Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монголын банкны салбарын хамгийн отгон гүйцэтгэх захирал болох Кредит банкны гүйцэтгэх захирал Г.Болорсүхтэй ярилцлаа. Г.Болорсүх захирлын хувьд банкны салбарт 12 жил ажилласан, банк санхүү, Бизнес хөгжил, маркетингийн чиглэлээр удирдах албан тушаал хашиж, тухайн салбарынхаа бизнесийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан туршлагатай банкир юм. Тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар сагсанбөмбөг, гольф, фитнесийн спортоор хичээллэхийн зэрэгцээ байгууллагын соёлыг хөгжүүлэх, банк санхүү, маркетинг менежмент болон хувь хүний хандлагын талаар залуучуудад зөвлөж үлгэрлэдэг нэгэн.
- Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
Баярлалаа. Намайг Гочоогийн Болорсүх гэдэг. Миний үндсэн мэргэжил Санхүү, бизнесийн удирдлага, маркетингийн стратегич, мөн давхар мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй. Санхүү эдийн засгийн дээд сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг дээрх мэргэжлээр эзэмшиж төгсөөд үргэлжлүүлэн БНСУ, Люксембургийн Вант улсад мэргэжил дээшлүүлж суралцсан. Анхны ажлын гараагаа 2005 онд төслийн менежерээр эхлүүлж, 2007 оноос хойш банк санхүүгийн салбарт ажил, амьдралаа холбон байгууллагын харилцаа, салбарын удирдлага, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, бизнес, бүтээгдэхүүн хөгжлийн чиглэлээр мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирал, газрын захирал, дэд захирлаар ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сараас Кредит банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
- Та банкны салбартай хэрхэн холбогдсон бэ? Таны сонирхлыг яагаад татах болов?
Миний аав, ээж хоёр насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс. Би багаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. 10 жилийн сургуулиа төгсөөд бага насныхаа мөрөөдлийг биелүүлж, цэргийн сургуульд шалгалт өгөөд цэргийн алба хаасан юм. Тэгээд үргэлжлүүлэн их, дээд сургуульдаа суралцаж төгсөөд бизнесийн байгууллагад ажиллаж байх үедээ банкны салбарыг сонирхон судалж, өөрийн хүсэл тэмүүллээ даган банкны хүн болсон. Тухайн үед банкны ажлын байр зарлагдаж, 100 орчим залуучууд “Ассесмент центр”-ийн аргаар зохион байгуулсан хүний нөөцийн сонгон шалгаруулалтад өрсөлдөж, миний бие эхний 2-т шалгарч, тухайн банкандаа ажилд орж байлаа. Сонгон шалгаруулалтад оролцож буй бусад залуучуудтай харьцуулахад надад ажлын туршлага, гадаад хэлний мэдлэг, эзэмшсэн мэргэжил, өөр тоочоод байвал олон сул талууд байсан. Тухайн үед боломж тун бага байсан ч банкир болно гэсэн чин хүсэл эрмэлзэл, зорилго минь надад их дэм өгсөн. Банканд орж л чадвал ямар ч хамаагүй ажлыг ямар ч цалинтай байсан хийнэ гэдэг бодол л толгойд эргэлдэж байсан. 10 орчим хоног үргэлжилсэн шалгаруулалт дуусч дүнг сонсох мөчид их урам зориг орж баярлаж байлаа.
- Залуу манлайлагчийн хувьд тантай залуусын ажлын хандлагын талаар яриагаа үргэлжлүүлье. Байгууллагуудад ажилд тэнцэх чадвартай залуучууд ховордож байгаа гэдэгтээ та санал нийлдэг үү?
Ажлын туршлага, чадвараас илүү ажилдаа хандахад хүсэл эрмэлзэл, зорилго, хамгийн чухал. Би анх ажилд орж байсан түүхээ ажилтнууддаа болон шинээр ажилд орохоор ярилцлага хийж байгаа залуучуудад ярих дуртай. Ярилцлагын дараа “Чамд яг банкир болох чин хүсэл, эрмэлзэл байна уу?” гэж заавал асуудаг. Би ажлын туршлага, ур чадвар гэхээс илүү зорилгоо тодорхойлсон залуучуудыг ажилд авах дуртай. Ажилдаа хандах хандлага нь ч зөв байдаг. Тэд 3-6 сарын дотор ажлаа гартаа оруулж, бусдаас илүү сэтгэж эхэлдэг. Манай хамт олны 80 гаруй хувь нь залуучууд байдаг. Бид өөр өөрийн зорилгоо тодорхойлж, банкныхаа зорилго зорилтын төлөө нэгдэж чадсан мэргэжлийн хамт олон. Өнгөрсөн нэг жилийн ололт амжилтууд болон санхүүгийн тоон үзүүлэлтээс үүнийг харж болох байх. Аливаа мэргэжлийг өндөр хөгжилтэй улс оронд эзэмшсэн, дотоодын их дээд сургуульд эзэмшсэн гэхээс илүү тухайн боловсролыг ямар үндсэн суурь хүмүүжил, хандлага дээр эзэмшиж суралцсан нь чухал. Тиймээс өөрийнхөө хүсэл эрмэлзлээр мэргэжлээ сонгох, ажил мэргэжилдээ дурлаж, ажиллавал залуучуудад ямар ч байгууллагын үүд хаалга нээлттэй.
- Залуучуудад зорилгоо тодорхойлоход юуг анхаарах вэ, яаж зөв тодорхойлох талаар зөвлөгөө өгнө үү?
Би ч хүнд зөвлөгөө өгөх хэмжээнд одоохондоо арай л очоогүй байна. Суралцаад л явж байгаа залуу үеийн төлөөлөл гэж өөрийгөө боддог шүү. /инээв/ Тэгээд ч хувь хүний зорилго гэхээс илүү байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлох чиглэлээр бол арай дөнгүүр зөвлөгөө өгч магадгүй. Зорилгоо тодорхойлоогүй хүнийг салхинд хийсч буй хамхуултай адилтган ярьдаг. Байгууллага ч бай, хувь хүн ч бай зорилгоо харж, зөв тодорхойлох нь маш чухал. Зөв тодорхойлсон зорилго амжилтын хөтөч болдог. Залуучууд “яагаад” гэдэг асуултад хариулагдах, өдөр бүр өөрийг нь зорилгынх нь төлөө түлхэх хүчтэй учир шалтгаан дээр суурилсан “том” зорилгыг тодорхойлох хэрэгтэй болов уу. Тэгэхгүй бол зорилго маань мөрөөдөл болоод замхарчих талтай. Тэгээд түүнд хүрэх зорилтууд болон арга замаа бичиж тэмдэглээд явна. Үнэ цэнэ, үнэт зүйлсдээ тулгуурлаад зорилгоо эрэмбэлээд авсан байхад ажил болон амьдрал илүү сонирхолтой болж, амжилт ар араасаа л дагаад ирнэ. Залуучууд өөрийн зорилгоо тодорхойлоогүй, үнэ цэнэ, үнэт зүйлс, үзэл бодлоо хамгаалахгүйгээс хэн нэгний үг хэлээр, өндөр албан тушаалтны заавар зөвлөгөөгөөр үйлдэл хийгээд буруутдаг олон жишээ Монголд байна. Харамсалтай нь бараг өдөр бүр иймэрхүү бодит жишээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна.
- Залуучууд ажлын байранд тогтворгүй, тууштай байж чадахгүй байх шиг?
Залуучууд ямар ч ажил хийж байсан тухайн ажлаа өөртөө хөрөнгө оруулалт хийх, шинийг сурах, туршлага хуримтлуулах боломж гэж ойлгож, хийх хэрэгтэй. Би их, дээд сургуульд сурч байхдаа бусдын адил хэрэглээний мөнгөө олохоор барилгын туслах ажилчин, хүнсний дэлгүүрийн хамгаалагч, үйлчилгээний газрын угтагч, үйлдвэрийн менежер зэрэг ажлуудыг хийж байсан нь миний ажил, амьдралд маш том туршлага, тэдгээр ажлаас олж авсан арга барил, мэдлэг, ур чадвар, маш том боломжийг нээж өгсөн гэж боддог. Одоо ч шинэ сорилтуудтай нүүр тулж, өдөр бүр суралцаж байна. Тиймээс сургууль байна уу, ажил байна уу, адилхан тухайн сургуулиас, тухайн багшаас, эсхүл тухайн ажлаас сурч мэдэж авах боломжтой бүх л зүйлсийг нь олж авах нь чухал. Ийм хандлагатай байж чадвал хаана ч ажилласан өрсөлдөх чадвартай байж байр сууриа хурдан олно.
- Өнөөгийн залуучууд чөлөөтэй сэтгэдэг, хурдан хөрвөх чадвартай, технологийн
сонирхол, хэрэглээ өндөр зэрэг олон давуу тал байгаа ч сөрөг талууд байна?
Бид бүхний л хамтдаа бүтээж буй нийгэм шүү дээ. Бид тухайн үеийнхээ л нийгмийн бүтээгдэхүүнүүд болохоор одоо үе муу, бидний үе сайн гэж шүүх нь боломжгүй юм. Шинэ үеийнхээ ур чадвар, сэтгэхүй, нийгмийн боломжид тохируулаад хэрхэн илүү өндөр бүтээмжийг бий болгохыг л бодож ажиллах нь чухал. Байгууллагууд залуучуудыг өөрчлөгд гэхээс илүү тэдгээрт чиглэсэн бодлого журмаа өөрчилж зохион байгуулбал бүтээмж нэмэгдэнэ гэдгийг ойлгож эхэлсэн. Зарим залуучууд залхуу, хариуцлагагүй, ачаалал, үг даахгүй зэрэг сул талтай ч зөв удирдвал бүтээмж өндөртэй ажиллуулах боломжтой. Суурь хүмүүжил, гэр бүлийн байдал, бага дунд дээд боловсролын чанар, нийгмийн чиг хандлага нь залуучуудыг нийгэмд ямар хүн болох вэ гэдэгт шууд нөлөөлж байна. Тиймээс залуучуудын сайн муу талыг ярихаас илүү тухайн “хүн”-ийг бүтээж байгаа тэр салбарууд, системүүд зөв сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Миний хувьд тэр системүүдийн сөрөг тал нь их байна л гэж хардаг. Тэр салбар, системүүдийн ажиллагаа муу сөрөг байгаа нь ямар нэгэн субъектив нөлөөнөөс бус бидний сонгосон нийгмийн хөгжлийн үе шатны нэгээхэн хэсэг. Энэ хэсгийг энэ цаг хугацаанд, бидний үеийнхэн туулах л байж. Бусад орны туршлага эдгээр алдаануудыг хэдэн жилийн хугацаанд засаж сайжруулсан байна, бид илүү богино хугацаанд яаж засаж сайжруулах вэ гэдэг дээр л анхаарч ажиллах хэрэгтэй болов уу гэж боддог.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.