Харамсалтай бөгөөд итгэмээргүй энэхүү явдал Францын Паркул-Шено (Parcoul-Chenaud) хэмээх тосгонд болжээ. Ганцаараа амьдардаг 80 настай эр оройн хоолоо идэх гээд суутал ялаа дүнгэнээд амраахгүй байжээ. Ингээд тэрээр ялааг алчихаад дараа нь хоолоо идье гэж бодсон байна.
Тэрээр ялааны цахилгаан алуурны тусламжтай шавжийг устгахаар шийджээ. Тор нь гадаргууд хүрсэн тохиолдолд бага вольтын хүчдэл үүсгэж, шавжийг цахилгаанд цохиулж алдаг энэхүү хэрэгслийг европчууд өргөнөөр ашигладаг байна.
Өвгөн ялааг олоод яг цохих мөчид хүчтэй дэлбэрэлт болж, байшингийнх нь дээвэр бүтнээрээ, ханын тэн хагас нь нурж унажээ. Итгэмээргүй үр дүн гарсан шалтгаан нь гал тогоон дахь газын баллон хий алдаж байсантай холбоотой бөгөөд улмаар ялааны алуураас үүссэн цахилгаан дэлбэрэлт болоход нөлөөлжээ.
Азаар өвгөн амьд үлдсэн ч гаран дээрх түлэгдэлтээс болж Либурн хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн байшинг нурааж, дахин барих шаардлагатай болжээ. Харин ялаанд юу тохиолдсон нь одоохондоо тодорхой бус байна.
Эх сурвалж: SkyNews