1
Брюс Спрингстин - "Born in the USA"
Спрингстиний энэхүү бүтээлийг хүмүүс Америкийн сүр хүчийг илтгэсэн, эх оронч дуу гэж удаан хугацаанд буруу ойлгосоор иржээ. Үнэндээ ажилчин ангийн эрх ашгийг шаардсан, иргэддээ хангалттай анхаарахгүй байгаа төр засгаа шүүмжилсэн утгатай уг дууг алдарт Гуантанамогийн шоронгийн хоригдлуудыг тамлахад ашигладаг байсныг NBC баталжээ.
Афганд тулалдаж байгаад Америкийн цэргүүдэд олзлогдож, улмаар Гуантанамод 14 жил хоригдсон Шакер Аамер суллагдсаныхаа дараа цуут шоронгийн хаалганы цаана юу болдгийг дэлгэсэн юм. Түүний хэлснээр Гуантанамо нь хүнийг оюун санаагаар нь, бие махбодиор нь, сэтгэл зүйгээр нь бүрэн үгүй хийхэд зориулагдсан газар бөгөөд "Born in the USA"-ыг өдрийн турш, ялангуяа залбирлын цагаар зогсолтгүй тавих нь дээрх бүхний ердөө нэг хэсэг байсан ажээ.
2
Drowning Pool - "Bodies"
Хүнийг унтах байтугай нүдээ ч цавчих завдалгүй суулгахын тулд аливаа дууг чих дүлийрэм чангаар дахин дахин тавих нь Гуантанамогийн байцаагчдын гол арга нь байжээ.
Терроризмын холбогдолтой хэргээр Гуантанамод ирсэн Мухаммед Улд Слахи гэгчийг байцааж байхдаа бүтэн 10 хоногийн турш Drowning Pool хамтлагийн "Bodies" дууг байцаагчид тасралтгүй тавьж байсныг нэрээ нууцалсан нэгэн ажилтан и-мэйлээр дээш нь мэдэгдэж, гомдол мэдүүлсэн байна.
3
"Розамунде" (Шар айрагны торхтой бүжиг)
2-р дайны үеийн бөөнөөр хорих лагеруудад байдал ямар байсан талаар төсөөлөхөд ч хэцүү. Магадгүй та бичлэг, зургуудыг нь харсан байх, харин "саунд-трэк"-ийг нь сонсож байсан уу?
1944 онд Освенцим руу ачигдсан италийн еврей Примо Левигийн дурссанаар түүнийг лагерийн хаалгаар орж ирэхэд "Розамунде" хэмээх цоглог аялгуу угтсан гэнэ. Үнэндээ бүхий л хоригдлыг өдрийн хүнд ажлаа дуусгаад лагер дээр эргэн ирэхэд, мөн ойролцоох Маяданект тэднийг хөнөөж байх үед уг аяыг байнга тавьдаг байжээ.
Хоригдлуудад ая тавьж өгөх тал дээр Дакаугийн лагер "мэргэжлийн" байсан бөгөөд байгууламжийн булан бүрт байрлуулсан том чанга яригчаар жагсаалын дуу, эх оронч дуу, илтгэл зэргийн өдөржин тоглуулдаг байжээ. Магадгүй ингэх нь тарчлан үхэж буй хоригдлуудын хашхирааныг дарах бас нэгэн өөр зорилготой байсан ч байж мэдэх юм.
4
Кристина Агилерагийн хитүүд
Гуантанамод байцаагдаж байсан Мухаммед Аль-Кахтанигийн байцаалтын тэмдэглэл 2005 онд хэвлэгджээ. Нэлээн шуугиан тарьсан, 84 хуудас бүхий уг тэмдэглэлд бичигдсэнээр шөнийн цагаар Аль-Кахтаниг унтуулахгүй байхын тулд байцаалтын өрөөнд дуучин Кристина Агилерагийн хитүүдийг зогсолтгүй тавьж байсан аж.
"The New Yorker" сэтгүүлийн сурвалжилгаас үзвэл мусульман шашинт сэжигтнүүдийг байцаахад Агилерагийн дуунуудыг ихэвчлэн ашигладаг байсан байх магадлалтай бөгөөд учир нь эмэгтэй дуучны хоолой хүний сэтгэл зүйд илүү нөлөөлдөг гэж судлаачид үздэг байна.
5
Жорж Харрисон - "My Sweet Lord"
1973 онд Чилийн генерал Августо Пиноше төрийн эрхийг цэргийн хүчээр авч, улсынхаа дарангуйлагч болсон юм. Түүний эрх барьсан 17 жилийг сайнаар ч, муугаар ч дүгнэдэг боловч улс төрийн тэрс үзэлтнүүдийг баривчилж, тамлаж, хороож байсан гэдэг нь хөдөлшгүй үнэн билээ.
Пиноше 2006 онд нас барсны дараа түүний дэглэмийн үед хэрэгжиж байсан зарим харгис үйлдлүүд ил болсон бөгөөд ялангуяа улс төрийн хоригдлуудыг эрүүдэн шүүхийн тулд олон дууг хэдэн өдрийн турш чангаар тавьдаг байсан нь хамгийн сонирхолтой байлаа.
"Битлз" хамтлагийн гишүүн Жорж Харрисоны алдарт "My Sweet Lord" дууг хамгийн ихээр хэрэглэдэг байсан бөгөөд хоригдлуудыг камераас гаргах үед л тавьж эхэлдэг, шоронгийн хуягууд дууг даган аялдаг байсныг тэнд хоригдож байсан нэгэн эмэгтэй дурссан байдаг.
6
Westlife - "My Love"
Ирландын хөвгүүдийн хамтлаг Westlife-ийн "My Love" бол 2000-аад оны үед хүн бүрийн дуртай дуу байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэхүү дууг Афганистан дахь COBALT хорих ангид CIA-ийн агентууд хэрэгтнүүдийг байцаахдаа тасралтгүй тавьдаг байсныг АНУ-ын Иргэний эрхийг хамгаалах эвлэлээс Дээд шүүхэд хандахдаа ил болгосон байна. Хожмоо гэм буруугүй нь нотлогдон суллагдсан Сулейман Абдуллахын хэлснээр түүнийг байцааж байх үед "My Love"-оор чихийг нь тарчлаадаг байсан гэнэ.
Westlife-ийн гишүүн Ники Бирн RTE радиод ярилцлага өгөхдөө энэ талаар "Хэрвээ тийм ноцтой асуудал биш байсан бол үнэхээр хөгжилтэй явдал байна гэж бодох байлаа" гэжээ.
Тэгвэл яагаад энэ дуу гэж? Абдуллах CIA-д баригдахаасаа ердөө хоёр долоо хоногийн өмнө хуримаа хийсэн байсан тул "My Love" -ийг түүнд тусгайлан зориулсан ажээ. Тэр эхнэрээ дахиж хэзээ ч хараагүй юм.
7
Эминем - "Slim Shady"
1994 онд Их Британид орогнол хүсч, улмаар Пакистаны, Мароккогийн болон Гуантанамогийн шоронгуудаар дамжсан Биньям Мухаммед нь 2009 онд суллагдсаныхаа дараа хүний эрхийн төлөө томоохон хөдөлгөөний гол гишүүн болсон байна. Тэрбээр шорон дахь амьдралаа дурсахдаа байнгын зодуур, мэс заслын хутгаар арьсыг нь хуулах гэх мэт аймшигтай яргаллыг ил болгосны зэрэгцээ Эминемийн "Slim Shady" болон "Dr. Dre"-ийн дуунуудыг тасралтгүй тавих нь эрүү шүүлтийн нэг хэсэг байсныг дэлгэжээ.
2008 онд The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа зодуурын өвдөлтөөс илүү хөгжим аймшигтай байсныг тэрбээр дурссан байдаг.
8
Deicide - "F*ck Your God"
"Rage Against the Machine" хамтлаг, дуучин Дэвид Грэй гэх мэт өөрийн дууг нь эрүү шүүлтэд ашигласныг хүчтэй эсэргүүцсэн уран бүтээлчид мэр сэр бий. Тэгвэл үхлийн метал жанрын "Deicide" хамтлагийн бөмбөрчин Стив Асхейм энэ тал дээр ямар ч асуудалгүй болохоо илэрхийлсэн байна.
Тус хамтлагийн "F*ck Your God" дууг мусульман хэрэгтнүүдийг байцаахад яагаад ашигласан нь нэрнээс нь харахад ойлгомжтой байх. "The Guardian" сонинд өгсөн ярилцлагадаа Стив Асхейм "Тэд нар бүхий л эрүү шүүлт, тамлалыг тэсвэрлэхээр бэлтгэгдсэн гэдэг нь тодорхой. Хэрвээ би Гуантанамод хоригдож байлаа гэж бодоход хэрэв намайг тамлахын тулд хөгжим ашиглавал миний хөх инээд хүрэх байлаа. 'Алив ээ, чадах юм чинь ердөө л энэ үү' гэж хэлэх байсан" гэжээ.
9
Queen - "We Will Rock You"
Дональд Вэнс (Donald Vance) хэмээх эр Иракд байхдаа хууль бусаар зэвсэг худалдаалсан гэж сэжиглэгдэн, Багдадын шоронд хоригджээ. Тэнд байх хугацаандаа тэрбээр юу болсныг байнга тэмдэглэж, Библийн завсар нуудаг байсан бөгөөд хожим суллагдахдаа түүнийгээ дэлгэжээ.
Түүний бичсэнээр хөгжмийн яргалал маш ихээр ашиглагдсан бөгөөд ялангуяа хүнд рок төрлийн хөгжим байнга тоглуулдаг байжээ. "Nine Inch Nails" хамтлагийн дуунууд, түүнчлэн "Queen"-ий алдарт "We Will Rock You"-г байцаах явцдаа өдөржин тавьдаг байсан аж.
10
The Blues Brothers - "Rawhide"
2014 онд Америкийн Сенатын тагнуулын зөвлөлөөс CIA-ийн ашигладаг байсан эрүүдэн шүүлтийн арга, хэрэгслүүдийг нийтэд дэлгэсэн юм. Бэлгийн дарамт, нойтон алчуураар бүтээх гэх мэт олон аймшигтай зүйлсийн дунд алдарт "Rawhide" дуу багтжээ.
CIA-д байцаагдаж байсан Рамзи бин Аль-Шибхийн ярьснаар "Rawhide" дуу эхлэх бүрт тэрбээр байцаалт эхлэх гэж буйг мэддэг байжээ. "Дуу сонсогдох үед би хаашаа явах гэж, юу болох гэж байгааг мэддэг байлаа" хэмээн өөрөө дурссан байна.