Алдарт Одри Хепберний араас 42 жил "гүйсэн" эрийн сэтгэл хөдөлгөм түүх

Дэлхийн алдарт "Givenchy" брэндийн үүсгэн байгуулагч эр 42 жилийн амьдралаа ганц л бүсгүйд зориулсан сэтгэл хөдөлгөм түүхийг хүргэж байна.

Алдарт Одри Хепберний араас 42 жил "гүйсэн" эрийн сэтгэл хөдөлгөм түүх

XX зууны гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон бүсгүй Одри Хепберн амьдралдаа 2 удаа гэрлэж байжээ.

1953 онд Одри өөрийн анхны нөхөр, 14 насаар ах Мэл Феллертэй "Roman Holiday" киноны нээлтийн үеэр танилцаж байжээ. Хос хоёр бие биедээ анхны харцаар дурлаж ирэх жил нь хуримын ёслолоо хийсэн байдаг.

Хайр дурлалдаа шатсан Одри тэр жилдээ зөвхөн Мел Феррер оролцсон уран бүтээлд тоглоно гэдэг шийдвэр гаргаж байсан гэнэ. Түүнчлэн бие давхар байхдаа Мел Феррерийн кино зурагт авалтад уйгагүй тусалж, улмаар 2 ч удаа зулбаж байжээ.

Гэвч Мел Феррерийг үнэхээр хариуцлагагүй эр хүн байсан гэж өнөө цагт дүгнэдэг. Эхнэртээ талархаж, хайрыг нь дааж амьдрахын оронд илүүг харж, нууц амрагтай ч болж байсан нэгэн. Эцэст нь энэ бүхнийг тэвчиж чадаагүй Одри хамтдаа өнгөрүүлсэн 10 жилдээ цэг тавихаар шийджээ.

1969 онд Одри өөрийн 2 дахь нөхөр Андре Доттитай Швейцар улсад гэрлэсэн. Гэр бүлээ тогтвортой байлгахын тулд Одри 7 жил кино урлагаасаа хөндийрч жинхэнэ гэрийн эзэгтэй маягаар амьдарчээ.

Харамсалтай нь Андре Дотти шөнийн клубээр байнга эргэлддэг, олон эмэгтэйчүүдтэй дотно харьцаатай нэгэн байсан байна. Ингээд бас л 10 жил холбосон амьдралаа тэр хоёр дуусгажээ.

Амьдралынхаа 20 жилийг худал хуурмаг 2 эрд алдсан Одри үлдсэн амьдралдаа дахин гэр бүл зохиогоогүй билээ. Гэхдээ тэрээр 42 жилийн турш тасралтгүй нэгэн эрийн анхаарал халамжид байжээ. Одриг цөхрөхөд, аз жаргалтай байхад, хуримаа хийхэд, салахад, тэр байтугай энэ хорвоог орхиход нь хүртэл тэрхүү эр түүний хажууд байсан юм. 

Энэ хүн бол та бүхний сайн мэдэх "Givenchy" брэндийн үүсгэн байгуулагч Уберт де Живонши (Hubert de Givenchy) юм.

Живонши нь царай зүсийн хувьд өөлөх зүйлгүй сайхан эрийн зэрэгцээ баян хүний өв залгамжлагч байв. 1950 онд 25 настай Живонши өөрийн загварын студийг байгуулж байжээ.

Тэр жил Одри "Roman Holiday" киноныхоо зураг авалтыг дуусгасны дараа нэгэн шинэхэн уран бүтээлийн санал хүлээж авсан байна. Харин найруулагч нь Одриг өөрөө зураг авалтын хувцсаа сонго гэжээ. Одри анхандаа Баленсиага (Balenciaga)-н үүсгэн байгуулагчийг загвар гаргаж өгөхийг хүссэн боловч завгүй гээд татгалзжээ. Ингээд Одри Живоншитэй уулзсан байна.

Тухайн үед Живоншигийн загвар орчин үеийн хэв маягаараа алдартай байв. Живонши хэлэхдээ “Би анх хувцас авахаар Кэтрин Хепберн ирнэ гэж бодсон ч хажуу айлын богино үстэй охиныг ирнэ гэж огт төсөөлөөгүй гэжээ”.

Тэр үед залуу загварын долоо хоногт бэлдэж байсан бөгөөд танихгүй охинд хувцас хийх цаг байгаагүй тул Одригийн хүсэлтийг хүлээж аваагүй аж.

Ингээд Одри Живоншигийн дэлгүүрт байсан өнгөрсөн жилийнх нь загварын хувцас дундаас сонгосон байна. Харин Одриг сонгосон хувцасаа өмссөний дараа Живоншигийн хувьд цаг хугацаа зогсох мэт болсон гэдэг. Нүдэнд нь огт тусдаггүй байсан охиныг өөрийнх нь загварыг амилуулж, зөвхөн түүнд л зориулж урласан мэт харагдана гэж огт төсөөлөөгүй нь лавтай.

Тухайн үед хувцасны загварын зах зээлийг эзлэхийн тулд нэртэй дизайнер Эдит Хид (Edith Head) тэрхүү даашинзны загвар Живоншигийнх биш өөрийнх нь гэж зарлаж байсан байна. Харин Одри үүнийг мэдсэнийхээ дараа Эдит Хидийг Живоншигээс уучлал гуйхыг шаардсаны зэрэгцээ цаашид өөрийнхөө уран бүтээлд зөвхөн Живоншигийн загварыг өмсөх болно гэдгээ зарлаж байжээ.

Түүнээс хойш Живонши Одригийн бүхий л дүрийн хувцсыг хийснээс гадна өдөр тутамдаа өмсөх хувцсыг нь хүртэл урладаг болжээ. Зөвхөн яаралтай үедээ л Одри өөр брэндийн хувцас өмсдөг байсан гэнэ. Тэгэх бүрдээ Одри Живонши-г уурлахвий гэж байнга утас цохин уучлал хүсдэг байжээ.

Одригийн хувьд Живоншигийн загварыг өмссөнөөр түүний бүтээж буй дүрийг улам үзэсгэлэнтэй болгож өгдөг байсан бизээ. Одри өмнө нь залууд хандан: “Би чиний загварыг өмссөн үедээ дүрдээ шууд ордог” гэж хэлж байжээ.

Харин Живонши “Одри намайг загварын шинэ бүхнийг харахад тусалсан ” гэсэн байдаг.

1957 онд Живонши Одрид зориулж нэгэн шинэ үнэртэй ус гаргасан нь "L'Interdit" юм. Энэхүү үнэртэй ус гарсан эхний 3 жилд зөвхөн Одри ганцаараа хэрэглэдэг байсан юм. Мөн "L'Interdit" үнэртэй ус нь Одригийн амьдралдаа хэрэглэж байсан цорын ганц үнэртэй ус болжээ.

Одри "L'Interdit" үнэртэй усыг худалдан авах болгондоо өөрөө мөнгөө төлж авдаг байжээ. Тэрээр хэлэхдээ “Живонши миний киног үзэх гэж аль хэдийн багагүй мөнгө зарцуулсан” гэсэн байдаг.

Тэрээр нөхөрлөлийн үнэ цэнээ хүндэлдэг эмэгтэй байсныг эндээс харж болох юм.

Живонши 26 наснаасаа эхлэн Одригийн амьдралын бүхий л цаг үед нь хамт байжээ.

Хөгширсөн хойноо ч тэд байнга хамт алхаж ярилцдаг байжээ.

Сүүлд Одри хүнд өвдөхөд Живонши мэдмэгцээ хувийн онгоцоо явуулж Одриг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэдэг. Одриг онгоцондоо суух үед нь онгоц тэр чигтээ амьд цэцгээр дүүрэн байгааг хараад бүсгүй нүд дүүрэн нулимстайгаар “Энэ амьдралд минь ганцхан тэр л миний дуртай зүйлийг мэдэж, яг л жаахан охин шиг эрхлүүлэх юм” гэжээ.

Одри нас барахынхаа өмнө Живоншид өөрийн хамгийн хайртай пальтогоо дурсгаж, “Ганцаардах үедээ энэ пальтог өмсөөрэй, би чамайг чангаар тэвэрч байгаа мэт байх болно” гэж хэлжээ.

1993 онд Одри хорвоог орхисон юм. Түүний оршуулган дээр хуучин нөхөр болон хүүгийнх нь хамт Живонши авсыг нь өргөж авч явжээ.

Живонши хэдий түүнтэй гэрлээгүй ч 42 жил яг л хань шиг нь байсан юм. 

Олон жилийн дараа Живонши Одриг санахдаа “Миний зүрх, миний үзэг, миний загвар бүгд түүнийг дагаж явдаг байсан” хэмээжээ.

2018 онд Живонши унтаж байхдаа таалал төгсжээ. Маш олон хүмүүс түүнийг диваажин руу дурлалт бүсгүйтэйгээ уулзахаар явлаа хэмээж байсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()