Эрүүл хооллолт: Дадал зуршлаа өөрчлөх нь

Ямар хоол идэж буй тань таны эрүүл мэндэд маш өндөр нөлөөтэй бөгөөд аливаа өвчлөлөөр өвчлөх эсвэл түүнээс сэргийлэх дэм болдог. Илүү эрүүл хооллохын тулд та өдөр тутмын дадал зуршлаа, мөн өөрийн хүрээлэн буй орчны зүйлсийг өөрчлөх шаардлага гарч болно. Хүрээлэн буй орчинд таны гэр болон ажлын газар гэх мэт танд нөлөө үзүүлж буй бүхий л зүйлс хамаарагдана. Гэхдээ эрүүл хооллохын тулд асар том өөрчлөлт, дадал болсон зуршил, дуртай зүйлсээ нэгэн зэрэг солих вий гэж бүү сүрдээрэй. Эхлэхдээ жижиг зорилго тавьж түүндээ хүрэхээр бага багаар өөрчлөлт хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд тэдгээр жижиг өөрчлөлтүүд таны эрүүл мэндэд маш том нөлөө үзүүлэх зөв дадал зуршил болсон байх болно.

Эрүүл хооллолт: Дадал зуршлаа өөрчлөх нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрүүл, зөв хооллох дадал зуршилд суралцуулах хэрэгцээт мэдээллийг хүргэе:

  • Хооллох зуршил, хүрээлэн буй орчноо өөрчлөх нь илүү эрүүл хоол хүнс хэрэглэх сэдлийг төрүүлдэг
  • Эрүүл хооллосноор таны бие махбод бүхэлдээ сайжирдаг. Зөв дадалд суралцсанаар та байх ёстой хэвийн жиндээ хүрэхээс гадна түүнийгээ хадгалж чадна.
  • Эрүүл дадал зуршилд шилжихийн тулд тогтмол баримтлахад төвөггүй, жижиг өөрчлөлтөөс эхлэх нь сайн байдаг.

Хооллох зуршлаа хэрхэн өөрчлөх вэ?

Өөрчлөлтийг бага багаар хэрэгжүүлэх нь  үр дүнтэй гэдгийг дээр дурьдсан билээ. Тэгвэл дараах өөрчлөлтүүдээс эхлэн нэг нэгээр даган мөрдөж, хооллох зуршлаа бүр мөсөн эрүүл, зөв болгохыг уриалж байна:

  • Гэртээ болон ажил дээрээ жимс, ногоо, тослог багатай сүүн бүтээгдэхүүн, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн зэргийг түлхүү цуглуулж байршуулах. Эхний ээлжинд ямар нэгэн хүнсийг хасахад бус шим тэжээллэг, эрүүл хүнсийг хэрэглээндээ нэмэхэд анхаараарай
  • Өдөр бүр гэр бүлээрээ хоолны ширээнд сууж хоолоо зооглохыг хичээх. Ингэснээр хоол хүнсний шим тэжээлийг бодолцох, мөн амтанд анхаарал хандуулснаар хэт их идэхээс сэргийлнэ
  • Эрүүл хоолны жор, заавартай ном худалдаж авах, өөрөө өөртөө, гэр бүлдээ зориулж хоолоо бэлтгэх. Хоол хийх зуураа бохь зажлах нь сууж хооллохоос өмнө ямар нэгэн юм хивэхээс зайлсхийхэд тусална.
  • Ажилдаа явахдаа эрүүл, амттай хоол бэлтгэж авч явах. Ингэснээр юу ч хамаагүй идэхгүй байх, өөрчлөлтдөө үнэнч байхад тусална
  • Баримжаагүй их идэхээс сэргийлж зууш, зугаа зэргийг сав, уутнаас нь биш аяга тавганд хийж идэж заншаарай.
  • Хоол идэх цагаа хойшлуулах эсвэл алгасахгүй байх, түүнчлэн хоол хоорондын зууш зугааг ч мөн адил хуваарьтай болгохыг зөвлөе. Өлссөн ч тэссээр байвал эцэст нь түргэн хоол сонгох, эсвэл хэмжээнээсээ хэтэртэл идэж магадгүй. Байнга их хэмжээгээр өлсөх нь хоол хүнсэнд шунах хүслийг илүү нэмэгдүүлдэг.
  • Аль болох хүмүүстэй хамтдаа хооллохыг хичээх. Хоолоо тайван, амтархан зооглож түргэн идэхээс зайлсхий. Эрүүл зөв хооллолтыг мөрдөх ёстой дүрэм, журам мэтээр биш өөрийнхөө төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж хүлээж авах нь тустай.
  • Элсэн чихрийн агууламж ихтэй ундаа, шүүсний оронд ус уух.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.