"Шинэ тивийн бэлэг" - Тэмбүү өвчин дэлхий нийтийг сөхрүүлсэн түүх

Тэмбүү өвчин эрт үеэс шившигтэй, ичгүүртэй өвчинд тооцогддог байв. 1495 оны 6-р сард Николо Скүллачи хэмээх Итали эмчийн бичсэн захидалд анх тэмбүү өвчний тухай дурдаж байжээ. Захидалд, “Загатнахын хажуугаар таагүй өвдөлт мэдрэгдэнэ. Арьсан дээр эхэндээ улаан өнгөтэй, бэрсүүт товруу хэлбэрийн яр гарч, удалгүй илүү бараан өнгөтэй болдог. Эхлээд биеийн хамгийн эмзэг хэсгүүдэд гарч эхэлнэ. Энэ нь зэрлэгүүдийн хор, хараалаас илүү аюултай өвчин” хэмээн бичжээ. Скүллачи энэхүү захиаг Европ даяар анхны томоохон тэмбүүний халдвар тархаж байх үед бичсэн байна.

"Шинэ тивийн бэлэг" - Тэмбүү өвчин дэлхий нийтийг сөхрүүлсэн түүх

1 Европ руу тархсан түүх

1493 онд Христофер Колумб болон түүний хамтрагчид Энэтхэг хүрэх шинэ зам олох гэж байгаад шинэ тивийг нээсний сацуу төмс, улаан лооль гэх мэт шинэлэг бүтээгдэхүүн, тамхи, басхүү гайхал тэмбүү өвчнийг нутагтаа бэлэг болгон авчирчээ. Мэдээж, тэмбүү бол хүсээгүй бэлэг байсан нь тодорхой.

Аяллаас ирмэгцээ тэд хүнд өвчин туссан гэдгээ мэдэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд ичимдэг эрхтэн нь загатнаж байгаад л зүгээр болно гэж бодож байжээ. Дээр нь тэд аяллаас олсон орлогоороо эмсийн хүрээлэнгээс хүүхэн худалдан авахад зарцуулж байснаас бүх зүйл эхэлсэн байна.

15-р зуунд Европт анх тэмбүү тархах үед одоогийнхоос илүү ноцтой өвчинд тооцогдож байлаа. Тухайн үеийн бичвэр, урлагийн бүтээлүүдээс харвал тэр үед халдвар авсан өвчтөнүүд богино хугацаанд амь насаа алдаж, илүү хурдацтай тархаж байжээ. Европт тэмбүү шинэ төрлийн өвчин байсан бөгөөд хүмүүст үүний эсрэг дархлаа байгаагүй учраас ийнхүү гамшиг тарьсан хэмээн эрдэмтэд үздэг. Тухайн үед хүмүүс тэмбүүг “Хүчтэй хараал” гэж нэрлэдэг байжээ. Тухайн үед эмчилгээ ховор байсан бөгөөд ихэнхдээ үр дүнгүй болдог байв. Эмч нар мөнгөн усны түрхлэг зэрэг эмчилгээ туршиж байсан нь маш их өвдөлт өгч, зарим өвчтөн үүнээс үүдэн амиа алдаж байлаа. Мөн их хэмжээгээр хөлрөх үед хор биеэс гадагшилна гэж үзэж халуун ууранд орохыг санал болгодог байжээ

Европ руу тархсан түүх

2 Бусдыг буруутгаж эхлэв

Скүллачи захидалдаа тэмбүүг, “Франц өвчин” гэж нэрлэж байсан юм. Ингэснээр нэг бүс нутгийн хүмүүс бусад бүс нутгийн хүмүүсийг уг өвчинд буруутгаж эхэлжээ. Герман, Англи зэрэг улсын иргэд ч мөн тэмбүүг “Франц өвчин” гэж нэрлэж  байлаа. Харин Францчууд тэмбүүг “Неополитан өвчин” буюу Италийн Наполиос гаралтай гэж үзэж байв. Оросууд “Польш өвчин” хэмээж байсан бол Польшууд “Герман өвчин”, Туркууд “Христийн шашинтнуудын өвчин”, харин Муслимчууд тэмбүүг Хинду шашинтнуудаас гаралтай гэж буруутгаж байлаа.

Бусдыг буруутгаж эхлэв

3 Нэрийн үүсэл

Тэмбүүг олон улсын нэршлээр “Syphilis” гэдэг. Италийн яруу найрагч Гираламо Фракасторо анх уг өвчнийг ийнхүү нэрлэжээ. 1530 онд хэвлэгдсэн шүлэгт энэ нэршлийг оруулсан бөгөөд Syphilis гэдэг нь Овидийн Metamorphoses зохиол дээр гардаг хааны хоньчны дүрийн нэр юм. Хоньчин нутагт нь нүүрлэсэн ган гачигт Аполло бурхныг буруутгаснаар түүнийг хилэгнүүлж, Аполло бурхан Syphilis-ийг аймшигт өвчнөөр харааснаар түүний амьдардаг нутаг даяар өвчин тархжээ. Өвчин хаанд хүртэл халдсан байна.

Шүлгийн зохиолд тэмбүү хаанд хүртэл халдварласан хэмээн гардаг нь шүлгийн уншигчдад ихэд үнэмшилтэй санагджээ. Учир нь түүхээс харахад олон удирдагч, зохиолч, уран бүтээлчид тэмбүү өвчин тусч байсан байдаг. Яг тодорхой биш ч гэсэн олон алдартай хүмүүсийн хүнд өвчин тэмбүүнээс үүдэлтэй байж мэдэх юм. Жишээлбэл, хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен, Франц Шуберт, зохиолч Оскар Уайлд, Жеимс Жойс, философич Фридрих Ницше, төрийн зүтгэлтнээс Наполеон Бонапарт зэргийг дурдаж болох юм.

Нэрийн үүсэл

4 Дэлхий даяар тархсан нь

Тэмбүү өвчин Европыг маш богино хугацаанд нөмрөн авчээ. 1495 оны төгсгөл үед Франц, Швеицари, Германд хүрч, 1497 онд Англи, Шотландад тархсан байна. Харин 1500 онд Скандинавын орнууд, Унгар, Грек, Польш, Орос улсуудад дэгджээ.

1400-1500-аад оны үед Европын судлаачид далайгаар аялж, тэмбүү өвчнийг Энэтхэг, Африк, Ойрхи Дорнод, Хятад, Япон болон Номхон далайн арлуудад тараажээ. 16,17-р зуунд зарим хүмүүс тэмбүүг нүглийн цээрлэл хэмээн үзэж, энэ өвчтэй хүмүүс эмчилгээ авах эрхгүй хэмээн үздэг байв. Харин зарим нь тэмбүү туссан хүмүүст хатуу ширүүн эмчилгээ хэрэгтэй гэж боддог байжээ.

Харин 1673 онд Британийн эмч Томас Сиденхам, тэмбүү өвчинтэй холбоотой ёс суртахууны үзэл эмч нарт нөлөөлөх ёсгүй. Тэмбүү туссан өвчтөн бүр эмч нараар шүүгдэхийн оронд эмчилгээ хийлгэх эрхтэй хэмээн бичиж байжээ. 18-р зууны эхэн үед тэмбүү өвчин өмнөх он жилүүд шиг хөнөөлтэй өвчинд тооцогдохоо больжээ. Харин өнөө үед тэмбүү өвчнийг хэрхэн дүгнэдэг түүнтэй ижил ханддаг болсон байна.

Дэлхий даяар тархсан нь

5 Шинжлэх ухааны судалгаа, эмчилгээ

1905 онд Германы амьтан судлаач Фриц Ричард Шаудинн, арьс өнгөний эмч Эрик Хоффман нар тэмбүү өвчний шалтгааныг цайвар трепонем (treponema pallidum) хэмээх нянгаар үүсгэгддэг гэдгийг олж нээжээ. Үүнээс 23 жилийн дараа буюу 1928 онд Лондонгийн эрдэмтэн Александр Флеминг пенициллинийг нээсэн юм. Ийнхүү 1943 онд Америкийн, Нью Иорк дахь Тэнгисийн цэргийн эмнэлэгт ажилладаг 3 эмч тэмбүү өвчтэй 4 өвчтөнг пенициллинээр эмчилснээр өнөөг хүртэл тэмбүү өвчний гол эмчилгээ болсоор иржээ. 

Шинжлэх ухааны судалгаа, эмчилгээ

6 Этгээд өвчин

Тэмбүү нь трепонем нянгийн бүлгээс үүдэлтэй дөрвөн дэд өвчний нэг бөгөөд зарим нь арьс шүргэлцэхэд халдварладаг ба эрүүл ахуй, ариун цэвэр муу орчинд амьдардаг хүүхдүүдэд мөн халддаг байна.

Тэмбүү үүсгэгч бодис нь дээр дурдсанчлан спираль хэлбэртэй, Цайвар Трепонем хэмээх бактери юм. “Энэ бол этгээд өвчин. Бусад бактериудын адил уураг, өөх тос үүсгэдэггүй. Өөрийнхөө хэсгээс тасдаж, халдвар авсан хүний эстэй холбогддог. Аливаа нөхцөл байдалд дасан зохицож, тэсвэрлэх шинж чанартай” хэмээн Вашингтон Их Сургуулийн судлаач, профессор Шэйла А.Люкхарт дүгнэжээ.

Этгээд өвчин

7 Тэмбүү өвчний эмчилгээний хэтийн төлөв

Энэ бактерийн онцлог чанар нь урьдчилан сэргийлэх тарилгад тэсвэртэй болгож байгаа бөгөөд судлаачид тэмбүүгийн эсрэг үйлчилгээтэй вакцин олж нээхээр ажиллаж байгаа тухай Доктор Люкхарт онцолсон байна. Люхартын нэгэн төгсөгч, тэмбүү туссан өвчтөн дээр яр, үрэвсэл гарах нөхцөлийг хаах вакцин бүтээхээр ажиллаж байгаа ажээ. Яр, үрэвсэл гарах нөхцөлийг хааснаар, халдвартай хүнээс эрүүл хүнд тэмбүү халдах боломжийг мөн хаах боломжтой юм байна. Люхартын үзэж байгаагаар, “Тэмбүү гэх өвчнийг бид ор мөргүй арилгаж чадахгүй ч жирэмсэн эхээс урагт халддаг байдлыг арилгаж чадна” хэмээн үзэж байна.

Тэмбүү өвчний эмчилгээний хэтийн төлөв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()