1
Цезарь Галлийн Алезийг бүсэлсэн нь
Галл-Ромын дайны үеэр галлийн удирдагч Верцингеторикс нь өөрийн давуу байдлаа ашиглан тулалдаж явсаар нэгэн удаа жижиг толгодын орой дээр байрлах Алези хэмээх тосгоныг өөрийн түшиц газар болгон авчээ.
Цезарь энэ газар ирэх үед тосгон маань бүхэл бүтэн хамгаалалтын цайз болон хувирсан байв. Ромын армийн цэргүүд ядарсан, галлийн цайз хэрэм дотор хангалттай олон цэрэг байсан зэргээс болж шууд дайран эзэлж чадахгүй учир Цезарь өөр арга хайж эхэлсэн ба тэрээр Алезийг тойруулан модон хана хийж, дайснаа бүслэлтээс гарч ирэн дайрах боломжийг хаажээ. Энэ хана нь 18 км урт, янз бүрийн урхи, гуу жалга зэрэг хамгаалах хэрэгсэлтэй байв.
Байдал эвгүй болж болзошгүйг ойлгосон Верцингеторикс нь өөрөө эхэлж дайран Ромын цэргийг бут цохих, үгүйдээ морьт хороог бүслэлтээс гаргаж нэмэлт хүч авчруулахаар явуулах гэж шийдэн дайрсан боловч хэдэн морьт цэрэг л энэ модон ханын цаана гарч чадсан байна. Эдгээр морьтнууд галлийн бусад хот тосгоноор явж нутгийн цэргүүд нь аюултай байдалд орсныг дуулган шинээр цэрэг цуглуулж байгааг Цезарь сонсоод дахин нэг шинэ хана босголоо. Нэг ёсондоо галлийн цайз хэрмийн гадна талаар дахиад нэг цайз босгосон байна.
Эцэстээ гаднаас хоол хүнс авах боломжгүй болж өлсөж ядарсан Галлийн цэргүүдийг Ромын цэргүүд жижиг хэсэг болгон бут цохиж эхэлснээр Алези бууж өгсөн байна. Домгоор бол энэ тулалдаан хэдэн хоног үргэлжилсэн ба Цезарь өөрөө тэргүүн шугамд байж тулалдаанаас айж зугтсан легионеруудыг өөрөө барьж аван буцаан тулалдаанд чирэн оруулж байсан гэдэг.
Бонус: Ромчууд гахай шатаан дайснаа чиглүүлэн тавьж тэдний эгнээ жагсаалыг эвддэг, эмх замбарааг нь алдуулдаг аргатай байжээ. Энэ арга нь Ханнибалтай хийсэн тулалдаанд ихээхэн үр дүнтэй болсон гэдэг ба тэр үед Ханнибал нь заантай цэргүүддээ ихээхэн найдлага тавьж байсан ч чухам тэрхүү амьтад нь айж зугтан хамаг юм балласан байна. Нөгөө талаар Ханнибал нь Альпийн их нурууг давуулан олон зуун заан авч ирж чадсан нь бас сонирхолтой.
2
Илипийн орчимд африкийн Сципионы хийсэн маневр
Илипийн орчимд болсон тулалдаан нь Ром-Карфагений хооронд болсон Пунийн 2-р дайны шийдвэрлэх тулаан байлаа.
Сципионы цэргүүд Карфагены цэргийн лагерийн ойролцоо ирэн буудаллассан ба аль аль талд нь иберийн хөлсний цэргүүд (Испани гаралтай) их тоотой байжээ. Тэдгээр хөлсний цэргүүдийн байлдах чадвар нь Ром болон Карфагены цэрэгтэй харьцуулахааргүй сул байсан гэдэг.
Сципион өөрийн армийн төв хэсэгт Ромын цэргүүдийг, хоёр захаар иберчууд байхаар жагсаасан гэдэг бөгөөд Карфагены жанжин Гасдрубал мөн адил байдлаар цэргүүдээ жагсааж тулалдаанд ороход бэлдсэн байна. Өдөр болгон жижиг тулалдаан болж байсан ч аль аль тал нь их довтолгоогоо эхлүүлээгүй байлаа. Сципион өдөр болгон л цэргээ дээр хэлсэн байдлаар жагсааж байгаад нэг дайралт эхлэх өдрөө жагсаалаа өөрчилсөн байна. Энэ удаа байлдах чадвар өндөртэй Ромчуудыг хоёр жигүүрт гаргаж гол төв хэсэгтээ хөлсний цэргүүдийг оруулсан ба урьд өмнөхтэй адилхан байдлаар жагсан дайрна гэж хүлээж байсан Гасдрубалын хоёр жигүүрийн хөлсний цэргүүдийг нь Ромчууд дор нь цөм цохиж, Карфагены гол байлдах хүч болсон үндсэн цэргүүдийг богино хугацаанд бүслэн хаажээ.
3
Британийн "шүдэнзний хайрцаг"
Дэлхийн 2-р дайны үед англичууд Германы цэргүүдийн дээрээс нэгэн модон шүдэнзний хайрцаг хаяж байсан бөгөөд энэ хайрцаг дотор янз бүрийн өвчний илрэх шинж чанар, хэрхэн яаж хуурамчаар өвдөх аргуудыг заасан зүйлс байдаг байв. Цусан суулгаас эхлээд сүрьеэ хүртэл олон янзын өвчний тухай бичсэн энэ хайрцгийг авч үзсэн зарим цэргүүд дээрх аргыг нь хэрэглэж фронтоос зугтаж эхэлжээ. Хуурамч өвчтэй цэргүүд олноор бий болж фронтыг орхиж байгааг мэдсэн Германы цэргийн командлал энэ явдлыг таслан зогсоохын тулд хэд хэдэн өвчний жагсаалт гаргаж, эдгээр өвчин туссан гэсэн цэргүүдийг ар тал руу буцаахгүй байх шийдвэр гаргасан гэдэг.
Үүний дараа байдал бүр ч муудсан буюу жинхэнэ өвчин туссан цэргүүд фронтоос явж чадахгүй болсноор цэргүүдийн байлдах чадвар эрс суларч, халдварт өвчин армиар нэг тархсан байна. Хоёр үзүүртэй зүү гэж энэ буюу.
4
Сарьсан багваахай ашиглах төсөл болон Фугогийн бөмбөлөг
Энэ хоёр төсөл Дэлхийн 2-р дайн үед төрөн гарсан боловч хоёр эсрэг гэмээр шалтгаанаар аль аль нь удалгүй зогссон байна.
Японы сэдсэн Фугогийн төсөл нь Америкийн ар талд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зорилготой байв. Тодруулбал тэсрэх бөмбөгийг агаарын болон хөвөгч бөмбөлгөөр АНУ хүргэх санаа байлаа. Номхон далайн салхийг ашиглан 9300 агаарын болон хөвөгч бөмбөлгийг тэсрэх бодисоор дүүргэн АНУ хүргэхээр хөөргөсөн, хөвүүлсэн боловч ихэнх нь замдаа үрэгдэж үгүй болсон ба хүрэх газраа очсон цөөхөн тоотой бөмбөлөг нь ямар нэг хохирол учруулсангүй. 9300 бөмбөлгөөс зөвхөн нэг нь л хүний аминд хүрсэн гэдэг бөгөөд газар унасан энэ бөмбөлгийг нэг саваагүй этгээд хүрч оролдсоноос болж ойр хавьд байсан 6 хүнтэй цуг амь үрэгдсэн байна.
Сарьсан багваахайтай холбоотой төсөл нь бүр ч сонирхолтой. АНУ-ын арми Японтой дайтах үедээ сарьсан багваахай бүхий бөмбөг хийх гэж оролдсон ба уг амьтан болгонд жижигхэн цагаан фосфор тогтоох замаар тэсрэх бөмбөг хийсэн байна.
Төлөвлөгөөгөөр бол энэ бөмбөгийг шүхрээр хаях үед сарьсан багваахай нисэн гарч энд тэндхийн байшин болгонд үүрлэх байв. Тухайн үеийн Японы ихэнх барилга нь мод цаасаар хийсэн байсан учир ийм бөмбөг хэрэглэснээр асар их хохирол учруулна гэж тооцож байжээ.
Гэсэн ч олон бэрхшээл тохиолдсоны нэг нь уг төсөл дэндүү үнэтэй болсон явдал. Бас нэг бэрхшээл нь уг бөмбөгийг бэлдэн сарьсан багваахайд тогтоож байх үед цөөнгүй амьтад алдагдан бөмбөг үйлдвэрлэх үйлдвэрийн энд тэнд, шатах дэлбэрэх бодистой савын ойрхон үүрлэжээ. Үр дүнд нь уг бааз бүрэн шатаж дэлбэрч дууссан гэдэг.
Энэ төслийн санааг анх шүдний эмч Литл С. Адамс гээч хүн гаргажээ. Тэрээр сарьсан багваахай ихээр үүрлэдэг агуйгаар аялж явахад нь ийм санаа төрсөн гэдэг бөгөөд тухайн үеийн АНУ-ын тэргүүн хатагтай Элеонор Рузвельттэй сайн танилын хувьд бодол санаагаа бичсэн захидал явуулж тусалж дэмжихийг хүссэн байна. Түүний бичсэн захидлын зарим хэсэг их сонирхолтой :
"Бурхан сарьсан багваахайг яах гэж бий болгосон юм бол хэмээн би их гайхдаг байлаа. Харин одоо бурхан багш биднийг дайснаасаа хамгаалахын тулд, амьдралынхаа хэв хэмжээг хэвээр хадгалахын тулд сарьсан багваахайг бүтээсэн юм байна гэдгийг мэдэж авлаа".
Цэргийн бааз шатсаны дараа энэ төслийг яаралтай зогсоожээ.
5
Камбий II-ийн муурын арми
Персийн энэ хаан Египеттэй тулалдах явцдаа нэгэн арга заль хэрэглэн дайснаа бүрмөсөн ялахаар шийдсэн байна. Египетийн нэгэн хэрмийг бүслэн тулалдах үед нь дайсан нь маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан учир хаан хэрмийг орхих тухай хүртэл бодож байсан гэдэг. Гэсэн ч Камбий II арга заль хэрэглэхээр шийдэн өөрийн цэргүүддээ ойр хавийн бүх муур, нохойг олж авчрахыг тушаажээ.
Бас цэрэг болгон өөрийн бамбай дээр муурын зураг зурах ёстой болсон байна. Тулалдах цаг болох үед тэрээр өөрийн цэргүүдийн өмнө тэрхүү “ариун амьтныг” урдаа гарган дайрахад Египетийн цэргүүд “муурын армитай” байлдахаас татгалзан бууж өгсөн байна.
Түүхчдийн бичиж байгаагаар бол дайсанд бууж өгөн хэрмийн хаалгыг онгойлгож өгсөн офицер руу персийн цэрэг муур шидэж байсан гэдэг билээ.