Энэхүү алдарт барилга нь Истанбулын Фатих дүүрэгт, Босфорын хоолойн баруун эрэгт байрладаг. Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчдыг татдаг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийг анх Византийн эзэнт гүрний гол сүм болгон барьсан юм.
I Юстиниан 532 онд уг байгууламжийг барьсан бөгөөд хуучин Константинополь нэртэй байсан хот нь Византийн эзэнт гүрний нийслэл байжээ. Тухайн үед инженерүүд асар том сүм барихаар Газар дундын тэнгисийн өнцөг булан бүрээс барилгын материал авчруулж байв.
Хожим Гэгээн Софиа нь Дорнын үнэн алдартны шашны төв болж 900 жилийн турш үйлчилжээ.
1453 онд Османы Султан II Мехмед (Фатих) Константинополь хотыг эзэлснээр мянган жилийн турш дэлхийн хамгийн том Христийн сүм гэгдэж ирсэн архитектурын гайхамшиг өөр шашны сүм болж хувирчээ. Османы архитекторууд Софиа дахь Христийн хэв шинжийг устгаж, мусульман шинж чанаруудыг нэмж оруулсан.
Ирээдүйн Бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататюркийн зарлигаар Гэгээн Софиаг музей болгосон юм. 1935 онд нээгдсэнээс хойш энэ нь Туркийн хамгийн их жуулчдыг татдаг аялал жуулчлалын газруудын нэг болжээ.
Софиагийн 1500 жилийн түүх нь Туркийн бүхий л бүлгүүдэд шашин, оюун санаа, улс төрийн асар их нөлөө үзүүлж байв. Гэсэн хэдий ч Ататюркийн шинэчлэлүүд өргөн хүрээний маргаан дагуулж байлаа. Улмаар Эрдоган засгийн эрхэнд гарснаар нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн юм.
1995 онд Истанбулын хотын захирагчаар томилогдсон цагаасаа эхлээд л Эрдоган Софиа сүмийн тухайд Ататюркаас огт өөр үзэл баримтлал хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэр Ататюркийн алдааг залруулж, Софиа сүмийг Исламын шашны ариун мөргөлийн газар болгох учиртай гэж итгэж байжээ.
Мөн энэ үед Исламын бүлэглэлүүд болон мусульманчуудын үйл ажиллагаа гал дээр тос нэмсэн байна. Тэд барилгыг сүм хийд болгохыг шаардаж, 1934 оны Софиагийн ойролцоо шашны ёслол үйлдэхийг хориглосон хуулийг эсэргүүцэж олон жагсаал цуглаан хийв.
Эрдоганы мөрөөдөл, радикал Исламын шашинтнуудын үйл ажиллагаа Туркийн ерөнхийлөгчийг VI зууны Истанбул Гэгээн Софиаг албан мусульман шашны байгууламж гэж тунхаглахад хүргэсэн. Туркийн дээд шүүх уг газрыг музейн журмаар ашиглана гэх тогтоолыг хүчингүй болгосноос хэдхэн цагийн дараа ийм мэдэгдэл хийжээ. Энэхүү шийдвэр нь Христийн шашны төлөөлөгчдийн зэвүүцлийг хүргэсэн нь мэдээж. Энэхүү шийдвэр нь ЮНЕСКО, Дэлхийн сүм хийдийн зөвлөл, Европын холбоо, Австри, Герман, Грек, Кипр, АНУ, Константинополь, Иерусалим, Орос, Грекийн Ортодокс сүмүүд болон Украйны үнэн алдартны сүм, Германы Евангелийн сүм, Ариун үзэлтнүүд гээд газар газрынхны шүүмжлэлд өртсөн байна. Грек Туркийн энэ алхамыг "соёлжсон ертөнцийн өдөөн хатгалга" гэж нэрлэжээ.
Гэгээн Софиа сүм нь шигтгэмэл ханын зураг бүхий сүрлэг чимэглэлтэй. 260 хавтгай дөрвөлжин метр шигтгэмэл нь дотоод засал чимэглэлийн гол хэсгүүдийг эзэлдэг. Таван коридор болон хоёр цамхагийн ханыг XI зууны үеийн 3000 хавтгай дөрвөлжин метр ханын зургаар бүрхсэн байдаг ажээ.
Одоо Гэгээн Софиа сүмийн шигтгэмэл бүтээлүүдийг Византийн урлагийн өвд тооцдог. Шигтгээн зурагт голчлон эзэн хааны хөрөг, Христийн дүр төрх байв.
Ийм гайхамшигтай шигтгэмэлүүдийн нэг бол IX зууны үеийн "апси" шигтгэмэл юм. Энэ бол онгон Мариагийн сэнтий дээр тухлан, нялх Есүсийг өвөр дээрээ суулгаж буй дүрслэл юм.
Өөр нэг бүтээл бол "Пантакратор " шигтгэмэл юм. Энэ бол Эзэн хааны хаалганы дээд талд байрлах Есүсийн дүр ажээ. Түүний бэлгэдэл нь Есүс баруун гараараа ертөнцийг ерөөж, зүүн гартаа судруудыг барьж байгаа юм.
Византийн урлагт сэргэн мандалтын эхлэл гэж тооцогддог дэлхий даяар алдаршсан "Дейзус"-ын шигтгэмэл нь барилгын баруун хойд хананд байрладаг. Баптисм хүртээгч Жоныг баруун талд нь, харин Виржин Мариаг Есүсийн зүүн талд дүрсэлжээ. Харин Христийн дүр Византийн урлагийн энэхүү гайхамшигт бүтээлийн төвд байдаг.