1
Майя
Энэ ард түмний гарал үүсэл нь тодорхойгүй төдийгүй яагаад гэнэт алга болсны нууц ч тайлагдаагүй. Зарим эрдэмтэд Майя нарыг алдарт Атлантидын нэг хэсэг гэж үздэг байхад өөр нэг нь тэдний өвөг дээдсийг эртний Египетчүүд гэх нь ч бий. Майя нар тариа тарьж, ургац хураан авах өндөр үр бүтээмжтэй арга, систем хэрэглэж байсан, одон орны тухай маш гүнзгий мэдлэгтэй байсан зэргээрээ алдартай. Майя нарын хийсэн хуанлийг төв Америкийн бусад улс үндэстэн хэрэглэж байж байсан ба Майячуудын бичиг үсэг нь дүрс тэмдэглэгээ бүхий боловч маш өвөрмөц нууц утга агуулгатай байсан юм. Энэ улсын хөгжил өндөр төвшинд хүрсэн боловч конкистадоруудыг ирснээс хойш уналтад орж, Майя ард түмэн бараг гэв гэнэт гэмээр үгүй болсон билээ.
2
Оросууд
Орос бол хамгийн үл тайлагдах, нууцлаг ард түмний нэг яах аргагүй мөн. Чухам хэдий үед эдгээр хүмүүс өнөөгийн бидний ойлгодог тэр Орос болсон, энэ нэр нь чухам ямар утга учиртай, гарал үүсэлтэй гэдэг талаар эрдэмтэд одоог хүртэл нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй байгаа юм. Орос хүмүүсийн эрт цагийн гарал үүслийг норманн, скиф, сармат, венед, бүр өмнөд сибирийн усуни нар ч гэж үздэг олон таамаглал бий.
3
Пруссчууд
Энэ угсаатны гарал үүсэл маш нууцлаг. Тэдний тухай IX зууны үеийн нэгэн худалдаачин нь Brusi хэмээх нэрээр нэрлэн бичиж байсан гэх бөгөөд дараа нь польш болон германы янз бүрийн судар номд энэ нэр их таарна. Хэл судлаачид тэдний хэлийг энэтхэг-европын хэлний аймагт хамааруулах ба санскрит хэлээр purusa нь хүн гэсэн утгатай учир ийн ангилдаг бололтой. Энэ хэлний тухай мэдээлэл маш бага, тус хэлээр ярьдаг хамгийн сүүлчийн хүн 1677 онд нас барсан ба 1709-1711 онуудад болсон тахал өвчин нь Прусс нутагт үлдсэн сүүлчийн Прусс хүмүүсийн амийг авч одсон байна. Сүүлд гарч ирсэн Пруссын хаант улс зэрэг нь жинхэнэ пруссын ард түмэнтэй тун бага холбоотой билээ.
4
Казакууд (Дон, Запорож)
Казакууд хаанаас гаралтай талаар одоо хүртэл нэгдсэн нэг ойлголт үгүй бөгөөд тэдний гарал үүслийг хойд Кавказ, Азовын тэнгисийн хавь орчин, баруун Туркестантай холбон ярьдаг. Удам судар нь скиф, алан, черкес, хазар, гот гэх бөгөөд бараг судлаач болгон л өөрийн гэсэн өөр өөр үзэл бодолтой байна. Өнөөгийн казакууд нь олон үндэстэн ястны нийлбэр боловч тэд өөрсдийгөө казак гэдэг тусдаа үндэстэн гэж тооцдог юм.
5
Парсууд
Иран, өмнөд Азиас гаралтай ард түмэн. Одоо байгаа хүн ам нь 130 000 орчим ба тэд өөрсдийн сүм хийдтэй “чимээгүй байр” хэмээн нэрлэдэг оршуулгын газартай ба ингэж нэрлэсэн нь байгаль дэлхийн янз бүрийн аймшигт үзэгдлий (гал, газар, ус) дуудахаас айдаг учиртай юм гэнэ. Тэднийг еврейчүүдтэй ихээхэн харьцуулдаг нь газар нутгаа орхихоос өөр аргагүй болсон, аливаа шашин болон зан үйлийн ёс зарчмыг чанд баримталдаг зэрэгтэй холбоотой бололтой. Энэтхэг дэх “Ираны лиг” нь XX зууны эхэн үеэр өөрийн унаган нутагт очих тухай ярьж, сурталчилдаг байсан нь еврейчүүдийн сионизмтай тун төстэй байна.
6
Лапландууд
Тэднийг өөрөөр саамам болон лопарчууд гэж нэрлэдэг. Энэ угсаатан нь бараг 5000 жилийн түүхтэй боловч тэд хаанаас ирсэн тухай эрдэмтэд одоо хүртэл маргалддаг. Нэг хэсэг нь энэ угсаатныг Монголоид гэж байхад нөгөө хэсэг нь палеоевроп гэж үзнэ. Хэл нь финн-угорын аймгийнх гэж ангилдаг ч дотроо нутгийн 10 гаруй аялгатай, тэдгээр нь хоорондоо маш их ялгаатай, тусдаа хэл гэж үзэж болмоор учир Лапландчууд хоорондоо харилцахад ч зарим бэрхшээл гардаг байжээ.
7
Гуцулууд
“Гуцул” хэмээх үгний утга учрын тухай эрдэмтэд одоо хүртэл маргалдсаар байгаа юм. Зарим нэг нь энэ үгийг Молдав хэлний “гоц” болон” гуц” буюу дээрэмчин хэмээх үгтэй холбох бол өөр бусад хүмүүс “кочул” буюу малчин хэмээх үгнээс гаралтай гэж үздэг. Мөн украины уулчид гэж нэрлэдэг хүмүүс ч бас бий. Тэд одоо хүртэл бөө мөргөл, зурхайн ёс үйлийг чанд сахидаг бөгөөд гуцулын шидтэнгүүдийг (бөө) мольфара хэмээн нэрлэдэг байна. Энэ шидтэн нь дотроо хар цагаан гэсэн ялгаатай ба жирийн хүмүүсийн хувьд тэд маш их нэр хүндтэй хүмүүс.
8
Хеттчүүд
Хеттийн гүрэн улс нь эртний түүхэнд ихээхэн нөлөөтэй улс байсан гэдэг ба энд анхны үндсэн хууль бий болсон, тэд байлдааны тэргийг анх ашиглаж эхэлсэн, хоёр толгойт бүргэдийг билэг тэмдэг болгосон гээд тэдний тухай олон сонирхолтой зүйлс байдаг боловч бусад мэдээлэл нь дутуу хомс маргаантай хэвээр байна. Тэдний хөтөлдөг байсан “ баатарлаг үйлсийн хуанли”-д “дараа жил нь” гэсэн тэмдэглэл их таарах боловч чухам хэдийнээс энэ он тоолол эхэлсэн нь мэдэгдээгүй байна. Энэ улсын тухай бид тухайн үеийн хөрш ард түмний бичиж үлдээсэн зүйлээс мэдэх боловч тэд хаашаа алга болсон гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр. “Хеттчүүд :Мянган бурхны ард түмэн” хэмээх ном бичсэн Иоганн Леман нь хеттчүүд нь хойд зүг рүү нүүдэллэн герман удмын омог аймагтай нэгдэн нийлсэн гэж үздэг байна. Гэхдээ энэ нь одоогоор нэг л таамаглал төдий юм.
9
Шумерууд
Шумерууд бол эртний ард түмний дундаас хамгийн их сонирхол татсан, хамгийн нууцлаг угсаатны нэг. Тэд ямар гарал үүсэлтэй, хэл нь ямар аймагт хамаарах талаар бид өдий хүртэл тодорхой мэдсэн зүйлгүй байна. Энэ хүмүүсийн ярилцдаг байсан хэлний талаар маш олон янзын таамаг байдаг бөгөөд өдгөө цагийн Хятад хэл шиг аялгуу, өргөлтөөр утга санаагаа гаргадаг байсан бололтой. Тэд тухайн цаг үедээ хамгийн өндөр хөгжилтэй ард түмний нэг байсан ба Ойрх Дорнодод хамгийн түрүүнд дугуй хийж, хэрэглэдэг болсон, усан хангамжийн системтэй, бичиг үсэгтэй, математикийн болон одон орны асар их мэдлэгтэй байсан нь одоо ч олон хүний сонирхлыг татсаар байна.
10
Этрускууд
Энэ ард түмний тухай түүх гэв гэнэт гарч ирсэнтэйгээ адил гэнэт алга болсон гэдэг. Археологичдийн үзэж байгаагаар тэд Апенниний хойгт амьдарч, хөгжлийн ихээхэн өндөр төвшинд хүрсэн улс байсан ба өнөөгийн Италийн нутагт бий болсон анхны хотууд нь чухам энэ ард түмний байгуулсан хотууд билээ. Мөн ром тоог этрускуудын тоо гэж хэлж болно гэж үздэг эрдэмтэд бий. Этрускууд гэв гэнэт алга болсон нь хачирхалтай бөгөөд зарим таамгаар тэд дорно зүг рүү нүүдэллэн одож одоогийн славян үндэстнүүдийн өвөг дээдэс нь болсон бололтой. Энэ таамгийг гаргасан эрдэмтэд нь тэдний хэлийг славян хэлний бүтэцтэй тун ойролцоо байсан гэж үздэг байна.