Меланиаг 49 настай байхад, нөхөр болох Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш бүсгүйн нэр хүнд өсөж, дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болжээ. Өдгөө тэрээр АНУ-ын үлгэр жишээ хатагтай болсон билээ.
Тэрээр 1970 онд Словений нэгэн тосгонд эгэл жирийн гэр бүлд төрсөн бөгөөд түүний бага нас тийм ч таатай, хангалуун байгаагүй аж. Меланиагийн эцэг Виктор нь худалдаачин, харин ээж Амалия нь хүүхдийн хувцасны дизайнер байв. Ээжийнхээ ачаар Меланиа хамгийн анх 5 настай байхдаа загварын тайзнаа алхсан бөгөөд загвар өмсөгчийн карьер нь 16 настай байхад нь эхэлсэн байна.
Гэрэл зурагчин Стейн Йерко (Stane Jerko) 1987 онд Словений нийслэл Люблянагийн "Загвар зохион бүтээгч, гэрэл зурагчны сургууль"- д сурч байсан Меланиаг анх олж харжээ. Тэрээр охинд загварын зогсолт, гэрэл зураг авахуулах чадварыг зааж 18 нас хүрээд Меланиа Милани дахь загварын агентлагтай гэрээ байгуулжээ.
1992 онд үзэсгэлэнт бүсгүй маань Словений "Jana" сэтгүүлийн “ Шилдэг загвар өмсөгч”-ийн тэмцээнд 2-р байр эзэлж, Парис болон Милан хотыг зорьсон аж. Тэрээр Нью-Йоркийн загварын салбарт хүч үзэхийг хүсэж байсан бөгөөд 1996 онд 26 настай Меланиагийн хүсэл биелэж АНУ-ын төрөл бүрийн загварын шалгаруулалтад орох болжээ. Тэрээр сурталчилгаа болон сэтгүүлийн нүүрийг чимэглэх болсон байна.
Меланиа ирээдүйн нөхөр болох Дональд Трамптай 1998 онд болсон Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Kit Kat” клубын үдэшлэгээр танилцсан аж. Анхны уулзалтаараа Меланиа нь Трампын анхаарлыг татаж чадаагүй юм. Бүсгүй түүнийг хоёр дахь эхнэр Марла Мейплзээсээ салсан болохыг мэдэж байсан бөгөөд тэрээр өөрийнхөө дугаарыг Трампт өгөхийн оронд өөрөө түүний дугаарыг авч, эхний ээлжинд найз нөхдийн холбоотой болжээ.
Трамп 2004 онд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Met Gala" арга хэмжээний үеэр Меланиад гэрлэх санал тавьж, 12 каратын алтан бөгж бэлэглэсэн байна.
Хосууд 2005 онд Флоридад гэрлэлтээ батлуулсан бөгөөд тухайн үед Меланиа 34, харин Трамп 58 настай байсан гэнэ. Сүйт бүсгүй 100 мянган долларын үнэтэй 1500 орчим чулуугаар чимэглэсэн Dior-ын хуримын даашинзаар гоёжээ. Уг даашинзыг урлахад 550 цаг шаардсан гэнэ.
Жилийн дараа хосууд Бэррон Трамп гэх хүүтэй болсон бөгөөд тэрээр өдгөө 13 нас хүрчээ.
Трамптай гэр бүл болсныхоо дараа Меланиа өөрийн гоёл чимэглэл болон цагны брэндийг нээсэн бөгөөд загварыг нь өөрөө зохион бүтээдэг аж.
Хосуудын нүүж орсон, Луи XIV хааны ордны загвараар баригдсан шилтгээн нь 24 карат алт болон алтан хүрээгээр чимэглэсэн бөгөөд таазыг нь фреско уран зургаар чимэглэж, гэрлийн бүрхүүлийг нь болороор хийсэн байна.
Меланиагийн хэлснээр хосууд гайхалтай харилцаатай, бие даасан хувь хүмүүс аж.
2015 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд Трампын эхнэр төдийлөн оролцож байгаагүй ч нөхрийнхөө ард бат зогсож, түүнийг үргэлж дэмждэг байсан юм.
Дональд Трамп 2017 оны 1-р сард ерөнхийлөгч болсон бөгөөд түүний хажууд үзэсгэлэнт гэргий Меланиа нь Ralph Lauren-ы цэнхэр даашинзтай зогсож байжээ.
Хэдийгээр зарим хүмүүс Меланиаг “хуурамч" гэж үздэг ч үнэн хэрэгтээ тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн баг хамт олны ажил хөдөлмөрт чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйн тоонд багтаж байгаа юм. Тэргүүн хатагтай маань үзэсгэлэнтэй төдийгүй, маш ухаалаг бөгөөд тэрээр дэлхийн таван хэлээр ярьж, бүх төрлийн сэдвээр чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг байна.
Амжилтын оргилд хүрэх зам тийм ч хялбар байдаггүй. Хэдийгээр Меланиа Словений жижигхэн тосгонд төрж өссөн ч загварын ертөнцөд хөл тавьж, дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эрхмийн сэтгэлийг татаж чадсан байна. Энэ бүх зүйл нь зорилгодоо хүрэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Энгийн нэгэн словени “Үнсгэлжин” ийнхүү “Хатан” болж чаджээ. Тэрээр олон олон бүсгүйчүүдийн хувьд үлгэр жишээ болж байгаа юм.
АНУ-ын тэргүүн хатагтай болохын өмнө Меланиа маш олон хүнд хэцүү зам туулсан нь гарцаагүй. Түүний анхны гэрэл зургуудыг харахад одоогийн тэргүүн хатагтайг олж харахад амаргүй. Он цаг өнгөрөх тусам тэрээр танигдахын аргагүй үзэсгэлэнтэй эмэгтэй болжээ.