Болор авсанд оршуулагдсан бяцхан охины нууц

Барилгын ажлын үед заримдаа хачирхалтай олдворууд олддог бөгөөд энэ үед багагүй толгойгоо гашилгах хэрэгтэй болдог.  Эдгээр тохиолдлуудын нэг болох нууцлаг үйл явдал 2016 онд Калифорни мужийн Сан-Франциско хотод болсон байна. Хуучин гаражийг шинэчлэн барьж байх үедээ ажилчид нэгэн хуучны эдлэл олсон бөгөөд энэ нь өвөрмөц хэв маяг бүхий хүүхдийн авс байсан гэнэ.

Болор авсанд оршуулагдсан бяцхан охины нууц

Газар дор удаан хугацааны туршид байсан төмөр хайрцаг нь хаалга шиг зүйлтэй, тэр нь зэвэрсэн боолтоор бэхлэгдсэн байв. Хаалган дээр зузаан шилээр хийгдсэн хоёр цонх байжээ. 

Ажилчид тэр цонхоор нь хартал дотор нь огтхон ч ялзарч, задраагүй,  шаргал үстэй бяцхан охины цогцос байсан гэнэ.

Гаражийн эзэн Эрика Карнер нас барагсдыг бүртгэх товчоо руу залгаж, олдворынхоо талаар мэдээлсэн байна. Цагдаа нар ирээд авсыг нээхийг хүссэн тул ажилчид багагүй хүчийг зарцуулан байж боолтуудыг тайлж чаджээ. Авсан дотор нил ягаан өнгийн цэцгэн хээ бүхий цагаан өнгийн даашинзтай шаргал үст охин хэвтэж байлаа.

Охиныг хэн болохыг тодорхойлох ямар ч мэдээлэл авс дотор байсангүй. Нас барсан охины цогцсыг шалгаж, зургийг нь авсны дараа судлаачид протокол хөтлөж, металл авсыг модон хайрцганд хийгээд гаражийн эзэн бүсгүйд үлдээсэн байна. Хууль ёсоор цогцос гэмт хэрэгтэй холбоогүй, хамаатан нь тодорхойгүй бол олдсон газрынх нь эзэнд хариуцуулах ёстой аж.

Бяцхан охины цогцостой авс яагаад гаражийн дор байсан юм бол? Үүнд гайхах зүйл огт үгүй. Учир нь энэхүү газар өмнө нь Сан-Францискогийн хамгийн том оршуулгын газар болох "Odd Fellows Cemetery"-ийн нэг хэсэг байсан аж.  1890 оноос хотын хүн амын тоо эрчимтэй өсөж байсан учир уг оршуулгын газарт хүн оршуулахыг хориглосон байна.

Цаг хугацааны эрхээр оршуулгын газар оршин суугчдад саад болж эхэлсэн учир 1923 онд татан буулгах шийдвэр гаргажээ. Зарим нас барагсдын цогцсыг гэр бүлийнхэн нь өөр газар шилжүүлэхээр авсан ч ихэнх цогцсыг чандарлаж, эсвэл бөөнд нь хадгалах болсон байна. Энэ их ажлын дунд бяцхан охины авс мартагдаж, барилгын эзэнд шилжсэн бололтой.

Хотын удирдлагууд хэн болох нь тодорхойгүй охиныг нийтийн оршуулга руу шилжүүлэх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд энэ нь Эрикад ч тэр, түүний гэр бүлийнхэнд ч таалагдсангүй. Карнер хотын захиргаанд цогцос түүний гаражийн яг доор байсан тул өөрөө хариуцна хэмээн хэд хэдэн удаа өргөдөл гаргасан байна.  Гэвч хотын удирдлагууд огт юу ч харахгүй, мэдэхгүй байгаа мэтээр түүний захидалд стандарт хариултыг л өгч байсан юм.

Энэ хугацаанд охины шарил Эрикагийн гаражин дотор байсан хэвээр л. АНУ-д гэр бүл хамаатан садангүй, үл таних нас барагсдын цогцсыг Жон Доу (John Doe) эсвэл Жейн Доу (Jane Doe) хэмээн нэрлэдэг бөгөөд харин хүүхдийн талаар яригдаж байвал ихэнхдээ “бэби Доу” гэдэг аж. Гэхдээ шилэн австай охиныг тэд Ева хэмээн онцгойлон бүртгэж авсан байна.

Хотын захиргаа болон Эрика нар хоорондоо захидлаар харилцаж байх хооронд цогцос хурдацтайгаар задарч байсан бөгөөд энэ нь Эрика Карнерын тэвчээрийг барж байсан аж. Учир нь охины зургийг дарах хүсэлтэй сэтгүүлчид өдөр бүр Эрика дээр ирж байсан юм.

Үүнээс гадна 2 хүүхдийн ээж болох Эрика австай охиныг харахад сэтгэл нь зүсэгдэж байжээ. Ингээд тэрээр үл таних охиныг оршуулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэгдүгээрт, нас барсан охиныг хүндэтгэж түүний зургийг дарахгүй байхыг  хүссэн бөгөөд бүх хөршүүд болон танилуудтайгаа уулзаж, охины зургийг устгахыг хүсчээ.

Хүн бүр Эрикагийн хүсэлтийг эерэгээр хүлээн авч, бяцхан охины талаар мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэхээ больжээ.  Харин Карнер авсыг нээмэгц дарсан зургаа л хадгалан үлдсэн байна. Энэ зургийг тэрээр зураач үеэлдээ өгч, тэр гайхалтай хөрөг зургийг зурсан гэнэ. Үүнээс гадна Евагийн нэрийг Миранда хэмээн өөрчилсөн бөгөөд уг нэрийг Эрикагийн охид санал болгожээ.

Карнер зардал гаргахгүйгээр охины биеийг үл таних цогцос хэмээн тушааж, нийтийн оршуулгын газар өгөх боломжтой. Гэхдээ тэрээр Миранда эцэг эхийн хайртай охин байсан гэдэгт итгэлтэй байсан учир өөрөө оршуулахаар шийдсэн байна. Гоёмсог авс, чанартай занданшуулалт, цэцгийн баглаа зэргээс нь харвал энэ нь ойлгомжтой гэж боджээ.

Мөн тэрээр охиныг жинхэнэ нэрээр нь оршуулахыг хүсэж байсан учир түүний хэн болохыг мэдэх сүүлийн арга нь ДНХ-ийн шинжилгээ байжээ. Нэгэн компани энэхүү шинжилгээг хийхийг зөвшөөрсөн ч 20 мянган долларын төлбөр Эрикагаас нэхсэн байна.

Бас нэгэн найдвар багатай боломж нь архиваас мэдээлэл хайх явдал байжээ. "Odd Fellows Cemetery" оршуулгын газар 1866-1890 оны хооронд 29 мянган хүн оршуулсан байсан бөгөөд азаар бүгдийнх нь бүртгэлийг хийж байсан гэнэ. Гэхдээ хэн нэгнийг уг бүртгэлээс олохын тулд оршуулгын хэсгийн сектор, эсвэл нас барсан өдрийг мэдэх хэрэгтэй байсан юм. Тиймээс энэ арга мөн л тохирохгүй байлаа.

Ингээд Карнер "Garden of Innocence" хэмээх хаягдсан хүүхдүүдийн оршуулгын ёслолыг хийдэг байгууллагад хандсан аж. Энэхүү байгууллагынхан өгөөмөр зан гаргаж, охины цогцсыг хөлдөөгчинд хадгалж, хэн болохыг тодорхойлохын тулд ажиллах сайн дурын ажилтнуудыг томилсон байна.

Хамгийн түрүүнд охины авсыг шинжилгээнд  оруулжээ. Энэ  төрлийн авс нь маш ховор зүйл учир 100 жилийн өмнө маш өндөр үнд хүрч байсан нь тодорхой. Авсны зэвийг арилгасны дараа уг авс "N. Gray & Co. Undertakers" компанийн үйлдвэрлэсэн авс болохыг тодорхойлсон байна. Энэхүү байгууллага нь 140-150 жилийн өмнө үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ус болон бусад гадны нөлөөллөөс хангалттай хамгаалсан авсыг бүтээж байжээ.

Харамсалтай нь энэхүү байгууллагын санхүүгийн баримтыг олж чадаагүй учир хайлт дахин үр дүнгүй болсон байна. Гэхдээ аз тохиож, ажилтнууд "Odd Fellows Cemetery"-ийн газрын зургийг олсон бөгөөд өмнө нь энэ зурагны талаар хэн ч мэддэггүй байжээ.  Ингээд Эрикагийн гараж байгаа хэсгийг газрын зураг дээр хайснаар бяцхан охины оршуулсан секторыг тогтоож чадсан байна.

Удаан хугацааны турш ил байсан бяцхан охины цогцос маш муудсан байсан ч түүнийг хэн болохыг нь мэдээгүй цагт оршуулахгүй байхаар шийдвэр гаржээ. Цогцос муудсан учир түүний үхлийн шалтгааныг тодорхойлох боломжгүй болж, зөвхөн дээж аван ДНХ-ийн шинжилгээ хийхээр болсон аж.

Энэ хугацаанд Миранда багагүй алдартай болсон тул охиныг оршуулах ёслолд маш олон хүн туслах хүсэлтэй байгаа илэрхийлжээ. Түүнд зориулж үнэгүй авс хүртэл хийсэн бөгөөд охины оршуулгын ёслолыг “Колумбийн баатрууд” хэмээх байгууллага хийхээр болсон байна.  Мирандагийн оршуулгын ёслол дээр 140 хүн ирсэн байжээ.

Оршуулгыг 2016 оны 6-р сарын 4-нд буюу анх цогцос олдсоноос 1,5 сарын дараа хийсэн гэсэн үг юм. Харин дурсгалын чулууг “Garden of Innocence” компанийхан хариуцаж сахиусан тэнгэр бүхий зурагтай “хэн нэгэн харамсахгүй бол, хэн ч санахгүй...” гэх үгийг чулуун дээр бичсэн байна. 

Гэхдээ охиныг хэн болохыг судлах судалгаа зогсоогүй байсан бөгөөд 2016 оны 8-р сарын 23-нд ДНХ шинжилгээний хариу гарсан аж. Ингээд эхний ээлжинд Мирандагийн ээж Британийн нэгэн арлаас гаралтай болох нь тогтоогджээ. Мөн охиныг үсээр нь удаан хугацааны туршид ямар хоол идэж байсан болохыг нь мэдсэн байна.

Шинжилгээниээс харахад бяцхан охин 2-3.5 настай байхдаа нас барсан гэнэ. Үүнээс гадна амьдралынхаа сүүлийн хэдэн сарын турш бяцхан охин уургийн дутагдалд орсон байсан бөгөөд энэ нь хэт их өлсөх үед тохиолддог аж. Энэхүү байдал дээр үндэслэж мэргэжилтнүүд бяцхан охиныг ужиг өвчнөөр олон сарын турш өвдсөн байх магадлалтай гэж тогтоожээ.

Эрдэмтэд ДНХ шинжилгээний хариуг судлаж байх үед сайн дурынхан 29875 нас барсан хүний бүртгэлийг судласан байна. Энэхүү судалгааг хийхэд 1000 гаруй цаг орсон бөгөөд 2016 оны 9-р сарын 25-нд хэт ядаргаа, сульдаанаас болж нас барсан 2 настай бяцхан охиныг  1876 оны 10-н сард оршуулсан болохыг тогтоосон байна.

Ингээд Мирандагийн жинхэнэ нэр нь Эдит Ховард Күүк бөгөөд тэрээр энэ дэлхий дээр 2 жил 10 сар л амьдарсан аж. Бяцхан охины эцэг эхийг олох нь техникийн асуудал байсан юм. Тэднийг Горацио Нельсон болон Эдит Скауфи Күүк гэдэг байжээ.

Хэдийгээр бүх зүйл гайхалтай таарч байсан ч 100% баталгаатай болгохын тулд охины ДНХ-г түүний хамаатан садны ДНХ-тай харьцуулах хэрэгтэй байсан аж. Хэдийгээр эрдэмтэд 2 хамаатныг олж чадсан ч хэтэрхий холын хүмүүс байсан учир охиныг найдвартай тэдний хамаатан гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй байжээ.

Эцэст нь ээжийнх нь талын эмэгтэйн ДНХ-тэй харьцуулах боломжтой байсан ч Күүкийн гэр бүлд эмэгтэй хүн байгаагүй бололтой. Эдит Скауфи Кукын цор ганц хамаатан нь 82 настай Питер Күүк байсан бөгөөд тэрээр Калифорнийн Напа хотод амьдардаг байжээ.

Тэрээр Мирандагийн төрсөн ахын ач байжээ. Хэдийгээр ДНХ шинжилгээний хариу ердөө 12.5%-тай гарсан ч цаг хугацааг харгалзаж үзэхэд энэ нь охиныг Эдит Күк мөн болохыг батлахад хангалттай тоо юм.

2018 оны 5-р сард охины дурсгалын чулуун дээр:

"Эдит Ховард Күүк, 28.11.1873-13.10,1876
2 жил 10 сар 15 хоног амьдарсан...

Би нэг удаа алга болсон ч, намайг дахин олсон.

Мирандагийн баг хамт олонд баярлалаа" хэмээн бичсэн байжээ.

Ингээд бяцхан охины түүх ийнхүү төгссөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()