АНУ-ын Нууц албанд 5000 орчим хүн ажилладаг бөгөөд тэдгээрийн 2100 нь тусгай агентууд, 122 нь цагдаагийн алба хаагчид, 1700 нь техникийн болон удирдлагын албаныхан байдаг аж. Тусгай агентууд нь албан тушаалтнуудын бие хамгаалагчийн үүргийг гүйцэтгэхээс гадна санхүүгийн гэмт хэргийг мөрдөх ажлыг давхар хийнэ.
Цагаан ордны нууц албаны хувьд (United States Secret Service Uniformed Division) Капитолийн цагдаатай ижил үүрэгтэй бөгөөд тэд Цагаан ордны орчин болон Вашингтон дахь гадаадын дипломат зочдын аюулгүй байдлыг хангадаг.
Цагаан ордны цагдаа (Uniformed Division) нар анх Цагаан ордны цэргийн хүчинд (White House Police Force) харъяалагдаж байсан бол 1971 оноос Нууц албанд Хамгаалалтын гүйцэтгэгч байгууллага (Executive Protective Service) болж, 1979 онд Цагаан Ордны цагдаагийн байгууллага (Secret Service Uniformed Division) болж нэрээ өөрчилсөн байна.
Харин ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн аюулгүй байдлыг Ерөнхийлөгчийн хувийн хамгаалалтын хэлтэс (Presidential Protective Division) хариуцдаг.
Жишээлбэл, Жорж Буш хуягт "Cadillac DeVille" машин унадаг байжээ. Машины дотоод хуяг нь ямар ч төрлийн галт зэвсгээс хамгаалахад зориулагдсан бөгөөд түлшний банк нь дэлбэрэлтээс сэргийлсэн шатдаггүй чигжээстэй.
Дугуй нь бууны суманд өртсөн байсан ч хурдаа алдахгүй байх чадвартай. Цонх нь огт хагарахгүй бөгөөд хаалга нь зөвхөн дотроосоо л онгойдог, гадна талын бариул нь хуурамч байдаг байна. Автомашин дотор сум, нулимс асгаруулагч хий, гар бөмбөг зэрэг зэвсэг байхаас гадна яаралтай тохиолдолд ерөнхийлөгчид сэлбэхэд зориулсан донорын цус бий.
Үүнээс гадна Нууц албанд хэзээ ч өөрчилж болохгүй журсууд гэж байдаг. Жишээлбэл, АНУ-ын ерөнхийлөгч хилийн чанадад айлчлал хийхдээ үргэлж зочид буудалд буудалладаг бөгөөд буудлын нэг жигүүрийг тэр чигт нь түрээслэдэг байна.
Ерөнхийлөгчийн гадаад руу хийх айлчлалд нэлээд эртнээс бэлтгэж эхэлдэг. Цагаан ордонд ерөнхийлөгчийн айлчлалын талаар яриа гарж эхэлмэгц Нууц албаныхан боломжит бүхий л эрсдлийг судалдаг байна. Ерөнхийлөгчийн бүх алхмыг нарийн бичиж төлөвлөнө.
АНУ-ын ерөнхийлөгчийн аялалын бас нэг онцлог нь олон хоногийн айлчлал хийх үедээ Цагаан ордныг бараг л бүхэлд нь авч явдагт оршино. Ерөнхийлөгчийн маршрутын дагуу эхлээд Нууц албаны ажилчид гарах бөгөөд араас нь ерөнхийлөгч олон арван машины цуваа үүсгэж ирдэг байна. Эдгээр автомашинууд дунд ерөнхийлөгчийн хуягт автомашин, хэд хэдэн нэмэлт хуягт автомашин, түргэний машин, холбооны машинууд бий.
Хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж буй Нууц албаны ажилчид нөхцөл байдал бүрт тохирсон хэв маягаар хувцасладаг бөгөөд ихэнхдээ энэ нь хар хослол байдаг.
Гэрэл зурагчдын дуранд тэд хар нүдний шил, холбооны чихэвчтэй өртдөг байна.
Мэдээж, Нууц албаны ажил гэдэг бол маш эрсдэлтэй. 1999 онд Нууц албаны 31 ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар нас барж байсан бол 2003 онд ажил үүргээ гүйцэтгэж явсан 34 Нууц албаны ажилтан амь насаа алдаж, гэмтэж бэртсэн байна. Харьцуулахад, тусгай албаныхан жил бүр 60-70 ажилтнаа алддаг гэнэ.
Орчин үед Нууц албаныхан зөвхөн галт зэвсэг, мэргэн буучийн сумыг тооцоолоод зогсохгүй тэсрэх бөмбөг бүхий нисдэг тэрэг, пуужин гэх мэт илүү өргөн цар хүрээнд эрсдлийг тооцож үнэлэх хэрэгтэй болсон. Жил ирэх тусам Нууц албаныхны хамгаалах ёстой албан хаагчид, эрх мэдэлтнүүдийн тоо нэмэгдсээр л байна.