Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Аливаа бизнес харилцан уялдаа холбоотой, хоршиж ажиллах нь хөгжлийн хамгийн гол тулгуур гэж би боддог. Бидний өнөөдрийн амьдрал бүхлээрээ үүн дээр тогтож байна ч гэж үзэж болно. Гар утсаараа эсвэл компьютерээсээ хандан авч буй мэдээлэл, контент тэр ч бүү хэл худалдан авалт бүр хормын төдийд хийгдэж, хэрэглэгч бид ч “даврангуй” хурд болон мэдрэмжийг хүсэх болсон.
Нэг талаасаа дэвшил биднийг ихээхэн тэвчээр муутай болгож буй бөгөөд энэ нь тоо томшгүй олон хүнтэй нэгэн зэрэг холбох эсвэл дэлхийг цагийн бүсгүй болгон, нэг дор хамт оршин буй хязгааргүй олон хүсэлт, үйлчилгээг боломжтой зүйлс болгон хувиргах мянга мянган програмууд хоорондоо холбогдож, нэг хэлээр ярьж ойлголцож буйн илрэл. Өөрөөр хэлбэл, эдгээр шоуны тайзны ард API хэмээх ганган нэр гол ажиллагааг нь нугалж суудаг юм.
Тэгвэл API гэж юу вэ?
Хамгийн энгийнээр тайлбарлавал та ресторанд ороод болзсон хүнтэйгээ хоол идэхийн өмнө меню харж, юу идэхээ сонгодог. Аль ч ресторан хоолны цэстэй байдаг. “Pizza Hut” руу ороод бууз захиалах боломжгүйтэй адил. Та сонгосон хоолоо зөөгчид хэлснээр зөөгч түүнийг чинь системд оруулж улмаар тогооч захиалсан хоолыг тань хийж өгнө. API гэдэг бол зөөгч юм. Өөрөө бие даан хоол хийдэггүй боловч боломжит жагсаалтаас харилцагчийн хүссэн сонголтыг гал тогоонд хүргээд, бэлэн болмогц буцаад танд авч очдог дамжуулагч гэж ойлгож болно.
Тэгвэл банкны салбарт яаж буух вэ?
Банк өөрөө ихээхэн хууль дүрмээр “хазаарлагдсан”, нэг бодлын хуучинсаг уйтгартай систем. Санхүүгийн илүүдэлтэй талаас нөөцийг авч хэрэгцээт талд тараах зуучийн үйлчилгээ банк үүссэн цагаас хойш байсаар ирсэн. Гэтэл технологи хөгжихийн хэрээр харилцагчид өдөр тутамдаа ашигладаг фэйсбүүк болон твиттер шигээ банкны үйлчилгээг мөн хурууны үзүүрээр авах хүсэлтэй болсон. Харилцагчийн энэ хүслийг банк интернэт банк, мобайл банк, карт, АТМ, Киоск зэрэг биет болон биет бус үйлчилгээгээр биелүүлсээр ирсэн боловч нөгөө талдаа байгууллагын хэрэглэгч нар өдөр тутмын санхүүгийн үйлчилгээгээ бүрэн “цахимаар, бүр даварвал өөрийн санхүүгийн програм дээрээс хэрхэн авч болох вэ гэдэг дээр төвлөрч эхэлсэн юм.
Яг энэ үед л өнөөх API буюу системүүдийг хооронд нь холбох “зөөгч”-ийг яагаад банк, байгууллага хоёрын голд байлгаж болохгүй вэ гэсэн санаа ургаж эхэлж байгаа юм. Үндсэндээ банкнаас хуулга, гүйлгээ, валют зэрэгтэй холбоотой бүхий л үйлдлийг байгууллагын програм болон банкны үйлчилгээ хоёрын хооронд хүн биш, API хийж өгнө гэсэн үг.
Жишээгээр тайлбарлавал
Танай байгууллагын цалингийн програм (Монголд түгээмэл байдаг Даймонд гээд төсөөлье) нийт ажилтнуудын цалинг бодоод, түүнийгээ файлаар банканд өгч, эсвэл интернэт банкаар upload хийдэг байж болох юм.
Тэгвэл API “зөөгч”-өөр дамжуулан санхүүгийн програм дээрээсээ зүгээр л цалингийн програмын бодолтоосоо “олгох” гэсэн товчин дээр дарахад бүх ажилтнуудын дансанд цалин тавигдах боломжтой. Эсвэл та сар болгоны эцэст бусдад өгөх өглөгийг төлөх хэрэгтэй бол таны санхүүгийн програм тооцоолсон дүнгээ автоматаар шилжүүлээд тус өглөгийг хаах боломжтой. Ер нь энгийнээр хэлбэл, нягтлангийн шивдэг бүх хуулга болон гүйлгээ ердөө хоёр програмын хооронд хүнгүй хийгддэг болно гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд, таны санхүүгийн програм таны хүссэн бүх тооцооллыг хийж, санхүүгийн гүйлгээ, төлбөр тооцоотой холбоотой бүхий л хэсгийг хүн биш, API гүйцэтгэж өгнө гэсэн үг. Нөгөө талаасаа танай байгууллагын санхүүгийн гүйлгээг хүн хийж, банк руу бичиг цаас, “үсрээд” файл зөөж байвал, та нэгэнт хоцрогдоод эхэлсэн гэдгийг сануулах хэрэгтэй болж.
Байгууллагын харилцагч нартаа зориулан саяхан нэвтрүүлсэн “Corporate gateway” үйлчилгээний тухай ХААН Банкны Цахим банк, АТМ-ийн сувгийн газрын захирал С.Энх-Ирээдүйгийн энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлан бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэлээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.