Сиэтлийн эзлэгдсэн 6 гудамжийг "Капитолын толгодын автономит бүс" (товчилбол CHAZ) хэмээн нэрлэсэн байна. Жорж Флойдын төлөө тэмцэгч анархистууд зүүн Сиэтлийн цагдаагийн газрыг багтаасан хэсгийг хяналтандаа авч, хилийн зурвас тогтоон, нэвтрэгсдийг хөөж байгаа аж.
12-р өргөн чөлөө, "Pine Street" гудамж нь Сиэтл хотын эсэргүүцлийн гол төв.
Автономит засаглалтай, цагдаагүй, социалист эдийн засаг бүхий төгс орон байгуулах тэдний хүсэл одоогийн байдлаар 6 гудамжнаас хэтрээгүй байна.
Тэмцэгчид CHAZ дотор майхан барин хоргодож, өдрийн цагаар тэндээ жагсаал цуглаан хийх, гудамжны зураг зурах ажилтай.
Тэр байтугай хэрэгцээгээ дотроосоо хангахаар шийдэж, жижиг парк дотор ногооны талбай байгуулжээ.
Тус бүсийн газар нутаг руу орох замуудыг саад тогтоон хаажээ. "Ийм саад тавихгүй бол цагаан арьстнууд машинтайгаа тэмцэгчдийг дайрах болно.. Харин цагдаа нар нулимс асгаруулагчаа ашиглаж болно, гэхдээ энэ нь биднийг зогсоож чадахгүй" хэмээн CHAZ-ын оршин суугч Жей Би Кларк өгүүлжээ.
"Бид цагдаа нарыг эндээс явахыг шаардсан. Одоо энэ бол бидний нутаг дэвсгэр" гэж тэрээр нэмж хэлжээ.
Ардчилсан намынхнаас бүрдсэн хотын удирдлага эдгээр тэмцэгчдийн талд зогсож, тус бүсийн цагдаа нарыг хүчээр гаргасан аж.
Эхэндээ "Капитолын толгод"-ыг Америкийн ЛГБТ-чүүдийн нийслэл гэж нэрлэж, явган хүний замыг нь солонгын өнгөөр будсан байсан аж. Гэвч реппэр "Raz Simone" энэ байдалд өөрчлөлт хийж, өөрийгөө CHAZ-ын удирдагчаар зарлан, хатуу хууль журмуудын тогтоож байгаа юм. Тэр ч байтугай өөрийг нь эсэргүүцсэн хүмүүс болон зарим сэтгүүлчдэд буу тулгаж амжсан байна.
Энэхүү үйл ажиллагаанд хүчээр татагдан орсон хүмүүс ч бий. Тус бүс дотор байрлах дэлгүүр болон аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амсаж байгаа ч ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байгаадаа багагүй бухимдаж байгаа аж.
Тэмцэгчид зарим сурвалжлагч, сэтгүүлчдийг өөрсдийн газар нутагт нь орж, байдалтай танилцахыг зөвшөөрсөн байна.
Хөдөлгөөн улам газар авч, АНУ-ын газар нутагт шинэ автономит бүсүүд үүсэж байна. Жишээлбэл Портленд болон Чикагод ийм төрлийн бүсүүд үүсээд байгаа аж. Хамгийн гол нь тэдгээр хотуудын удирдлагаас үүнд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм.
"Сиэтлийг хар, тэд яаж ийм нөхцөл байдалд хүргэдэг байна. Энэ бол гамшиг. Урьд нь ямар байснаа одоогийн нөхцөл байдалтай харьцуулаад үз. Бид өндөрлөгт байсан, түүхэн дэх хамгийн хүчтэй эдийн засаг, хөдөлмөр эрхлэгсдийн тоогоороо тэргүүлэгч, тэр тусмаа африк, испани хэлтэн болон ази ажилчдаараа. Тэгтэл биднийг ийм их хохирол авчирсан галзуурал дайрлаа" гэж Трамп хэлсэн байна.
"Капитолын толгодын автономит бүс - Та одоо АНУ-ын нутгаас гарч байна"