Жина Лоллобрижида зарим ярилцлагууддаа гэнэтийн байдлаар жүжигчин болсон тухайгаа, мөн анхнаасаа зурагчин, эсвэл уран барималч болох хүсэлтэй байсан гэдгээ хэд хэдэн удаа хуваалцсан байдаг. Гэсэн хэдий ч бүгдийг нь хийж чадсан. Жина кино дэлгэцэд олон сайхан дүр бүтээж, гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг чанараараа дэлхийд нэрээ дуурсгасан. Олон мянган эрчүүдийн сэтгэлийг булаасан ч тэрээр өөрийн мөрөөдлөө бүтээж бодит болгож чадсан юм.
Үндсэн хичээлүүд
Алдарт жүжигчний бага нас нь Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд өнгөрсөн ба энэ харгис цаг мөч түүний амьдралын хандлагыг тодорхойлж өгчээ. Жина Лоллобрижида үзэж туулсан айдсаа хэзээ ч мартаж чадаагүй гэдгээ ч хэлж байв.
Гэхдээ энэ туршлага түүний хувь заяанд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Тэр дайны аймшигт үеийг өөрийн биеэр туулсан тул алдар нэр, эд баялаг, эрх мэдлийн нөлөөнд автахааргүй хатуужилтай болжээ.
Түүнийг хүмүүжүүлсэн гол хүмүүс болох ээж, эмээ нь Жина болон түүний 3 эгчийг хатуу чанд журамтай өсгөжээ. Тэд 4 охиныг сувилагч болгохыг хүссэн ч бяцхан Жина амьдралын талаар өөрийн үзэл бодолтой байв. 17 настайдаа тэрбээр анхныхаа орлогыг олж эхэлжээ.
Тэрбээр гудамжинд зураг зурдаг байсан бөгөөд бүтээлүүд нь ч ихээхэн амжилттай байжээ. Тэр үед Жина дуурийн дууны ангид сурч, театрын сургуульд сурч эхэлсэн боловч жүжигчний карьерын тухай биш харин алдартай уран барималч, дуурийн дуучин болохыг мөрөөддөг байв.
Лоллобрижида хэд хэдэн дүрийн саналаас татгалзсан ч эцэст нь кинонд дүр бүтээх саналыг хүлээж авсан нь гоо сайхнаа цэнхэр дэлгэцэнд мөнхлөн үлдээх боломж олгожээ. Гэхдээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж нэрлэгддэг жүжигчин бүсгүй карьерынхаа оргил үед ч эрх чөлөөтэй байхыг юу юунаас илүү хүсдэг байв. Энэ нь түүний амьдралын нэн тэргүүний зарчим болсон юм. Эрх чөлөө түүнд өөрийгөө хадгалж, ойлгох боломжийг олгож байсан ба энэ амьдралын гол зүйл нь хэзээ ч хэн нэгнээс хараат байх ёсгүй гэж бүсгүй үздэг гэнэ.
Жүжигчин ээжээсээ тал бүрийн авьяас өвлөн авсан бөгөөд түүний үүрэг бол чадвараа дэмий зүйлд зориулахгүй байх явдал байв. Кинонд тоглож эхэлснээр тэр дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан ба хамгийн сонирхолтой дүрүүдийг сонгох боломжтой байв.
Найруулагчдын санал улам бүр цөөрч эхэлж, түүнд санал болгож буй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дүр нь уйтгартай санагдах болсон тул жүжигчин бүх хүчин чармайлтаа гэрэл зургийн салбарт зориулжээ.
Тэрбээр Сальвадор Дали (Salvador Dalí), Фидель Кастро (Fidel Castro) зэрэг олон алдартай хүмүүсийн гэрэл зургуудыг авсан бөгөөд түүний "Миний Итали" зургийн цомог нь тоолж баршгүй олон удаа хэвлэгдэж нэгэн төрлийн зурган нэвтэрхий толь болжээ.
Жина Лоллобрижида гэрэл зургаас гадна уран баримал сонирхож энэ салбарт амжилтад хүрч чаджээ. Өнөөдөр ч гэсэн тэр дуртай зүйлээ хийсээр буй.
Түүний залуугаараа байх гол нууц бол уран сэтгэмж гэнэ. Энэ нь Жинад аливаад саруул ухаанаар хандаж, хором мөч бүрийг мэдэрч, үргэлж сайхнаараа байх боломжийг бүрдүүлдэг байна.
Түүний хувьд гадаад төрх цаг зуурын зүйл ба гоо үзэмжинд хэт чухалчилдаггүй байжээ. Жина Лоллобригида жинхэнэ гоо үзэсгэлэн хүний нүднээс далд оршдог тул дэлгэцээр нүцгэн бие бус зүрх сэтгэлийг харуулах ёстой гэсэн санаагаа олон удаа хуваалцаж байсан. Гоо сайхан дотроосоо гэрэлтдэг бөгөөд түүний илрэл нь бодол, сэтгэлээр дамжин гадагш илэрдэг.
Жүжигчин эмэгтэй урт наслахын нууцыг харамгүй хуваалцдаг. Тэр амьдрах хүслээ алдаж болохгүй гэж үздэг ба хэрэв тэгвэл хүн өөрийн тархинд хөгшрөх зөвшөөрөл өгч байна гэсэн үг болно гэдэг. Тэрбээр өөрийгөө зүгээр зогсохыг зөвшөөрдөггүй, үргэлж зураг авч, баримал хийж, дуулж, тоглодог, шувуудын дууг сонсож өдөр бүр гоо үзэсгэлэнг мэдэрч чаддаг ажээ. Түүнд хөгширч, амьдралын болохгүй, бүтэхгүйг бодох цаг байдаггүй байна.
Тэрбээр төгс бие галбиртай байх хэд хэдэн дүрмийг баримталдаг байв.
Хамгийн их стресстэй хуваарьтай байсан ч тэр сайхан амрах цагийг хуваарилж, хоол хүнсээ хэтрүүлэхээс зайлсхийж, будалт, зугаа цэнгэл зэрэг бүхий л зүйлд зохистой байхыг хичээдэг ажээ.
Жина Лоллобрижида өөрийн эрүүл ухаанаар 113 насалсан өөрийн авга эгчийн тогтоосон урт наслалтын дээд амжилтыг эвдэх биз ээ.
Киноны одын хувийн амьдрал нь түүний мэргэжлийн карьераас дутахааргүй гэрэл гэгээтэй байв. Тэрээр ганц л удаа гэрлэсэн боловч түүний хобби, романуудын тухай олон домог зохиож болохоор ажээ.