Хятадын нүүрсний хэрэглээ цаашид улам нэмэгдэнэ. Учир нь...

Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлдэг Хятад улс ойрын ирээдүйд ногоон эрчим хүчийг дэмжих бодолгүй байгаа бололтой. 2019 онд эдийн засаг нь 6 хувь буюу энэ зуунд тохиогоогүй бага өсөлттэй гарсан учир эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд тус улсын эрчим хүч, эдийн засгийн гол тулгуур болсон нүүрс болон бусад хүнд үйлдвэрүүдийг хоёр дахин дэмжихээр болж, 148гвтын хүчин чадалтай нүүрсний шинэ цахилгаан станц барихаар болжээ.

Хятадын нүүрсний хэрэглээ цаашид улам нэмэгдэнэ. Учир нь...

Хиймэл дагуулын зургаас харахад Хятад улс 148 гвт-ын хүчин чадалтай нүүрсний шинэ цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа аж. Мөн үйл ажиллагаа нь зогсоод байсан 26,4гвт хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станцыг дахин сэргээн барихаар болсон байна. Энэхүү шинэ цахилгаан станц нь Европын Холбооны бараг бүх нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүчин чадалтай хэмээн АНУ-ын Сан Францискод төвтэй "Global Energy Monitor" ТББ мэдэгджээ. Мөн тус байгууллага өөрийн хуудаснаа “Европчууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өсгөхийг зорьж байхад Хятад улс нүүрсний шинэ үйлдвэрээ барихаар бэлтгэж байна” хэмээн нийтэлсэн юм. Энэхүү шийдвэрийг "Бээжин дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэсэн амлалтаа уландаа гишгэж байна" гэж дэлхий нийт үзэж байгаа юм.  

"Ройтерс"-ийн мэдээлж байсанчлан Хятадын эрх баригчид 2019 оны эхний 3 улиралд нүүрсний 40 шинэ уурхай байгуулах ажлыг хүчин төгөлдөр болгож байв. Энэ шийдвэр нь дэлхий, хүрээлэн буй орчинд учруулах хохирол, хор хөнөөлийг үл тоосон, амиа бодсон алхам болсон юм. Хятад улс өнөөдөр дэлхий дээрх нийт нүүрсний тал хувийг, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 30 хувийг эзэлдэг. Харин дэлхийн нүүрсхүчлийн хийн 15 хувийг АНУ, 5 хувийг ОХУ  ялгаруулдаг байна. 

2015 онд Парисын хэлэлцээрийн гишүүн орнууд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, дэлхийн дундаж температурын өсөлтийг 2 хэмээс доош барих үүрэг амлалт өгцгөөсөн. Энэхүү баримт бичигт 175 орон гарын үсгээ зурж, Хятад улс 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралтыг дорвитой буулгана гэж амласан билээ. Энэ оны 11-р сард "Уур амьсгалын өөрчлөлт бол бүх хүн төрөлхтөнд нүүрлэж буй том аюул. Энэ аюулаас сэргийлэхийн тулд дэлхийн бүх улс орон, олон улсын хамтын нийгэмлэгүүд гар бие оролцож ажиллах ёстой." гэж БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Гэн Шуан хэлж байв. "Парисын хэлэлцээр дэх үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд Бээжин ирэх 10 жилд нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэх биш бууруулах ёстой гэдгээ санамаар юм даа" гэж Дэлхийн Эрчим Хүчний хяналтын байгууллага мэдэгдээд буй.

Хятад улс өөрөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байгаа. Тус улсын эрэг дагуух Шанхай, Тяньжин, Шеньжэнь хотууд 2050 он гэхэд усан доор ч оршиж магадгүй. Хятад улс салхи, нар, усны эрчим хүчний станцуудад идэвхтэй хөрөнгө оруулалт хийж, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжсээр ирсэн. Харин 2019 оны эхний хагаст хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны энэ үетэй харьцуулахад 39 хувь буурсан гэж Блүмберг мэдээлээд байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын Төрийн Зөвлөл байгаль орчныг сайжруулахын тулд ногоон эрчим хүчинд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Сэргээгдэх эрчим хүчний нөөц, байгууламжид хийсэн асар их хөрөнгө оруулалт ямар ч үр дүнгүй, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхгүй байгаа учир хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байна гэж "Эксперт РА" үнэлгээний агентлагийн төслийн менежер Вита Спивак  тайлбарлажээ. Цаашлаад саяхан АНУ-тай хийсэн худалдааны дайнд Хятад улс асар их эрсдэл хүлээсэн нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна.

БНХАУ-ын Коммунист намын нэр хүнд эдийн засгийн өсөлтөөс хамаарна

Хятадын Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр 2019 оны эхний 3-р улиралд улсын ДНБ  6 хувиар өссөн нь 1992 оноос хойших хамгийн бага өсөлт ажээ. 2018 онд Хятадын ДНБ 6,6 хувиар өсөж байв. Геополитикийн маргаан, эдийн засгийн асуудлууд, өрийн дарамт зэрэг нь тус улсын хөрөнгө оруулалтын бүтцийг утгаар нь өөрчилсөн гэж "Иволга Капитал"-ын өрийн шинжээч Илья Григорьев хэлсэн юм.

БНХАУ-ын Коммунист намын нэр хүнд эдийн засгийн өсөлтөөс хамаарна

Сэргээгдэх эрчим хүчний томоохон технологиуд Хятад улсад үйлдвэрлэгддэггүй. АНУ, Хятад улсуудын худалдааны дайны нэг томоохон шалтгаан нь оюуны өмчийн асуудал. Худалдааны дайны энэ үед АНУ технологи, тоног төхөөрөмж нийлүүлэлтэд хязгаарлалт тогтоовол ийм том хэмжээний цахилгаан станц байгуулахад алдагдалд хүрч болзошгүй.  Тиймээс нүүрсний шинэ цахилгаан станц барих төлөвлөгөө нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэсэн эрх баригчдын хүслээс үүдэлтэй гэж шинжээчид дүгнээд байна. Дэлхийн экологи, хүрээлэн буй орчинд нөлөөлөөд зогсохгүй Хятад улсад өөрт нь ч том аюул авч ирнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()