1
Адал явдалд дуртай архитектор
Английн архитектор Роберт Стэйси-Жадд 1920-30 оны үед ид дэлгэрч байсан Төв Америк, ялангуяа эртний Майя хэв шинжийн архитектурын урсгалыг сонирхдог байжээ.
Тэрээр 1924 онд АНУ-ын Калифорни мужийн Монрови хотод дээрх хэв маягаар "Aztec Hotel" зочид буудлын барилгыг бариулж байснаараа багагүй нэр хүндтэй болсон байв. Тиймдээ ч Стэйси-Жадд Төв Америкийн эртний иргэншил, түүх соёлыг ихээхэн сонирхдог нэгэн байсныг дурдах нь илүүц байх.
Архитектурын ажлынхаа зэрэгцээ Майягийн соёлын дурсгалт газруудыг судлан Мексикээр олон удаа аялж байжээ.
2
Лолтун агуйд
Түүний очсон олон газрын нэг нь Лолтун агуй (Цэцэгт чулуу гэсэн утгатай) агуй байлаа. Юкатаны хойгт, Мексикийн Oxkutzcab хотоос өмнө зүгт 5 километрийн зайд оршдог тус агуйд эртний Майягийн барилга сууцны үлдэгдэл, ханын зураг их байдаг нь Стэйси-Жаддыг тийшээ зориход нөлөөлсөн бололтой.
Ингээд архитектор нутгийн гурван иргэнийг хөтөч болгон газар доорх аварга орон зай руу оржээ. Агуйгаас буцаж гарах замаа алдахгүйн тэрээр нэг хөтчийг агуйн үүдэнд гэрэл бариулан зогсоогсон байна.
Улам гүн рүү орох тусам түүний болгоомжлол нэмэгдэж, бас нэг хөтчөө агуйн үүдэнд дуу нь хүрэхээр газарт үлдээжээ. Ингээд тэрбээр үлдсэн ганц хөтөчтэйгээ цааш явсан байна.
3
Төөрсөн нь
Хоёр эр аяллаа үргэлжлүүлж байтал агуйн таазнаас асар том чулуу яг зогсож байсан газар нь унажээ. Азаар тэд аймшигт явдал болохоос өмнө ам мөлтөс холдож чадсан байна.
Гэтэл доор чулуу нурах чимээг сонссон үүдэн дээрх хөтөч юу болсныг мэдэхээр байрлалаа орхиж, агуй руу оржээ. Үр дүнд нь тэд агуйгаас яаж гарах талаар ямар ч ойлголтгүй болов.
Удалгүй замын дунд орхисон хөтчөө олж, дөрвүүлээ болсон тэд орж ирсэн мөрөө мөшгин гарах зам хайхаар оролджээ.
Тэгж явтал Стэйси-Жадд чулуун дундах нэгэн нарийхан заагийг олж харсан байна. Зайгаар нь багтаж ороод агуйн нэгэн уужим танхимд орж ирснээ мэджээ. Буцаад гарах гэтэл нүднийх нь буланд бүдэг гэрэл анивалзжээ. Сайн харвал овоолоостой чулуун дээр яах аргагүй хүн шиг биетэй, гартай, толгойтой зүйл сууж байлаа.
"Хүний гавлын ясаар хийсэн бололтой малгайтай, зүүн гартаа хулуугаар хийсэн дэнлүү барьсан, цагаан хувцастай хөгшин эр байсан" хэмээн тэр ярьсан байна.
4
Хөгшин зөнч
Хэл мэдэхгүй тул тэрээр бусад хөтчөө дуудаж, нууцлаг хөгшинтэй яриулсан байна. Хөтөч нар нь англи хэлгүй ч гэсэн тэрхүү хөгшин бол үнэт эрдэнэсийг хамгаалж буй Майягийн зөнч гэдгийг дохио зангаа ашиглан Стэйси-Жадд-д ойлгуулжээ. Мөн зөнч өөрийгөө 1000 гаруй настай гэсэн гэнэ.
Стэйси-Жадд үүнийг хэтрүүлэг гэж бодсон ч гэсэн тэр зөнч үнэхээр 100 хол давсан настай харагдсаныг өөрөө батлан хэлдэг. Хөгшин зөнч тэднийг төөрсөн байгааг ойлгож, агуйгаас гарах замыг нь олж өгсөн байна. "Агуйгаас гарсныхаа дараа зөнчийн зургийг дарж, бас талархсанаа илэрхийлэн гарт нь хэдэн зоос атгуулсан" хэмээн Стэйси-Жадд бичжээ.
Майя зөнч агуй руугаа буцан орсон бөгөөд түүнээс хойш дахиж харагдсан сураг гараагүй байна.