Судалгааны явцад, автомат гар хатаагч төхөөрөмжийн үлээх сэнсэнд бактерийн 18-60 гаруй бөөгнөрөл сорогдож наалдсан бол ердөө 1 бөөн бактери угаалгын өрөөний бусад хэсгээр тархаж үлджээ. Энэхүү үр дүн хүрээлэн буй орчны микробиологийн "Applied and Environmental Microbiology" сэтгүүлд нийтлэгджээ.
Уг судалгааг, Коннектикутын Анагаахын их сургуулийн мэргэжилтнүүдийн баг явуулсан бөгөөд тэд сургуулийн барилга доторх 36 ариун цэврийн өрөөг судалжээ. Сонирхолтой нь, тэд угаалгын өрөөнөөс зөвхөн лабораторид байдаг савханцар нянгийн онцгой төрөл болох "PS533" бактерийг илрүүлжээ. Уг төрлийн бактери автомат гар хатаагч дээрх бактерийн 2-5 хувийг эзэлж байв. "PS533" бактерийг хадгалдаг лаборатори угаалгын өрөөнүүдээс нэлээд хол учир бактери зөвхөн хүний гараар дамжиж гар хатаагчинд наалдсан гэсэн үг юм.
Үүнээс тэд бүх төрлийн өвчин үүсгэгч нян бактериуд хүний гараас автомат хатаагч руу, хатаагчаас өөр хүний гар руу дамжсаар барилгын бусад хэсгүүдэд тархдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.
Харин гар хатаагчийн үлээгч сэнсэнд яагаад ийм олон төрлийн савханцар нян үүрлэсэн байгааг судлаачид тайлбарлаж чадахгүй байгаа аж. Автомат гар хатаагч төхөөрөмж нь хүчтэй үлээх үедээ агаарт тархсан нян бактерийг сорж аваад тэдгээрийн үүрлэх газар болдог байж болох юм гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Ийнхүү гар хатаагч төхөөрөмжөөс хүний гар руу бактери тархдаг нь тогтоогдсон боловч үлээх хэсэгт бактери үүрлэдэг эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн уг судалгааг удирдан явуулсан мэргэжилтэн Питер Сетлоу-гийн хэлснээр угаалгын өрөөн дэх гар арчих цаасанд ч мөн бактери тархсан байх магадлалтай аж. Ариун цэврийн өрөөн дэх нян бактери нь хүний ялгадаснаас гардаг бөгөөд бие зассаны дараа ус татах үед, ялангуяа суултуурыг таглахгүйгээр усаа татах үед агаарт тархдаг байна.