1
Эцэг эхийн тэвчээр хэрхэн алдагддаг вэ?
Хүүхэдтэй болсон цагаас эхлэн эцэг эхчүүдэд өөртөө зориулах цаг зав гэж үгүй болдог. Жишээлбэл: Та шүршүүрт орох гэтэл хүүхэд тань сэрчихсэн үү. Мэдээж энэ хүндрэлтэй асуудал биш хэдий ч тогтмол энэ мэт зүйлс давтагдвал та мэдрэлийн ядаргаанд орж, юу ч хийх хүсэлгүй болж, хүүхэд тань хүртэл таны бухимдлыг төрүүлнэ. Ингээд та өөрийгөө “муу ээж” гэж бодож эхлэх бөгөөд эргэн тойрны хүмүүст таны энэ байдал хуурамч зүйл мэт санагдана. Дээр үед даавуу угаадаг байсан бол одоо живх, угаалгын машин байхад юунд нь ядардаг юм гэж хэлэх хүн элбэг тааралдана. Гэхдээ мэдрэлийн систем нь бусад эрхтнүүдийн адилаар өвчилдөг гэдгийг мартаж болохгүй.
2
Өөрийгөө эрхлүүл
Ихэнх ээжүүд маань бусдыг дэмжиж чаддаг ч өөрийгөө төдийлөн дэмжиж, өөртөө тайвшрах боломж олгодоггүй. Өөрийгөө буруутгах нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх бөгөөд аливаа шинэлэг зүйл, амжилт зөвхөн сэтгэл санаа өөдрөг байх үед бүтэмжтэй байдаг гэдгийг санаарай. Уур бухимдал төрөх үед өөрийн дотоод сэтгэлийг сонсож, өөрийгөө буруутгахгүйгээр, өөрийгөө чин сэтгэлээсээ өрөвдөх хэрэгтэй хэмээн сэтгэл судлаач Людмила Петронавская зөвлөсөн байна.
Энэ нөхцөл байдалд өөртөө хэрхэн анхаарал хандуулах боломжтой талаар бодож үз. Та өөртөө зориулж ямар нэг таатай зүйлийг хийхийг хүсэж л байгаа биз дээ. Эцэст нь гэж хэлэхэд өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө халамжлах нь бусдыг халамжилж буй хэрэг юм. Таны аз жаргалтай байдлаас бусад хүмүүс аз жаргалыг мэдэрнэ шүү дээ.
3
Өөртөө анхаарал хандуул
Мэдээж, хүүхэд төрсөн эхний саруудад ээж хүүхэд хоёр салшгүй холбоотой байдаг учир энэ үед хүүхдэдээ анхаарал хандуулахгүйгээр өөртөө анхаарал хандуулах нь тийм ч зөв санаа биш. Сэтгэл судлаач Людмила Петронавская: Та ямар нэг ажлаар гадагшаа гарах эрхтэй бөгөөд энэ үед мэдээж хүүхэд тань хямрах нь энгийн үзэгдэл. Та дахин хүүхэдтэй болох эрхтэй. Энэ үед мөн л хүүхэд тань таныг харамлаж уурлах нь байдаг л зүйл. Та нөхрөөсөө салах эрхтэй. Гэхдээ энэ тохиолдолд мөн л хүүхэд шаналах болно. Та өөрийн байр суурь, амьдралын хэв маягийг өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хүүхэд тань эсэргүүцэл илэрхийлж, өмнөх амьдралын хэв маягаа санах нь энгийн үзэгдэл юм.
Та өөрийн хүсэж байгаагаар амьдрах эрхтэй бөгөөд хүүхэд тань энэ байдалд дасан зохицож амьдрах ёстой. Энэ бол байгалийн жам бөгөөд хүүхэд насанд хүрэгчдийг дагаж амьдрах ёстой юм.
Сэтгэл судлаач Катерина Мурашовагийн үзэж байгаагаар, орчин үеийн эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрөөрөө байх чөлөөт цаг өгдөггүй гэнэ. Тэд хүүхдийг аль болох завгүй байлгах гэж хичээдэг. Гэтэл үнэндээ хүүхэд биеэ дааж, өөрийгөө завгүй байлгах чадвард суралцах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралаар амьдар. Эцэг эх гэдэг амьдралын хамгийн чухал үүрэг биш гэдгийг санаарай.
4
Бүхнийг төгс хийх гэж бүү хичээ
Судалгаанаас харахад эцэг эхчүүд хүүхдэдээ хамгийн сайн, төгс гэсэн бүхнийг өгөх гэж хичээснээр өөрсдөө маш хурдан эрч хүчээ алддаг. Төгс байх гэсэн оролдлого нь маш их эрч хүч шаарддаг учир эцсийн үр дүнд эцэг эхчүүд хүүхдээ анхаарахаа больж, үл тоосон байдалтай, зэрлэг харьцах нь бий. Ихэнхдээ төгс ээж нар дэлгүүрт уйлж буй хүүхдэдээ хандаж: “Чи намайг эвгүй байдалд оруулж байна” гэж хэлдэг юм. Учир нь хүүхдийн уйлах нь төгс ээжийн бодолтой огт нийцэхгүй зүйл.
Анхнаасаа бууж өгсөн хүн хамгийн түрүүнд эрч хүчээ алддаг. Энэ төрлийн эцэг эхчүүд өөрсдийгөө төгс биш гэдгийг мэддэг бөгөөд хүүхэд хүмүүжүүлэх төгс арга байдаггүй гэдгийг ч мэднэ. Та юу ч хийж байсан бүх зүйл тань алдаатай болох болно. Сайн ээж харин өөрийнхөө чадах зүйлийг хийж, бүх зүйлийг хяналтдаа байлгаж, хариуцлага хүлээх чадвартай байдаг юм.
5
Стандартаа багасга
Өөрийгөө битгий цахим сүлжээний ээж нартай харьцуул. Өөрийн хүлээлтийг сайн гэгч нь ажиглаж, дараа нь өөртөө шаардлага тавиарай. Жишээлбэл: Та гэрээ өдөр бүр цэвэрлэдэг бол энэ байдлыг өөрчилж долоо хоногт 3 удаа цэвэрлэж болно. Эсвэл өдөр бүр хоол хийхийн оронд заримдаа захиалж болно шүү дээ. Хөрш айлынхаа эмэгтэйг бага хэмжээний мөнгөөр хүүхдээ бүжгийн дугуйланд нь хүргэж өгөхийг гуйж болно. Жижиг сажиг зүйлд хандуулах анхаарлаа бага ч болов сулруулаарай.
Блогер ээж болох Хейли Хенгст: Ээж гэдэг сая сая бөмбөгтэй жонглёр бөгөөд та энэ бөмбөгийг алдахгүйн тулд тасралтгүй жонглёрдох хэрэгтэй гэжээ. Гэхдээ мэдээж, зарим бөмбөг нь унана. Хэн ч ганцаараа энэ бүхний учрыг олж чадахгүй. Тиймээс хэн нэгнээс тусламж гуй, энэ бол энгийн үзэгдэл шүү дээ.
6
Эрч хүчний эх үүсвэрийг ол
Эцэг эхчүүд бүхий л сэтгэл хөдлөл, эрч хүчээ хүүхдийнхээ хүмүүжилд зарцуулдаг. Тэрхүү эрч хүчийг нөхөн сэргээж чадахгүй бол та туйлдах болно. Эрч хүчээ цэнэглэх эх үүсвэрээ олох хэрэгтэй. Жишээлбэл: Хүүхэдгүй гадагшаа гар, ойр дотны хүмүүс тань таныг ойлгож туслахыг битгий хүлээ. Шаардлагатай бол тусламж хүс, өөртөө цаг хугацаа мөнгө зарцуул. Хүүхдийн хувьд ээлжит тоглоомын оронд аз жаргалтай ээж хамгийн чухал байдаг.
Сэтгэл судлаач, 3 хүүхдийн ээж Лаура Маззагийн үзэж байгаагаар: Анх ээж болоход яг хуй салхи мэт байдаг бөгөөд эхлээд таныг залгиж, харин дараа нь нулимж гаргадаг юм. Тиймээс өөртөө цаг зав зарцуулахын тулд хүүхэд асрагчтай болох, хүүхдээ ааваар нь харуулах, унтуулах зэрэг нь энгийн үзэгдэл. Учир нь та одоо ч гэсэн бие даасан хүн шүү дээ. Та сайн ээж болохын тулд хичээж өөрийгөө зовоох хэрэггүй. Бид ганцаараа бүхнийг хийж чадахгүй.
Хэрвээ та өөрийгөө эцсийн цэг дээрээ байгааг мэдэрсэн бол сэтгэл судлаачид хандаарай.
7
Хүүхэдтэйгээ ойр дотно холбоотой бай
Таныг жоохон байхдаа уйлж, гуниглах, уцаарлах үед эцэг эх тань таныг дэмжих, тайвшруулах арга замыг олж чаддаггүй байсан байж болох юм. Харин та хүүхдэдээ өөр үлгэр дуурайлал үзүүлэх боломжтой.
Төрсний дараах хямралыг даван туулсны дараа та хүүхдэдээ хандах хандлагаа хэрхэн өөрчилж болох талаар бодож үзээрэй. Хүүхдийн тань бүхий л сэтгэл хөдлөл хэвийн зүйл гэдгийг ойлгуулж, энэ бүхнийг давж туулахад нь тусална гэдгээ хэлээрэй. Хүүхдийн сайн сайхан байдал нь материаллаг зүйл дээр бус харин өсөж буй орчинтойгоо салшгүй холбоотой байдаг юм.