+ 39 хэмийн зээлийн хүү

+ 39 хэмийн зээлийн хүү

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь 16.6 хувь байгаа нь Дэлхийн банкны судалгаагаар олон улсад эхний 20-д орох өндөр үзүүлэлт. Харин бусад зээлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагуудын хүү 30 хувь давсан байна.

Өнгөрсөн оны байдлаар инфляцын түвшин 6.4 хувь байгаа нь дэлхийд 25-

д, ажилгүйдлийн түвшин 8.1 хувь, чанаргүй зээл 10.1 хувь байна. Мөн оны эхний улирлын байдлаар нийт зээлдэгчдийн тоо 1.3 саяд хүрсэн байна. Хүнээр тайлбарлавал халуурч, биеийн байдал нь муудсан гэсэн үг. Халуурсан хүний өвчинд хэн буруутай вэ?. Өвдсөн хүн өөрөө юу, халуунтай байгааг илтгэж буй халууны шил үү?

 

Банк санхүүгийн салбар луу хөрвүүлж яривал зээлийн хүү өндөр байгаа нь зээл олгож буй банкуудын буруу юу? Эсвэл зээлийн хүү тогтоход нөлөөлдөг улс орны эдийн засгийн суурь үзүүлэлтүүд үү? гэдгийг ялгаж ойлгосны дараа шүүмжлэхэд оройтохгүй.

Банкууд харилцагчдаасаа хөрөнгө татан төвлөрүүлээд, хуримтлуулсан хөрөнгөөрөө иргэдэд зээл олгодог. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүү нь зээлийн хүүг бүрэлдүүлэгч эх үндэс нь. Манай улсын хувьд иргэд мөнгөө хуримтлуулах дадалд хараахан суралцаагүй учраас банканд иргэд болон байгууллагын хэрэгцээнд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний хөрөнгө төвлөрдөггүй. Тиймээс олон улсаас хөрөнгө татаж, эх үүсвэрээ нэмэгдүүлэх замаар нийт зээл авахыг хүсэгчдийн эрэлтэд хүрэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдэд хүү төлнө, мөн гаднаас авсан зээлдээ хүү төлнө. Товчхондоо банкууд ч гэсэн өөрсдөө хүү төлдөг зээлдэгч гэсэн үг.

Үүнээс гадна банкнаас гарах зардлын 60-68 хувийг хадгаламжийн хүүнд төлөхөд зарцуулдаг. Иймд, зээлийн хүүг бууруулна гээд хадгаламжийн хүүг багасгавал одоо байгаа хуримтлалыг бүрдүүлж байгаа иргэд хадгаламжаа бусад найдвартай гадаад валютаар хадгалах сонирхолтой болно. Тэгэхээр хадгаламжийн хүүг өндөр байлгах нь бодлогын хүүг өндөрт барьж үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг гадагш урсах аюулд орохоос сэргийлдэг.

Монголбанкны бодлогын хүү нь зээлийн хүүг тогтооход чухал нөлөөтэй. Тодруулбал, бодлогын хүү нь төгрөгийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч, нийт эрэлтийг удирдахад чиглэсэн хэрэгсэл бөгөөд хадгаламж болон зээлийн хүүг тогтоодог гол суурь хүү билээ.

Мөн манай улсын эдийн засагт өгөх оноо буюу эдийн засгийн өсөлт, бууралт, чанар чансааг илэрхийлдэг гэж ойлгож болно. Энэ мэтээр бүх зүйлс хоорондоо холбоотой бөгөөд зах зээлийн зарчмаараа явдаг учиртай.

 

Халуурсан шалтгаанаа халууны шилнээс хайдаггүй

Зээлийн хүү нь тухайн улсын суурь эдийн засгийн үзүүлэлтүүдийн “барометр” болдог. Тэгвэл өндөр байгаа нь манай улсын нүүр царайг илэрхийлж байна. Улсын эдийн засаг бүхэлдээ халуурч, тэнхээгүй болж байгааг зээлийн өндөр хүүтэй шууд холбож, банкуудад бурууг тохох нь учир дутагдалтай. Бид халууныг бууруулахын тулд халуурсан шалтгааныг нь олж, тэмцэх шаардлагатай. Халууны шилээ буруутгах бус халуурсан шалтгаанаа ойлгох хэрэгтэй гэсэн үг.

Мөн зээлийн хүү болон банкны салбар олон хүний анхааралд байдгийг далимдуулж зээлийн хүүний асуудлаар популизм хийж, ард түмнээс “оноо” авах гэсэн этгээдүүд олширсоор.  Дийлэнх өрхүүд ямар нэг, эсвэл хэд, хэдэн зээлтэй учир банкууд иргэдтэй хамгийн ойр харилцаж, анхаарлын төвд нь оршдог. Ажил хийж байгаа нь л хамгийн их муулуулдаг гэдгээр чичлэхэд ч хамгийн ойр “бай”.  Шатахууны үнэ нэмэгдэхэд улс төрчид шатахууны компанийг голчлон буруутгаж, тэдэн лүү иргэдийн анхаарлыг хандуулан буруутныг олж өгсөн “гавьяат” нэр зүүдэг шиг зээлийн хүү өндөр байгаа нь ганц банкуудын л буруу, өөр хэний ч буруу биш болгож харагдуулдаг. Үүнийг товчхондоо популизм гэж нэрлэнэ.

Банкууд боломжит хамгийн бага хүүгээр зээл олгож, олон улсын стандарт бүхий үйлчилгээг үзүүлж байгаа мэтээс харахад дэлхийн стандарттай хөл нийлүүлж, хөгжлийн хувьд манлайлж буй нь банкны салбар байж ирсэн. Өдгөө иргэдийн өдөр тутам хэрэглэж ажлаа хөнгөвчилж буй цахим шийдлүүдийг нэвтрүүлсэн анхдагч нь ч банкууд. Үүнийг өнөөдрийн “fintech” - үүдийн нэвтрэлт хурдан бас амжилттай байгаагаас ажиглаж болох ба банкууд цахим санхүүгийн харилцааг хөгжүүлж, иргэдийг мэдлэгжүүлж ирснийх юм. Гэтэл ганц банкууд зээлийн өндөр хүүнд буруутай мэтээр ойлгуулж, хүүгийн дарамтаар ард түмнийг “шулдаг, хүүлдэг” гэж олон нийтэд сөрөг ойлголтыг түгээж, хувийн улс төрийн тоглолтуудыг хийсээр байна.

Иргэд ч өрхийн орлогоос нь сар бүр хасалт хийж байгаа болохоор зээлийн хүүг бушуухан бууруулах асуудлаар идэвхтэй дуугарч байгаа. Тэр нь ч буруу биш. Гэхдээ иргэдийн анхаарлыг хүчээр чиглүүлдэг ганцхан буруутантай юм шиг харагдуулдаг энэ бүхний цаана олон оролцогч, нөлөөлөгчид бий.

Банкууд ч мөн хүү буулгах ажиллагаанд хамтран орж, хүүг буулгамаар байгаа гэдгээ илэрхийлсээр ирсэн.

Эрх баригчдын зүгээс суурь нөхцөл буюу урт хугацаанд инфляцыг нам доогуур түвшинд тогтвортой байлгаж, инфляцын хүлээлтэд нөлөөлж, зээлийн суурь хүү буурах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Мөн макро эдийн засгийнхаа орчныг сайжруулж, улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлж, өрөө багасгаж, ханшаа тогтвортой байлгах зэрэг асуудлууддаа анхаарах хэрэгтэй. Ядаж л хараа хяналт, ил тод байдал байхгүй, ард түмэнд бодит хүндрэлийг үүсгэж буй өдрийн зээл гэх мэтчилэн далд эдийн засгаа зохицуулах талд анхаарах шаардлагатай.

Гаднын банк ороод ирэнгүүт хүү буурчихна гэж боддог. Тийм биш л дээ. Долларын эх үүсвэр хямд учраас гаднын банк долларын зээлийг хямд өгч чадна. Одоо ч тийм зээл өгч байгаа. “Bank of China” гэхэд аж ахуйн нэгжүүдэд Хятад, Японы салбаруудаараа дамжуулж зээл өгч яваа. Төгрөгийн зээл өгье гэхээр яриад буй эрсдэлүүдтэй нүүр тулна. Эрсдэл нь өсөөд явчихаар бага хүү тогтооно гэж байхгүй. Цаанаа ам. доллар юм уу, юаниар тооцоотой учраас      ам. доллар, юаниар хүүгээ аваад явах нь тэдэнд эрсдэлгүй. Жишээ нь, гадаадын банк төгрөгөөр, тэр дундаа бүр иргэдэд зээл өгөөд сууна гэж байхгүй л дээ. Өнөөгийн байдлыг харахад Монголд орж ирэх сонирхолтой ганц л банк байгаа. Эдийн засаг сайн байх үед гаднын олон банк орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Саарал жагсаалтад багтсан улсад ашиг олохоор орж ирэхийг хэн ч хүсэхгүй.

Энэ асуудалд мэргэжлийн үүднээс биш, ул үндэслэлгүй хандаж банкууд руу дайрах тусам бид өөрсдөө улс эх орны хөгжилд хүчтэй нөлөөлөгч гол салбараа, үндэсний банкуудаа устгахад хүрнэ. Банк бол итгэлцэл дээр тогтдог, улс орны хөгжилд хамгийн чухал салбар. Хэрэв банкны салбар луу дайрсаар байвал сууж буй сандлын хөлөө хөрөөдөхтэй адил зүйл тохиолдоно. Тэд тогтворгүйтвэл нийт эдийн засгийг бүхэлд нь хамарна. Хадгаламж буурч, зээл олголт багасах зэргээр тэнцвэртэй байдал алдагдаж, иргэд, жижиг бизнес эрхлэгчид банкнаас гадуур өндөр хүүтэй зээлийн эрэлд гарна, хууль бус зээлдүүлэх үйлчилгээ буюу далд эдийн засаг өснө. Энэ нь Та бидний халаасанд жинхэнэ дарамт, аюул нүүрлэнэ гэсэн үг юм. Мөн олон жижиг, дунд бизнесүүд, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд сөрөг нөлөө үзүүлэх нигууртайг анхаарууштай. 

 

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Сувд

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.