Азтай болон азгүй хүмүүсийн ялгаа
Хартфордширын их сургуулийн сэтгэл судлалын профессор Ричард Уайзман (Richard Wiseman) азтай болон азгүй хүмүүсийн ялгааг олохоор шийджээ. Уайзманы хийсэн судалгаанаас харахад азтай хүмүүс илүү их инээмсэглэдэг, бусад хүмүүсийн нүд рүү харж ярихыг хичээдэг гэнэ. Нийтэч, нээлттэй байдал нь амжилтыг өөртөө дууддаг хэмээн эрдэмтэн үзжээ. Харин азгүй хүмүүс айдас болон сөрөг сэтгэл хөдлөлийг илүү ихээр мэдэрч, тайван бус байдаг гэнэ.
Уайзман хэд хэдэн сонирхолтой туршилтыг явуулжээ. Түгшүүрийн байдлын нөлөөллийг шалгахын тулд тэрээр туршилтын нэгдүгээр багийн хүмүүсийг компьютерийн дэлгэцийн голд хөдлөж буй цэг рүү харахыг хүссэн байна. Хэсэг хугацааны дараа дэлгэцэн дээр том цэг гарч ирсэн бөгөөд үүнийг туршилтанд оролцогчид бүгд анзаарчээ.
Харин хоёр дахь туршилтын багийнханд төв дээр буй дугуйд анхаарал хандуулж чадвал мөнгөн шагнал өгнө гэж амласан байна. Туршилтанд оролцогчдын гуравны нэг нь мөнгө авахын тулд стрессийн байдалд орж, эргэн тойронд гарсан том цэгүүдийг анзаараагүй аж.
Дүгнэлт: Хэдийгээр түгшүүрийн байдал ямар нэг зүйлд анхаарал хандуулахад тустай ч өөр боломжийг харахад саад болдог болох нь туршилтаар батлагджээ. Азгүй хүмүүс тодорхой нэг асуудал дээр хэт их анхаарал хандуулснаар шинэ боломжийг алддаг байна. Харин азтай хүмүүс бүх боломжийг олж харж чаддаг.
Өөр нэгэн туршилтад оролцогчдод Уайзман сонин өгч сонин дээр буй зурагны тоог гаргахыг хүссэн байна. Бүх зургийг тоолоход азгүй хүмүүст 2 минут шаардсан бол, азтай хүмүүст хэдхэн секунд шаардсан аж. Учир нь сонингийн хоёрдахь нүүрэнд “Тоолохоо боль. Энэ сонин дээр 43 зураг байна” гэж бичсэн байжээ. Азтай хүмүүс энэхүү бичгийг шууд харсан гэсэн үг юм. Тэд илүү анхааралтай байдаг болох нь уг туршилтаар тогтоогджээ.
Азтай хүмүүс амьдралыг илүү өөдрөгөөр хардаг. Ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн ч тэд энэ асуудлаас давуу талыг хайх болно.
Аз дагуулах 3 зарчим
Уайзман хүн азтай болж чадах болов уу? гэдэг тал дээр мөн туршилт хийжээ. Тэрээр туршилтад оролцогчдоор нэг сарын турш хэд хэдэн дасгал хийлгэсэн байна. Сарын дараа оролцогчдын 80% нь илүү аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун, азтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Уайзманы даалгавар:
1. Илүү өргөн цар хүрээнд бод
Тавьсан зорилгодоо хүрэх болов уу хэмээн үргэлж санаа зовсноор та таатай боломжийг алдах магадлалтай. Тиймээс бүх шинэ зүйлд нээлттэй байж, өргөн цар хүрээнд сэтгэснээр та азын тасалбарыг сугалж чадна.
2. Амьдралд эерэгээр ханд
Бүх зүйлийг сөргөөр харах хэрэггүй. Энэ нь амьдралын эрч хүчийг сордог юм. Тиймээс амьдралд гомдоллохын оронд үүнээс илүү муу зүйл тохиолдоогүйд талархах нь зүйтэй.
3. Энэ долоо хоног, өмнө нь огт хийж байгаагүй зүйлээ хий
Тогтмол нэг зүйлийг хийх нь таныг залхааж, ядраах магадлалтай. Тиймээс амьдралдаа шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Хайрцагнаасаа гарч чадвал амьдрал илүү сонирхолтой болж, та азыг өөртөө татах болно.
Зарим хүмүүс төрөлхийн азтай төрдөг. Гэхдээ өөрийн бүх азгүйдэлд амьдралын нөхцөл байдал болон бусдыг буруутгах хэрэггүй. Өөрийнхөө аз жаргалын түлхүүрийг гартаа атга.