Пэн Лиюань нь 1962 оны 11-р сарын 20 нд Шаньдун мужийн Юнчэн хотод төрсөн бөгөөд түүний өсөж төрсөн гэр бүлийн тухай мэдээлэл бараг үгүй. Өөрийнх нь хэлснээр аав ээж нь хар бага наснаас нь дуу хуур, урлагт дуртай болоход нь бүх л талаар дэмжиж байсан гэнэ. Бага ангид байхад нь дуу хөгжимд авьяастай гэдгийг нь мэдсэн эцэг эх нь хөгжмийн боловсрол олгоход анхаарч тусгай сургуульд оруулжээ.
Хөгжмийн сургуулиа дөнгөж төгсөөд байсан, гоо сайхан царай зүстэй, сайхан хоолойтой бүсгүйг янз бүрийн хамтлаг, ардын дууны чуулга зэрэг газрууд өөртөө авах гэсэн боловч Пэн Лиюань цаг зуурын алдар хүнд биш харин амьдралыг нь авч явах боломжтой чиглэлийг хөөсөн нь Шаньдуны цэргийн тойргийн дуу бүжгийн ансамбль байлаа. Тэрээр гайхалтай авьяастайгаас гадна маш ухаалаг нэгэн байсан юм. Учир нь тэр үед армийн дуу бүжгийн чуулга гэдэг бол маш их алдартай, аливаа нэг концерт, тоглолтод хамгийн чухал байр суурийг эзэлдэг цаг үе байв. Лиюань нь ийм хамтлагт байснаар хамгийн сайн концертын танхимд дуулж байсан төдийгүй бүр гадаад улс оронд ч тоглолт хийх боломжтой болсон юм.
Бүсгүй удалгүй од болж тухайн хамтлагийн ямар ч тоглолт түүнгүй байхаа больж, Лиюанийг харах гэсэн, дууг нь сонсох гэсэн олон мянган үнэнч дэмжигчтэй болсон байна. Түүнд аялан тоглолтод оролцон, олны анхаарлын төвд байх нь таалагдаж байсан боловч хувийн амьдралдаа зарцуулах цаг зав бага байлаа. Байнгын аялан тоглолт, бэлтгэл зэргээс болж түүнд хувийн амьдрал гэж үнэндээ байсангүй. Харин энэ үед түүний найз нөхөд нь тус болохоор шийдэн нэгэн залууг танилцуулах гэж оролдсон байна. Энэ бол далайн эргийн Сямэнь хэмээх жижигхэн хотын дарга Ши Жиньпин байлаа.
Пэн Лиюань танихгүй залуутай уулзах хүсэлгүй байсан боловч найз нарынхаа “сайхан залуутай танилц” гэсэн шахалтаар аргагүй явжээ. Гэхдээ тэрээр энэ уулзалтад ямар ч ач холбогдол өгөөгүй учир огтхон ч гоёж гоодсонгүй цэргийн хувцастайгаа очсон гэдэг.
Ши Жиньпин нээрээ л дажгүй сайхан залуу байсан бөгөөд боловсролтой, хошин яриатай энэ хүн нэг л мэдэхэд бүсгүйн сонирхлыг татаж эхэлсэн байна. Хятадын ирээдүйн удирдагч хожим энэ тухай ярихдаа “40 минут ярилцсаны дараа чухам энэ бүсгүй л миний ирээдүйн гэргий байна гэдгийг ойлгосон” гэжээ Олон жилийн дараа улс төрчийн эхнэр анхны уулзалтынхаа тухай: “зүрх маань хачин болж, ёстой заяаны хань нөхөр болох хүн гэж энэ биш үү?” гэсэн бодол төрж байсан хэмээжээ.
Энэ уулзалтаас хойш тэд өөр хотуудад амьдарч байсан, угаас цаг зав багатай зэрэг шалтгаанаас болж ховорхон уулзалдаж байжээ. Гэхдээ орой болгон л утсаар янз бүрийн юм ярьж цагийг өнгөрөөсөөр бүтэн жилийн дараа эхнэр нөхөр болохоор шийдсэн байна.
Тэдэнд нижгэр том хурим найр хийх боломж байсан боловч ингэж хуримлах хэрэгтэй эсэх талаар ч ярилцаагүй гэдэг. Залуу хос найз нартаа “орой 7 цагт бүгд цуглаарай, хоол ундаар дайлах болно” гэсэн урилга явуулаад өөрсдөө гэрлэлтээ батлуулж, хуримын зураг авахуулахаар явсан байна. Жирийн нэгэн үдэшлэгт очиж байгаа гэж ойлгосон найз нар нь ирээд Ши Жиньпин улс даяар сайхан бүсгүй хэмээн алдаршсан Пэн Лиюань-тай сууж, эхнэр нөхөр болж байгааг мэдээд мэл гайхсан гэдэг. Хуримын дараа шинэ хосод бал сар хийх ч зав гарсангүй. Тэд хамтдаа дөрвөн өдөр цуг байгаад өөр өөрсдийн ажлаа хөөн явцгаажээ. Хэдийгээр иймэрхүү холын харилцаа, цуг байх боломжгүй байдал зэрэг нь шинэ хосуудын цаашдын амьдралд ихээхэн хортой байдаг боловч тэд салж сарниагүй юм. 1992 онд Лиюань охин төрүүлж түүндээ Ши Минзэ гэсэн нэр өгчээ.
Хүүхэд төрүүлсэн боловч дуучны маань амьдрал бараг өөрчлөгдсөнгүй, мөн л гадаад дотоодод аялан тоглолт, бэлтгэл... Пэн Лиюаний энэ их зүтгэл талаар өнгөрөөгүй бөгөөд тэрээр хурдан цол нэмж хошууч генерал болжээ.
Ши Жиньпин ч цагийг зүгээр өнгөрөөлгүй албан тушаал ахисаар байсан ба хотын даргын ажлаа өгсний дараа хэд хэдэн ажил, амьдрах газраа солин явахдаа байнга төрийн ажил хийж байсан байна. 2007 онд тэрээр Хятадын хамгийн том тушаалд очиж болох хүмүүсийн нэг хэмээн нэрлэгдэж , 5 жилийн дараа Хятадын удирдагч болсон байна.
Улс төрийн, намын ийм том албан тушаалд очихын тулд зарим нэг хязгаарлалт бий болсон нь Пэн Лиюаний цэргийн ансамбльд дуулах явдал байсан бөгөөд Пэн Лиюань ямар ч эргэлзээгүйгээр ажлаа орхин, хувийн амьдралаа, өөрийгөө нөхрийнхөө ажил албанд зориулсан байна. 2012 онд Ши Жиньпин ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болж жилийн дараа БНХАУ-ын дарга боллоо.
Хятадын тэргүүн гадаад улсад албан ёсны айлчлал хийхэд Пэн Лиюань нь зөвхөн нөхрөө даган яваа гэргий төдий биш Хятадын улс төрийн элит хэсгийн нэгэн нүүр царай, дахин давтагдашгүй өвөрмөц өнгө төрх нь болдог билээ.
Урьд өмнө Хятадын тэргүүн нар айлчлал хийхдээ европ загварын костюм өмсөж зангиа зүүдэг байсан бол Пэн Лиюаний зүтгэлээр европ болон Хятадын үндэсний хэв маяг орсон өвөрмөц албан ёсны хувцастай болсон байна.
Заримдаа Хятадын дарга, эхнэртэйгээ цуг ихээхэн өвөрмөц өнгө төрхтэй хувцас өмсөх бөгөөд Нидерландад болсон хааны хүлээн авалт дээр Хятадын үндэсний хувцас өмсөн очсон нь тэнд байсан олон хүний төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм.
Хожим энэ нь бараг уламжлал болж гадаад улс орны хаад, ерөнхийлөгч нартай уулзах уулзалтад Хятад үндэсний хувцас өмсдөг болжээ. 2014 онд Хятадад болсон Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн чуулга уулзалт дээр гадаадын улс орны ерөнхийлөгч нарын өмсөх хувцсыг чухам Лиюань сонгосон гэдэг.
Лиюанийг өөрийн улсын төлөө нөхрөөсөө дутуугүй үүрэг гүйцэтгэж байгаа гэж үздэг олон хүмүүс бий. Түүний ёс зүй, биеэ авч яваа байдал, гадаад төрх зэрэг нь бүх л Хятадын өнгө төрх, төлөөлөл болж буй. Хятадын өмнөх удирдагч нарт чухам ийм нүүр царай дутагдаж байсан билээ.