1
Ус хэмнэх зориулалттай цорго
Япон нь шууд ундны усанд хэрэглэх цэвэр усны асуудалтай орон. Токиогийн хувьд цэвэр усны хангамж нь Хойд Африк, Ойрхи Дорнодтой ижил байдаг гэнэ. Ялангуяа зуны улиралд энэхүү дутагдал маш ихээр ажиглагддаг аж.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ус хэмнэх зориулалттай төхөөрөмж, цорго тогтмол шинээр үйлдвэрлэгддэг байна. Тиймээс ч Япончууд усны хэрэглээг 90% бууруулах тусгай нэмэлт цоргыг усны хоолой дээр суурилуулдаг аж. Олон хүмүүс гэртээ энэ төрлийн төхөөрөмжийг тавихыг хүсдэг ч худалдаж авч чаддаггүй байна. Учир нь ресторан, сургууль, эмнэлэг, үйлдвэрүүд бөөнөөр нь худалдаж авснаар энгийн иргэдэд хүрэлцээ муутай байдаг аж.
2
Бүх зүйл нянгийн эсрэг үйлчилгээтэй
Дэлгүүрт нянгийн эсрэг үйлчилгээтэй бараа бүтээгдэхүүнд зориулагдсан бүтэн тасаг бий. Тусгай химийн шатлалаар орсон бүх бүтээгдэхүүнийг нянгийн эсрэг гэж нэрлэж болох бөгөөд ихэнхидээ цеолит, боргоцойн эфирийн тос болон ногоон цайг ашиглаж ариутгалыг хийдэг байна. Найрлагандаа эдгээр бүтээгдэхүүнийг агуулсан барааны үнэ мэдээж тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
Японд гэртээ, ресторанд гээд хаа сайгүй гутлаа тайлж үйлчлүүлэх хэрэгтэй байдаг учир хөлний үнэр ихээхэн асуудлыг дагуулдаг банйа. Тиймээс 1987 онд япончууд нянгийн эсрэг үйлчилгээ бүхий утастай оймсыг үйлдвэрлэж, нянгийн эсрэг гэх зүйл тренд болсон аж.
Орчин үед шаазан эдлэл, ор хөнжлийн даавуу, тооны машин, унадаг дугуйны бариул, углааш, хиймэл үс гэх мэт бүх зүйл нянгийн эсрэг тусгай химийн шатлалд оруулж ариутгадаг байна.
Японы АТМ-ийн машин нь хэрэглэгчид цэвэрхэн мөнгө өгдөг. Учир нь бохир, нугарсан, хумигдсан мөнгийг 200 градуст ариутгаж, 90% нян нь устаж үгүй болохоос гадна мөнгө нь цоо шинэ мэт болдог аж.
3
Амны эвгүй үнэрийг дарахад заавал бохь зажлах шаардлагагүй
Япончууд амны эвгүй үнэрийг дарахын тулд хлорофил агуулсан эмийг уудаг байна. Бохьноос ялгарах онцлог нь энэхүү бүтээгдэхүүн нь дотроосоо үйлчилдэг бөгөөд амны эвгүй үнэр гарахад нөлөөлөх бодисыг идэвхигүй болгодог аж.
Гэвч уг эмийг хэрэглэснээр хэсэг хугацаанд хэл ногоон өнгөтэй болдог. Харин тусгай болзоо болон ажил хэргийн уулзалтанд бэлдэхдээ япончууд мөөгний гаралтай тусгай нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бөгөөд энэ нь амны эвгүй үнэрийг дарж чаддаг байна. Энэ төрлийн нэмэлтийг хэрэглэснээр арьсны өнгө ч сэргэж байгаа талаар хэрэглэгчид дурджээ.
4
Чих цэвэрлэх гэдэг бол романтик зүйл
Японд дурлалт хосууд нэг нэгнийхээ чихийг цэвэрлэж байгааг харвал хэн ч гайхахгүй. Энэ нь хосуудын төдийгүй бусад гэр бүлийн гишүүдийн хувьд байдаг л нэг энгийн зүйл юм. Уламжлалт ёсоор чих цэвэрлэх гэдэг нь ээж хүүхдийн нандин холбоог илэрхийлдэг байна. Учир нь хүүхдийг нярай байхаас эхлэж ээж л энэ бүхэнд анхаарал хандуулдаг шүү дээ. Засгийн газраас чих цэвэрлэх үйлчилгээг лицензтэй хийх шаардлагагүй гэж үзсэний үндсэн дээр чих цэвэрлэх үйлчилгээг нэвтрүүлж буй маш олон байгууллага байх болжээ. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар чих цэвэрлэх нь тийм ч зөв алхам биш гэсэн аж. Тэд чихний хулхи нь чихэн дотор нян орохоос сэргийлдэг гэнэ.
5
Ичимхий хүмүүст зориулсан тусгай төхөөрөмж ариун цэврийн өрөөнд бий
Япон бүсгүйчүүд нийтийн бие засах газар бие засахаас ихээхэн ичдэг бөгөөд энэ нь бусад хүмүүс түүнийг сонсох вий хэмээн эмээдэгтэй холбоотой гэнэ. Тиймээс дуу чимээг намсгахын тулд тэд тогтмол ус татдаг аж. Хэдийгээр энэ нь ичимхий бүсгүйчүүдэд туслаж байгаа ч ус хэмнэх тал дээр төдийлөн ашигтай биш байсан юм. Ингээд япончууд ус татаж буй мэт чимээ гаргах тусгай төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд ихэнхидээ нийтийн бие засах газрын ханан дээр эсвэл суултуур дотор байрладаг гэнэ. Чимээг гаргахын тулд товчлуур дээр дарах, эсвэл гараараа даллахад л хангалттай. Дахин гараараа даллах үед, эсвэл автоматаар унтардаг байна.
6
Шүд цэвэрлэх гэдэг хамт олноороо хийх зүйл
Япончуудын хамгийн эртний дурсамжуудын нэг бол эцэг эхтэйгээ хамт шүдээ цэвэрлэх явдал юм. Ийнхүү хамтдаа шүдээ цэвэрлэх нь гэр бүлийн харилцааны нэг хэлбэр болдог гэнэ. Японд хоол идсэн л бол бүгд шүдээ цэвэрлэх ёстой байдаг аж. Цэцэрлэг, сургууль, албан байгууллага гэдгээс үл хамаарч бүгд хоолны дараа шүдээ цэвэрлэдэг учир энэ нь багийн тоглоом мэт санагдана. Ихэнхидээ ямар нэгэн дууны аян дээр шүд цэвэрлэдэг бөгөөд энэ нь уйтгартай өдөр тутмын зуршлыг илүү сонирхолтой болгоход чиглэдэг байна.
7
Ариун цэврийн цаасыг гурвалжилж эвхэх
Хэдийгээр энэ аргыг дэлхийн бусад орны томоохон зочид буудалд ашигладаг ч Японы хувьд офис болон гэрт ч хэрэгжүүлдэг байна. Цаасан гурвалжин нь зочин хүлээж авахад бэлэн байгааг илэрхийлэхээс гадна өрөөг саяхан цэвэрлэсэн болохыг харуулна.
Гэхдээ сүүлийн үед энэ нь ариун цэврийн стандартад нийцэх тал дээр маргаантай байгаа юм. Учир нь уг цаасыг бохир гартай хүн ч нугалах боломжтой шүү дээ. Эмнэлэгийн хувьд бохирдлоос хамгаалж ариун цэврийн цаасыг гурвалжилж нугалах хэрэггүй хэмээн зөвлөдөг байна.
8
Япон бүсгүйчүүд нүүрнийхээ үсийг хусдаг
Япон бүсгүйчүүдийн хувьд нүүрний үсээ хусах нь энгийн үзэгдэл. Нүүрний үсийг хусах нь арьс цэвэрлэгээнд илүү сайнаар нөлөөлдөг хэмээн тэд үздэг байна. Үсгүй нүүрний арьсан дээр крем ч хүртэл сайн тогтдог гэнэ. Маш олон салон болон үсчний газрууд бүсгүйчүүдэд энэ төрлийн үйлчилгээг санал болгодог аж.
9
Япончууд гэрийнхээ төдийгүй ойр орчныхоо цэвэр байдалд анхаарал хандуулдаг
Сургуулийн сурагчид өдөр бүр ангиа, сургуулийнхаа коридорыг болон бие засах газраа цэвэрлэдэг. Хүүхэд байхаасаа эхлэж япон хүүхдүүд орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдалд анхаарал хандуулдаг бөгөөд нас ахих тусам тэд Япон орныхоо цэвэр байдалд анхаарал хандуулж эхэлдэг аж. Өөрийн ажиллаж буй офис, амьдарч буй гэрийнхээ эргэн тойрныг цэвэрлэх нь япончуудын хувьд энгийн үзэгдэл. Үүнээс гадна төрөл бүрийн тоглолт, спорт наадмын үеэр ч орчин тойрноо цэвэр үлдээдэг байна.