1
Диваажингийн шувуу
Уран тансаг хөдөлгөөнөөрөө алдартай Диваажингийн шувуу эмэгчнийхээ анхаарлыг татах гэж чамгүй их хүчин чармайлт гаргадаг байна. Эцэг шувуу эр төлдөө яаж чадамгай бүжиглэхийг зааж сургах ба үржилд ороход бэлэн болтлоо эрэгчин шувуу өөрийн хөдөлгөөнөө байнга давтан улам сайжруулсаар байдаг гэнэ. Эр диваажингийн шувуу эмэгчнийхээ доохно очоод өд сөдөө босгон өөрийн өвөрмөц хөдөлгөөнүүдээрээ түүний анхаарлыг татахыг оролддог байна.
2
Хар хөөндий
Хар хөөндий хэтэрхий этгээд загвартай, яс, дун, чулуунаас бүтсэн шал бүхий модон сүүдрэвч босгон үүгээрээ өөрийн чадвараа эмэгчиндээ гайхуулдаг. Барьж босгосон сүүдрэвч, саравчаа зүгээр л тэгээд орхичихдоггүй, гялтганаж гялалзсан эд зүйлс, цэцгийн дэлбээгээр дүүргэн чимэглэж гоёдог байна.
3
Мөргөөлж
Эмэгчиндээ идүүлэх эрсдэлтэй байдаг тэдний хувьд эвцэлдээнд орно гэдэг дэндүү аз туршсан хэрэг. Эмэгчний биеэс ялгарах тусгай шүүрэлд татагддаг эр мөргөөлж эмэгчинтэйгээ эвцэлдэхээсээ өмнө толгойгоо тастуулах нь энүүхэнд. Зөвхөн зарим нэг азтай эр шавжнууд л гэмтэлгүйгээр амьд гарч чаддаг байна. Нийт эрэгчин мөргөөлжнүүдийн 60% нь зөвхөн эвцлийн үед эмэгчнийхээ “идэш” нь болдог бөгөөд эрэгчнээрээ хооллосон эм шавжууд илүү олон тооны өндөг гаргадгийг эрдэмтэд тогтоожээ.
4
Балт зөгий
Зөгийн балны зориулалтаар үржүүлдэг зөгийнүүд нисэж явахдаа үржилд ордог гэдгийг та мэдэх үү? Харамсалтай нь эвцэлдэх үед эр зөгийний үржлийн эрхтэн болон хэвлийн эд эмэгчин зөгийн биед үлдэж тун удалгүй үхдэг ажээ.
5
Анааш
Эр анаашуудын хувьд тухайн эм анааш өөртэй нь үржилд ороход бэлэн үү үгүй юу гэдгийг юун түрүүнд мэдэх нь чухал байдаг. Тэгэхгүй бол эмэгчний шээсийг хий дэмий уусан хэрэг болж орхино. Анаашууд тийм ч таатай байдлаар “сэтгэлээ илчилдэггүй” аж. Эм анаашийг бэлэн гэдгийг мэдмэгцээ эр анааш өрсөлдөөнд ялснаа бусад өрсөлдөгчдөө мэдэгдэж урт хүзүүгээ савлуулдаг байна.
6
Улаан судалт могой
Тэднээс илүү өрсөлдөөнтэйгөөр ижлээ олдог амьтад гэж энэ хорвоод үгүй биз ээ. Жилд нэгээс хоёр удаа могойн чуулган болох ба энэ үед цорын ганц эм могойн төлөө зуу хүртэлх тооны эр могой өрсөлдөнө.
7
Цэцэрлэгийн эмгэн хумс
Эмгэн хумс гэдэг нь эр, эм хос бэлгийн эрхтэнтэй өөрөөр хэлбэл хос эрхтэнтэй нялцгай биетэн юм. Эвцэлд орох үедээ хэн нь эр, хэн нь эм болохоо шийдэх бөгөөд аль аль нь үр тогтоох чадвартай байдгаараа бусад амьд биетээс өвөрмөц онцлогтой. Эмгэн хумсны талаарх сонирхолтой мэдээлэл үүгээр дуусахгүй. Өөрийн сонгосон эмгэн хумсаа хурц үржлийн эрхтнээрээ хатгаж, эр бэлгийн эсээ дамжуулдаг. Олон дахин ингэж хатгуулах амь насанд нь сөрөг нөлөөтэй байдаг ба хэсэг хугацааны дараа үхдэг байна.
8
Хийлдэг загас
Эр хийлдэг загасны хувьд эсрэг хүйстнээ өөртөө татах нь хүнд даалгавар байдаг. Зүгээр суугаад эсрэг хүйстнээ өөр рүүгээ ирэхийг хүлээлгүйгээр 2м диаметр бүхий тэгш хэмтэй дүрсийг элсэн дээр хэд хоногийн турш зурна. Аль нэг эмэгчинд түүний зурсан дүрс таалагдах юм бол эмэгчин уг дүрсний голд өндгөө шахдаг байна.
9
Аварга хур шувуу
Жил бүр үржлийн улирлаар шувууд цугларах газарт 70 гаруй аварга хур шувуу цуглан эмэгчний анхаарлыг өөртөө татахын төлөө ширүүн өрсөлддөг. Эр шувуунууд сүүлнийхээ өдийг дэвж, цээжин дэх агаарын хүүдийгээ агаараар дүүргэн сүр хүчээ үзүүлнэ. Шувууд цугларах газар нэлэнхийдээ дуу шуутай болох ба эмэгчнийхээ анхаарлыг татахыг оролдон пис пасхийх чимээ гаргах юмуу исгэрэх ажээ.
10
Далайн чөтгөр
Тэнгисийн гүн дэх амьтдын хувьд ижил хосоо олох нь амаргүй зүйл. Тэгвэл эм далайн чөтгөрүүд хань ижлээ олох ажлын дийлэнхийг нь нуруундаа үүрч эрэгчинтэйгээ өөрөө очиж нэгддэг. Эр, эм далайн чөтгөрүүд нэг цусны эргэлт эрхтний тогтолцоотой байх ба эр нь эмээ уургаар хангадаг бол эм нь эрийнхээ эр бэлгийн эсийг авдаг байна. Эм далайн чөтгөр нэгэн зэрэг хэд хэдэн эртэй нийлэх боломжтой учир нэг эр далайн чөтгөр өөрийн “эмэгчин”-ээ бусадтай хуваалцахаас өөр аргагүй болдог ажээ.