдүүлээ байгааг тоолох нь чухал биш болохыг хэлж байжээ.
Омгийнхон дунд домог, үлгэр зэрэг байдаггүй. Омгийн хамгийн эртний гишүүдийн хувийн туршлага бол тэдний хувьд бас дурсамж юм. Гэвч энэ нь тэднийг мэдлэггүй гэж байгаа хэрэг биш, Пирахачууд амьтан, шувуу, ургамал зэрэг өөрт хэрэгтэй зүйлсийн талаар арвин мэдлэгтэй байдаг байна.
Ой мод бол Пирахачуудын хувьд гайхалтай цогц организм юм. Тэд өөрсдийгөө энэ зүйлийн нэг хэсэг гэж үздэг боловч байгалийн хүчнээс айж сүрддэг байна. Тэд өөрт ойлгомжгүй нууцыг тайлахыг хичээдэггүй бөгөөд толгойгоо янз бүрийн утгагүй зүйлээр дүүргэх нь огт хэрэггүй гэж үздэг ажээ.
Омгийнхны хэнд ч гипохондриа, сэтгэлийн хямрал зэрэг сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг нь ч илрээгүйг Эверетт тэмдэглэжээ. Зөвхөн өнөөдөр, одоо цагтаа л амьдардаг болохоор арга ч үгүй биз.