Охиныг 1942 онд төрөлх хот болох Ульсанд явж байхад нь хулгайлж олон зуун километрийн цаана, Хятад руу аваачсан байна. Түүнийг өдөр бүр арваад Япон цэргүүдтэй хүчээр бэлгийн харилцаанд оруулдаг байжээ. Үүнээс хойш их хугацаа өнгөрч, өдгөө И 93 настай ч аймшигт түүхээ мартаж чадаагүй л яваа.
1932-1945 онуудад ойролцоогоор 50000-аас 200000 эмэгтэйг Японы цэргүүдийн зугаа болгон олзолж авчирсан байдаг ба энэ дотор Солонгос, Хятад, Зүүн өмнөд Ази болон Европ эмэгтэйчүүд ч багтаж байв. Тэднийг албаар өлсгөлөн байлгаж, хүчирхийлэн байцаадаг байжээ. Зугтах гэж оролдсон эмэгтэйчүүдийг бусдынх нь нүдэн дээр хөнөөж байв. Тэдний ихэнх нь олон удаа үр хөндөлт хийлгэж, эртний бүдүүлэг аргаар бэлгийн замын өвчнийг нь эмчилж байсны улмаас үлдсэн амьдралдаа хүүхэдтэй болох боломжгүй болжээ.
И одоо 93 настай. Тэрбээр 55 жилийг хүний нутагт өнгөрөөсний эцэст Солонгостоо эргэн ирж, өдгөө өөр 5 хохирогчийн хамт амьдарч байгаа аж. Япончууд өнөө хүртэл хүний санаанд буумгүй дайны гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд албан ёсоор уучлалт гуйж, хохирогчдод нөхөн төлбөр олгох хүсэлгүй байна.
Тэрээр 6 хүүхэдтэй айлын 2 дахь охин нь байсан бөгөөд багаасаа эрдэмтэн болохыг хүсэж байсан ч ядуу тарчиг байдлаасаа болж 15 насандаа нутгийн дэн буудалд ажиллан амь зуудаг байжээ.
Харин 1942 оны 7-р сарын 29-нд үл таних хүмүүс түүнийг барьж аван, Ульсаны галт тэрэгний буудал дээр чирэн авчирч, бусад олон охидын хамт суулган авч одсон аж. Хэдэн өдрийн дараагаар ямар ч хоол ундгүй, үхтлээ айсан охиныг Японы эрхшээл дэх Хятадын Гирин хотод буулгасан байна. Түүний санаж буйгаар буулгасан газар нь хэнийг ч зугтаалгахгүйн тулд цахилгаантай өндөр хашаагаар хүрээлэгдсэн байжээ.
Түүнийг бусад охидын хамт урт хонгилтой байшинд оруулж, хөнжил арай ядан багтахаар жижигхэн өрөөнд тус тусад нь байрлуулжээ. Дайны үед Хятад, Зүүн Өмнөд Азид 400 гаруй иймэрхүү хүрээлэн байгуулсан байдаг.
Цэргүүд өрөө болгоны гадаа дугаарлан зогсож, өмнө орсон цэргээ яаруулж байсныг тэд дурсдаг. Хүрээлэнгүүдийг хүүхэдгүй япон эмэгтэйчүүд хариуцаж, зохион байгуулна.
Япончууд бусад орны эмэгтэйчүүдээс илүү Солонгосчуудад хамгийн бүдүүлгээр хандаж байв. Үүний нэг жишээ нь Япон охидод цагаан будаа, харин Солонгосчуудыг зөвхөн үр тариа болон муудаж эхэлсэн ногоогоор хооллодог байв.
И-гийн хэлж буйгаар нэг охин өдөрт хэдэн арван цэргийг хүлээн авдаг байсан ба амралтын өдөр энэ тоо 40-50 болон өсдөг байжээ. Ихэнх цэргүүд хамгаалалт хэрэглэдэггүй байснаас охид бэлгийн замын халдвар авах нь элбэг байсан.
И зугтах гэж оролдоод баригдсаны дараа түүнийг зэрлэгээр зодож, дахин ингэвэл хөлийн хуруунуудыг нь тастана гэж сүрдүүлдэг байсан ажээ.
Зарим охид эсэргүүцэх гэж оролдоод алуулж байсан бол зарим нь аймшигт харгислалыг тэсэлгүй амиа хорлодог байсан байна.
Чун Ок Сунь (Chong Ok-sun) 13 настай байхдаа Япон цэрэгт хулгайлагдан хүчиндүүлсэн бөгөөд тэр үедээ нүд рүүгээ цохиулан хараагүй болжээ. Түүнийг 10 хоног тусад нь камерт байлгаж байгаад дараа нь 400-гаад охидтой хамт хорьсон байна.
Хоригдож буй охид өдөрт дор хаяж 5000 Япон цэрэгт үйлчилдэг байсан нь нэг хүнд 40 эр ногддог байсан гэсэн үг.
Япон цэргүүдийн харгислалд эцэс төгсгөл гэж байсангүй. Нэгэн удаа цэргүүд 4 охиныг могойгоор дүүргэсэн саванд хийж, дараа нь тэднийг амьдаар нь шороонд булан хөнөөжээ.
Энэхүү газарт бэлгийн замын халдвар мэдээж хяналтгүй байв. Ихэнх цэргүүд хамгаалалт хэрэглэхээсээ татгалздаг байж. Эмэгтэйчүүдэд тэмбүүний эсрэг ихээхэн хортой эмийг байнга өгч байжээ.
И Ук Соны хэлж буйгаар бэлгийн замын халдварт өвчнийг анагаахын тулд мөнгөн ус ашигладаг байсан нь эргээд хүүхэдтэй болох боломжийг үгүй хийдэг байжээ.
Нэгэн Солонгос эмэгтэйг зуу гаруй цэрэгт өвчин халдаасан хэмээн шийтгэж, бэлэг эрхтэн рүү нь төмөр утас чихэж байсан тухай Чун Ок Сунь хэлж байсан юм.
Хван Кум Жу (Hwang Kum-Ju) 17 настайдаа Японы зэвсгийн үйлдвэрт ажиллаж байхдаа цэрэгт хүчиндүүлсэн бөгөөд нийт 3 удаа жирэмсэн болж байсан ч хүчээр үр хөндөлт хийлгүүлж байснаа ч нуугаагүй юм.
И дайны дараа эрх чөлөөтэй болсон ч гэр нь аль зүгт байгааг ч мэдэхгүй байсан тул Хятадад 55 жил амьдарсан ажээ.
Тэр дахиж хэзээ ч эцэг эхээ хараагүй бөгөөд сүүлд нь нөхөртэй болж, дагавар 2 хүүхдийг өсгөж өгчээ. 90-ээд онд Япон цэргүүдийн харгислал ил болж эхлэх үед тэрээр өөрийн түүхийг хуваалцсан аж. 2000 онд тэрбээр нутагтаа эргэн очиж амьдарсан байна.
1992 оноос эхлэн Солонгосчууд Японы элчин сайдын газрын өмнө долоо хоног бүр жагсаал зохион байгуулж, албан ёсоор уучлалт хүсэж хохирлыг нь барагдуулахыг шаардаж байв. Гэвч Японы талаас хохирлыг аль хэдийнээ 1965 онд барагдуулсан хэмээн мэдэгджээ.
Үүнээс гадна хохирогч эмэгтэйчүүдийг эмчлэх зориулалтаар цуглуулсан сая сая хандивын мөнгийг тэдэнд туслах зорилготой ашгийн бус байгууллага болох "The House of Sharing" хувийн барилгаа барихад зориулсан нь ихээхэн шүүмжлэл авч байсан юм.
Тухайн газрын ажилчдын хэлж буйгаар хүнд өвчтэй хохирогч эмэгтэйчүүд эмчилгээний зардлаа гэр бүлээрээ төлүүлэх шаардлага гарч байсан гэсэн бөгөөд эмээ нар өөрсдийн өрөөнөөс ч гарах эрхгүй байдаг байсан хэмээжээ. Одоог хүртэл уг хэргийг шалгасаар л байгаа аж.
И Ук Сон өдгөө нас өндөр гарсан хэдий ч одоог хүртэл шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр л байгаа аж.
Тэрбээр энэ аймшигт хэрэг өөрийнх нь болон олон мянган эмэгтэйчүүдийн амьдралыг үгүй хийсэн тухай хэлдэг. Хэдийгээр И уг хэргийг шийдэхийн тулд 20 жил тэмцсэн ч дорвитой өөрчлөлт гараагүй л байгаа юм.
Эх сурвалж: Fishki