Японы "Business Breakthrough" их сургуулийнхан төгсөлтийн баяраа маш өвөрмөцөөр зохион байгуулжээ. Тэд халдварт өвчинтэй энэ үед оюутнуудыг нэг дор биеэр нь цуглуулаагүй ч роботын ачаар уг арга хэмжээг алсын зайнаас амжилттай явуулжээ. Толгойдоо "iPad" суурилуулсан роботууд оюутнуудын өмнөөс дипломыг нь гардан авсан байна.
Харин оюутнууд роботын толгойд суурилуулсан "iPad"-тай видео дуудлагаар холбогдон төгсөлтийн арга хэмжээндээ гэрээсээ оролцжээ.
Ийнхүү нэр хүндтэй их сургуулийн төгсөгчид шинэ төрлийн роботуудын тусламжтайгаар алсын зайнаас дипломоо амжилттай гардан авлаа. Роботуудыг зөвхөн оюутнуудаа эрсдэлд оруулахгүйгээр төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор зохион бүтээсэн аж. Мөн тэдэнд төгсөлтийн хувцас, малгай хүртэл өмсгөсөн байна.
Оюутнууд гэрээсээ роботуудыг хянаж, iPad-ийн тусламжтайгаар болж буй бүх зүйлийг нүдээрээ харж, хоорондоо харилцах бүрэн боломжтой байв.
Дэлгэц дээр төгсөгчийн царай харагдах бөгөөд тэд гэрээсээ оролцож байгаа ч арга хэмжээндээ хүндэтгэлтэй хандаж хувцаслажээ.
Үүнээс гадна төгсөгчид талархлын үг хэлэх ч боломжтой байсан бөгөөд тэдний дуу хоолой роботын хүзүү хэсгээс гарч байв.
Харин удирдагч багш нь өөрийн биеэр ирсэн бөгөөд алсын зайнаас төгсөж буй оюутнуудынхаа робот хувилбартай зургаа татуулжээ.
Энэхүү өвөрмөц арга хэмжээ цахим орчинд маш хурдацтай тархсан байна.