Славутич хотын 6000 мянга орчим иргэд сүүлийн 6 жилийн турш хамгаалалтын барилга барихаар ажилласан бөгөөд уг барилга нь Чернобылийн Атомын Цахилгаан Станцын 4-р хэсэгт 120 метр өндөртэйгөөр сүндэрлэжээ. Хамгаалалтын ачаар дэлбэрэлтээс үүссэн цацраг идэвхт бодис ундны усанд орохоо больсон ч Славутич хотын иргэдийн амьдралд асуудал үүсэж эхэлсэн байна.
Шведийн гэрэл зурагчин Нильс Акерман нь Славутич хотын залуусын амьдралыг судалж, 4 жилийн турш тэдэнтэй хамт амьдарчээ. Улмаар тэрбээр хар тамхи, үдэшлэгт дуртай залуусыг гэр бүлийнхээ төлөө бүх зүйлээ зориулдаг ажилсаг нэгэн болж өөрчлөгдөж байгааг ажиглах болов.
Нильс анх энэ бүсэд очихдоо тэдгээр залуусыг байгаль орчноо хамгаалах үүргийг ухамсартайгаар биелүүлж чадна гэдэгт эргэлзэж байжээ. Тэгээд зурагчин залуу Юлия хэмээх шоу цэнгээнд дуртай нэгэн бүсгүйг ихээхэн ажиглах болсон аж. Зарим гэрэл зураг дээр тус хотын залуус согтууруулах ундаа, хар тамхийг өдөр тутамдаа ихээхэн ашиглаж байсан нь тодорхой харагддаг.
Нильс Акерман “Анх Славутичийн залуус их хэмжээний архи согтууруулах ундаа, хар тамхийг хэрэглэдэг байсан. Харин дараа нь тэд хосууд болж, хайрын харилцааг үүсгэх болсон юм” гэж хэлжээ.
Мөн тэрбээр “Жишээлбэл, миний гэрэл зургийн төслийн гол дүр болох Юлия нөхөрт гарсан ч намайг явахын өмнө салсан. Тэднийг хүн бүрийн туулдаг амьдралын замналыг туулж байгааг нь харах ихээхэн сонирхолтой байсан” гэж хэлсэн байна.
Славутичийг Чернобылийн Атомын Цахилгаан Станцын ажилчдад зориулж барих шийдвэрийг 1986 оны 10-р сарын 2-нд гаргаж байжээ. Улмаар тухайн оны 12-р сараас барилгын ажлууд эхэлж, 1988 оны 3-р сарын 26-наас анхны байрны гэрчилгээнүүдийг гаргаж эхэлсэн байна. Славутич нь Украины хамгийн залуу хотын нэг юм. Харин 2000 оны дунд үеэс Чернобылийн Атомын Цахилгаан станцын дэлбэрэлтийн нөлөөллөөс үүссэн хор уршгийг арилгах хамгаалалт босгох төсөл батлагдаж, Славутичийн иргэд ч тус ажилд гар бие оролцох болсон гэнэ.
Энэ талаар гэрэл зурагчин "Одоо барилгын ажил дууссан учир 3500 иргэн ажилгүй болох нь ээ. Хэдийгээр хотын ирээдүй бүрхэг байгаа ч залуусын цаашдын амьдрал гэрэлтэнэ гэдэгт би итгэж байна. Мөн тус хот 25000 иргэдтэй боловч олон хүн ажилгүй болж байгаа нь тэдний амьдралд сөргөөр нөлөөлж мэдэх юм” хэмээн ярьсан байна.
Түүнчлэн тэрбээр “Украины талаар ярих үед хамгийн түрүүнд сөрөг бодлууд орж ирдэг боловч би энэ байдлыг эергээр харж байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь нягтлан бодогч, сэтгүүлч гэх мэт мэргэжилтэй байсан ч тэд хотынхоо төлөө карьер, ирээдүйгээ орхисон. Би энэхүү хотын ирээдүйд эргэлзэж байгаа ч залууст нь итгэж байна. Тэд өвөг дээдсийнхээ гаргасан алдааг засаж байгааг дурдах нь зүйтэй. Тэд аюулгүй, амбицтай Украиныг бүтээхийн төлөө тэмцэж буй хүмүүсийн нэгэн тод жишээ юм” хэмээн өгүүлжээ.