1
Ассасинууд гэж хэн байв
Тэд Афганистанаас Сири хүртэл зуу орчим бат бөх цайз хэрэмтэй байсан бөгөөд тэдний хамгийн гол цайз нь Персийн умард хэсэгт орших Бүргэдийн Үүр буюу Аламут байлаа. Ассасины удирдагч нар нь угсаа залгамжлан сонгогддог бөгөөд удирдагчаа Уулын Хаан, Имам гэх зэргээр нэрлэдэг. Бүлгийн бүх гишүүд удирдагчынхаа үгийг үг дуугүй даган биелүүлдэг байсан юм. Имам-ыг бурхан сонгодог бөгөөд түүний үгийг дуулгавартай дагасан хэн ч диваажинд очно хэмээн тэд итгэдэг байжээ.
Уламжлалт цэргийн армигүй ч Ассасин бүлэглэл хөлсний аллага, айлган сүрдүүлэлтийн маш нарийн системээр улс төрийн асар их эрх мэдэл олж авсан бөгөөд бүлэглэл өндөр нууцлалтай байсан учраас өнөөг хүртэл үлгэр домог мэт яригдаж, жинхэнэ үнэнийг олж мэдэхэд бэрх болжээ. Бүлэглэлийн хамгийн шилдэг улс төрийн стратеги нь тэднийг эсэргүүцсэн хэнийг ч устгах бөгөөд ингэхдээ хамгийн нөлөө бүхий, хүчирхэг нэгнийг нь олж устгадаг байсан юм. Исламын шашны үзлийн төлөө амь насаа өргөж, диваажинд очиход бэлэн залуу эрсийг бүлэглэл дуртайяа элсүүлдэг байв.
Залуу эрсэд хашиш өвс өгч мансууруулан, цайзад тусгайлан бэлдсэн диваажингийн цэцэрлэгт аваачдаг тухай Хятад, Перс, Араб эх сурвалжуудад өгүүлсэн байдаг. Ухаан санаа нь сэргэж, бодит ертөнцөд ирсэн хойно нь удирдагчийнхаа тушаалыг биелүүлж байгаад амиа алдвал тийм диваажин хүлээж байгаа гэдэгт итгүүлдэг байжээ. Ийнхүү гишүүдээ тогтмол хашишаар хангаж, аймшиггүй, дуулгавартай цэргүүдийг бэлддэг байв. Энэхүү онцлогоос үүдэн тэднийг “Хашшашин” буюу “хашиш хүртэгчид” хэмээн нэрийддэг байсан нь он цагийн явцад Ассасин хэмээх үг болон хувирсан гэсэн таамаг байдаг. Ямартай ч тэдний хашиш хэрэглэдэг байсан эсэхээс үл хамаарч Ассасин хэмээх нэр олон хэл дээр дээдсийн алуурчин хэмээх утгатай болсон байна.
2
Монголчуудтай тулгарсан нь
Чингис хаан анх тус бүс нутаг тийш довтлоход Ассасины Их Удирдагч Монголчуудыг дуулгавартай дагахаа амалж байсан гэдэг. Харин Чингис хаан Хорезмыг буулгаж авч, Монголын цэргийн хүч нутаг буцсанаас хойш Ассасин-ы эрх мэдэл өргөжин тэлжээ.
Харин Мөнх хаан угсаа залгамжлахаар сонгогдох үед тэд Монголчуудыг эргэн ирж, хүчирхэгжсэн байдалд нь саад болохвий хэмээн болгоомжилж эхэлжээ. Ингээд тэдний удирдагч Хархорумд элч илгээх далимаар Мөнх хааныг хороох нууц төлөвлөгөө боловсруулсан гэж түүхчид үздэг. Гэвч төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа Мөнх хаан Ассасинуудыг бүр мөсөн дарахаар шийдсэн байна.
Хүлэгүгийн арми хүрэхээс өмнө Ассасин-ы удирдагч өөрийн тойрон хүрээллийн түшмэдэд согтуудаа хорлогдож, түүний хүү залгамжлагч болсон байжээ.
Тэндхийн сайтар бэхлэлттэй цайз хэрмүүдийг нэг нэгээр нь эзлэхэд хүндрэл ихээр гарна гэж үзэж байсан тул Хүлэгү илүү энгийн, шууд нөлөө үзүүлэхүйц төлөвлөгөө боловсруулсан аж. Ингээд Хүлэгү бурхан мэтээр хүндлэгдсэн удирдагчийг нь олзолж, түүнчлэн цэргийн их хүчээр сүр үзүүлж сэтгэл зүйд нь нөлөөлж, түүнийг бууж өгвөл өршөөл үзүүлэх болзол тавихаар болжээ.
Удалгүй Монголчууд Имамын суудаг гол цайз руу довтолсон бөгөөд Монгол цэргүүдийн эгц хана хэрмийн өндрийг алдаа мадаггүй тооцоолж, авирч чадаж байсан нь тухайн үедээ цайзын амьд үлдэгсдийг гайхшруулж байсан гэдэг. Цэргийн хүчин, галт зэвсгийн хүч, өршөөн хэлтрүүлэх санал хамтдаа хэрэгжиж, 1256 оны 11-р сарын 19-нд Имам Монголчуудад бууж өгчээ.
Хүлэгү Имамыг гартаа оруулсны дараа түүнийг Ассасин бүлэглэлийн цайз тус бүрээр дагуулан явж, дагагчдыг нь бууж өгөхийг шаардсан байна. Ингэхдээ Имамд найрсаг хандаж, шаардсан бүхий л үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд охид эмэгтэйчүүдээр хүртэл хангадаг байжээ. 1257 оны хавар Ассасин-ы бүх цайзыг эзлэн авсны дараа Имам Хархорумд очиж, өөрийн биеэр Мөнх хаантай уулзахыг хүссэн байна. Хүлэгү түүнийг Монголд хүрэх урт удаан аялалд илгээсэн ч түүнийг ирэхэд Мөнх хаан уулзахаас татгалзсан бөгөөд улмаар монгол цэргүүд түүнийг бараа бологсодтой нь хамт Хархорумын ойролцоох ууланд аваачин хороожээ.