Дайны үед нацистуудад үйлчилсэн эмэгтэйчүүдийг Францууд "Хэвтээ урвагч" гэж нэрлэдэг байв. Ийм байдлаар өөрийгөө болон улс орноо ичгүүртэй байдалд оруулсан эмэгтэйчүүдийг олны өмнө үсийг нь хусах шийтгэл Дундад зууны үед үүсчээ.
Харин 2-р дайны дараа зөвхөн бие физиологийн хувьд дайсантай ойртсонд бус Германы компаниудад ажилласан, байгууллага, нийгэмлэгт нь элссэн эмэгтэйчүүдэд ч адилхан шийтгэл амсуулжээ.
Энэхүү "хэвтээ" хамтын ажиллагааны үр дүнд Герман аавтай 200 мянга гаруй франц хүүхэд төрсөн гэдэг баримт бий.
1944 оны 6-р сарын 6-нд Францын эсэргүүцлийн хөдөлгөөний санаачилгаар нацистуудад үйлчилсэн бүсгүйчүүдийг дундад зууны аргаар шийтгэж эхэлжээ.
Британийн ерөнхий сайдын хувийн зөвлөх тухайн үед Норманди мужийн Коллевильд явж байхдаа харсан зүйлээ тэмдэглэн үлдээсэн нь: "Гудамжинд зогсож байтал бөмбөрийн нүргээн сонсогдож, ачааны машины урт цуваа ирж яваа нь харагдлаа. 1789 оны Францын хувьсгал дахин болж байна уу гэлтэй байв. Удалгүй хэдэн арван эмэгтэйчүүдийг машинаас буулгаж, хүчээр үсийг нь хусч эхлэв. Тэдний зарим нь хагас нүцгэн, мөн хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд ч байх бөгөөд бараг бүгдийнх нь нүүрэн дээр улаан хас тэмдэг зурсан байв. Ёслолыг үзэж буй хүмүүс карнавал дээр байгаа мэт баярлан хөөрч, шүгэлдэж, уриа хашхирна."
Америкийн нэгэн сурвалжлагч бүсгүй эдгээр зургуудыг авсан бөгөөд үсээ хусуулан шийтгүүлсэн дөрвөн франц эмэгтэйгээс ярилцлага авсан байна. Тэр үед байсан франц эрчүүд өөрийг нь Америк офицер байна гэж андууран эелдгээр мэндэлсэн мөртлөө мөнөөх 4 бүсгүйг урт саваа ашиглан зэрлэгээр зоджээ.
Доорх зурган дээр буй хүүхэд тэвэрсэн эмэгтэй бол тухайн үед 23-тай байсан Симоне юм. Тэрээр Герман компанид бичээчээр ажиллаж байхдаа нэгэн Герман цэрэгтэй хайр дурлалын холбоотой болж, хүүхдийг нь төрүүлсэн байна. Хөрш нь түүнийг Германы тагнуул хэмээн барьж өгчээ.
Зураг дээр түүний аав боодолтой хувцсыг нь барин өмнө нь алхаж яваа нь харагдана.
Энэхүү харгис үйл явдлыг Францын төр болон ард түмэн олон арван жилийн турш дурсаагүй юм. Харин саяхнаас эхлэн түүхчид үүнийг цаад мөн чанар, ёс суртахууны талаас нь эргэцүүлэх болжээ.
Судалгаагаар тэр үед Герман цэргүүдэд үйлчилсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай, ялангуяа дайны улмаас жирийн байдлаар амь зуух боломжгүй болсон байжээ. Гэтэл нийгмийн дээд давхаргын олон төлөөлөл, ялангуяа эмч, хуульч, уран бүтээлч нар нацистуудтай хамтран ажилласан ч шийтгэл амссан нь ховорхон тохиолджээ.
"Германчууд ирэх үед эрчүүд та нар хаана байсан юм?" гэж уг үйл явдлын үеэр нэгэн эмэгтэй хэлж байсан гэдэг.