Зөвлөлтийн үед баригдсан, газрын зураг дээр байдаггүй нууц хотууд

ЗХУ-д болон дагуул улсуудад нь газрын зураг дээр тэмдэглэгдээгүй олон нууц хот байжээ. Тодорхой нэргүй гэмээр эдгээр хотыг өөр хотын нэрийн ард ямар нэг тоо тавих байдлаар ялгах бөгөөд ийм хотууд нь бүгд орон нутгийн  хаалттай бүс (ОНХБ) гэсэн тусгай статустай байв. Чухам ийм хаалттай бүсүүдэд Зөвлөлтийн хамгийн том нууц болох сансар судлал, цахилгаан энерги, цэрэг стратегийн объектууд байрлаж байсан юм.

Зөвлөлтийн үед баригдсан, газрын зураг дээр байдаггүй нууц хотууд

Хаалттай хотуудын сургууль цэцэрлэг, орон сууц нь өвөрмөц дугаартай, хотын бүх оршин суугчид нь нууц задлахгүй байх гэрээнд гарын үсэг зурах ба өөрийн хотын тухай, хийдэг ажлынхаа тухай хэнд ч, юу ч хэлэх эрхгүй, өөр бүс нутгаас зочин хүлээж авч болохгүй зэрэг олон хязгаарлалт энд үйлчилнэ.  Мөн нууц хотуудад амьдарч ажиллах хүмүүс гадагшаа явах эрхгүй болдог (томилолтоор явахыг эс тооцвол) зэргээр нууцыг чанд хадгалдаг байсан учир ЗХУ-ын иргэд нь иймэрхүү хотууд байдаг тухай огтхон ч ойлголтгүй байжээ.

Хотод ажиллах тусгай объектын үйл ажиллагаанаас болж оршин суугч хүмүүс нь эрсдэлийн бүлэгт багтдаг байсан ба хүний эрүүл мэнд амь насанд аюултай олон осол ийм газруудад болж байсан гэдэг. Үүний нэг жишээ нь Челябинск-65 хотод хуримтлагдсан цацраг идэвхт бодисын хог үлдэгдэл бөгөөд энэ хорт бодис нь 270,000 хүний амь насанд заналхийлж байсан билээ.

Хаалттай хотын давуу тал

Тэр чигээрээ хаалт, хорио болсон ийм хотод харин амьдралын нөхцөл маш сайн, үйлчилгээ, нийгмийн болон ахуйн хангамж, дэд бүтэц нь Зөвлөлтийн жирийн хотуудаас ихээхэн давуутай байсан юм. Ийм хотын иргэд нь бараа бүтээгдэхүүний дутагдал, очер дараалал гэдгийг мэддэггүй, дэлгүүрт нь тухайн үеийн ховор бараа элбэг байсан гэдэг. Мөн гэмт хэрэг гэж байсангүй.

Өндөр боловсролтой, мэргэжилтэй хүмүүсийг иймэрхүү нууц хотод ажиллуулахын тулд засаг төрөөс маш сайн хангамж, цалин мөнгө өгч байсан бөгөөд үүнээс гадна янз бүрийн шагнал нэрээр ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байв.

1 Арзамас-16

АНУ цөмийн бөмбөг хэрэглэсний дараа ЗХУ мөн ийм зэвсэгтэй болохоор шаргуу ажиллаж байсан бөгөөд энэ ажлыг КБ-11 гэсэн нууц объектод хийж байжээ. Энэ объект байрлах, хуучин Саров гэдэг нэртэй байсан тосгоны нутагт богино хугацаанд Арзамас-16 гэсэн нэртэй хот бий болж маш хүчтэй харуул хамгаалалт гарган, хотын эргэн тойрныг тусгай хаалтаар хаан тусгаарлажээ.

Арзамас-16

Хотын оршин суугчид хотоос гарч болохгүй, бүр зуны амралтаараа ч ийш тийш явах эрхгүй байсан ба 1950-аад оноос хотын оршин суугчид ихээхэн нэмэгдсэний дараа  ойр орчмын газраар автобусаар аялах, зарим ойрын хүмүүсээ гэрт урьж авчрах боломжтой болсон юм. Одоо Саров гэсэн нэртэй болсон энэ газар нь Оросын цөмийн судалгааны нэг том төв болж, урьдын адил хаалттай хот хэвээр байна.  

2 Загорск-6 болон Загорск-7

Москвагийн ойролцоох Сергиев Посад хот нь 1991 он хүртэл Загорск гэдэг хачин нэртэй байсан юм. Энд сайхан сүм хийд ажилладаг гэдгээрээ улс даяар алдартай байсан боловч эндээс тун холгүй маш нууц Загорск-6 болон Загорск-7 гэсэн хотууд байдаг тухай харин тун цөөхөн хүн мэддэг байжээ.

Загорск-6 болон Загорск-7

Загорск-6-д  байх вирус судлалын том төвд бактериологийн зэвсэг бүтээхээр ажиллаж байсан бөгөөд  1950 оны үед Энэтхэгт жуулчлан явахдаа халдвар авсан хүмүүсийн биеэс гаргаж авсан вирусийг зэвсгийн зорилгоор судлан шинжилж байв. Гаргаж авсан шинэ вирусийг Индия-1 хэмээн нэрлэсэн байна. Энэ төвийн эрдэмтэд дараа нь Африк болон Өмнөд Америкийн нутгуудаар тарсан аюулт өвчний вирусийг ашиглан илүү хүчтэй биологийн зэвсэг бүтээсэн гэдэг билээ. Гэхдээ энэ зэвсгийг бүтээх явцад эрдэмтдийн төдийгүй нийт хотын иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлж байсан нь тодорхой.  

Загорск 6-д мөн Эбола өвчнийг судлан шинжилж, вакцин гаргаж авахаар ажиллаж байсан юм.

Иймэрхүү нууц байгууллагуудад ажилд орно гэдэг маш хэцүү бөгөөд цэвэрлэгч, гагнуурчин байсан ч ялгаагүй асар олон тооны шалгалт хяналтыг дамжин байж ажиллах эрхтэй болдог байв. Чухам ийм байдлаар л маш нууц биологийн зэвсгийн аюулгүй болон нууц байдлыг хадгалж чадах байсан нь ойлгомжтой. Энэ зэвсгийн нууцад нэвтрэх гэсэн гаднын цөөнгүй оролдлого гарч байсныг бодоход дээрх хяналт шалгалт нь зохих үр дүнгээ өгч байсан бололтой.

Харин Загорск 7-д цөмийн зэвсэг бүтээх судалгаа хийгдэж байжээ. Цөөн тооны физикчдийг мөн л маш нарийн хяналт шалгалын дараа авдаг байж.

2000 оны үед Загорск-7 хотын нууцын зэрэглэлийг халсан бол Загорск-6 одоо хүртэл хаалттай хот хэвээр байгаа билээ.

3 Свердловск-45

Свердловск хотоос нэлээд хойд талд энэ нууц хотыг байгуулсан шалтгаан нь №814 гэсэн дугаартай уран баяжуулах үйлдвэр юм. Хэдэн жилийн турш энэ үйлдвэрийг барих явцад ГУЛАГ-ын хоригдлууд, олон том их сургуулийн оюутнууд гээд янз бүрийн хүмүүс оролцсон бөгөөд хотын бүх л зүйлийг квадрат хэлбэртэй хийсэн гэдэг яриа бий. Тийм учраас энэ хотод төөрөх ямар ч боломж байдаггүй гэнэ.  

Свердловск-45

Энэ хотын хангамж нь Арзамас болон Загорск хоттой харьцуулахад муу байсан боловч оршин суугчид нь юугаар ч дутагдаж гачигдаж байгаагүй юм. Цэвэр агаартай, хангамж сайтай энэ хотод гарч болох ганц бэрхшээл нь ойр тойрны нутгийн оршин суугчидтай гардаг янз бүрийн зөрчил байсан байна.

Гадаадын улс орны тагнуул туршуулууд энэ хотод нэвтрэх гэсэн хэд хэдэн оролдлого гарснаас хамгийн алдартай нь Америкийн У-2 онгоц энэ хотын ойролцоо буудуулан унасан явдал билээ. Одоо энэ хотыг Лесной гэж нэрлэх болсон ч хаалттай хот хэвээр байгаа юм.

4 Мирный

Архангельск мужийн энэ жижиг цэргийн хот нь 1966 оноос хаалттай хотын статустай болсон байна. Шалтгаан нь ойрхон байгуулсан сансрын хөлөг хөөргөх Плесецк буудал. Өмнө дурдсан хотуудыг бодвол хаалттай байдал нь нэлээд зөөлөн, зөвхөн гол төв зам дээр л бичиг баримт шалгадаг байжээ.

Хотын оршин суугчид нь сайн орон сууцанд амьдарч өндөр хангалт эдлэх бөгөөд Зөвлөлтийн жирийн хотуудад хэзээ ч ийм хангамж байгаагүй гэдэг. Одоо Мирный нь мөн л хаалттай хот хэвээр байгаа юм.

Мирный

5 Блаклава

Хүйтэн дайн үед Севастополийн дор энэ хотыг байгуулжээ. Газар доорх энэ хотод цөмийн шумбагч онгоцыг засах, үйлчилгээ хийх том хэмжээний төв байгуулсан ба энэ үйл ажиллагаатай холбоотой бүх л төрлийн дэд бүтэц бий болсон гэдэг.

Балаклавын боомт нь эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн, нарийн усан хоолойгоор дамжин ордог байсан бөгөөд байгалийн эдгээр нөхцөл байдал нь цэргийн объектыг хамгаалахад ихээхэн тохиромжтой, шумбагч онгоц далайн ямар ч нөхцөлд засварын газар орох боломж олгож байсан юм. Харин далайгаас харахад нэг л жижигхэн толгой байх боловч үүний дор цөмийн дэлбэрэлтийг ч тэсэн гарах чадвартай том бетон хуяг бүхий цэргийн зориулалттай үйлдвэр ажиллаж байжээ.

Блаклава

Энэ хот нь ямар ч газрын зураг дээр байхгүй, энэ тухай аливаа мэдээлэл ил гардаггүй, гаднын хүн очих, орох боломжгүй байсан нь тодорхой болов уу. Одоо үйлдвэрийн байсан байранд музей нээгдсэн ба хот нь бас  жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

6 Эрдэс

Мардайн ураны ордыг тойрон баригдсан, газрын зурагт тэмдэглэгдээгүй "Эрдэс" хотхон Дорнод аймагт хорь гаруй жил оршин тогтносон байна. Сосновскийн экспедицийн хийсэн судалгааны дүнд тогтоогдсон Мардайн ордын ажилчдыг амьдруулах зорилгоор баригдсан уг хотхонд Москвагаас томилогдсон, тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л нэвтрэх эрхтэй байжээ.

Чойбалсан хотоос 100 орчим километр зайтай байрлаж байсан уг хот нь 8000 гаруй хүнтэй ч хамгийн дээд тал нь 12 мянган хүн амьдарч байсан аж. Хотод дунд сургууль, байнгын ажиллагаатай спорт клуб, хөлбөмбөгийн талбай, бассейн, кино театр, хямд үнэтэй бараа бүхий дэлгүүрүүд гээд ая тухтай амьдрах бүхий л боломжийг хангах газруудтай. Мөн сонирхолтой нь "Эрдэс" хотод Хотхонд “Хуурай хууль” үйлчилдэг учир эндхийн дэлгүүрт архи, тэр ч байтугай дарс ч зардаггүй байсан аж.

Эрдэс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()