1
Сансрын нисэгчдийн бие болон сэтгэл зүйн байдал
Сансрын нисэгч болох хүсэлтэй хүмүүс биеийн хөгжил, эрүүл мэндийн маш өндөр шаардлагыг хангасан байх ёстой. Улс орнуудын сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөр элсэгчдэдээ юун түрүүнд эрүүл мэндийн өндөр шаардлага тавьдаг. Тэд ихэвчлэн хүнд хэцүү нөхцөл байдлыг тэсвэрлэж, ачаалал дааж чадахуйц байх хэрэгтэй.
Жишээлбэл, сансарт нисэхээр өрсөлдөж буй мэргэжилтэн сансар луу хөөрөх үеийн даралтыг тэсвэрлэх, жингүйдлийн орчинд ажиллах чадвартай байх ёстой. Сансрын нисэгч, агаарын нисгэгч, удирдагч, мэргэжлийн бэлтгэгч, шинжлэх ухааны эрдэмтэн, мэргэжилтнүүд, ачааны менежерүүд гээд ямар ч мэргэжлийн хүн байсан дор хаяж 147 см-ээс өндөр, нүдний хараа сайн, цусны даралт хэвийн байх ёстой. Харин насны хязгаар нарийн заадаггүй бөгөөд ихэнх нь 25-46 настай байдаг.
Сансрын нисэгчдээс өөртөө итгэлтэй байх, эрсдэл даах, стресс, сэтгэл гутралаа даван туулах, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, багаар ажиллах чадвар зэрэг олон талын чадвар шаардагддаг. Дэлхийн сансрын нисэгчид ихэвчлэн олон нийттэй харилцан, бүх салбарын мэргэжилтнүүдтэй ажиллаж, засгийн газрын албан тушаалтнуудын өмнө ажлаа тайлагнадаг. Тиймээс сансрын нисэгчид бол ямар ч хүмүүстэй харилцах чадвартай, үнэ цэнэтэй багийн гишүүд юм.
2
Сансрын нисэгчийг хэрхэн сургадаг вэ?
Аль ч улсын сансрын нисэгч дээд боловсрол эзэмшиж, сансрын агентлагт хамрагдсан байхаас гадна цэргийн болоод иргэний нисэхийн салбарт арвин их туршлагатай байх хэрэгтэй. Ихэнх нисэгчид доктор, профессорын зэрэгтэй эрдэмтэн судлаачид байдаг бол зарим нь цэргийн бэлтгэгч, сансрын салбарын туршлагатай мэргэжилтнүүд байдаг. Мэргэжил салбараас үл хамааран тэд улс орныхоо сансрын хөтөлбөрт хамрагдсан л бол сансарт ажиллаж, амьдрах хатуу ширүүн сургалт, туршилтыг даван туулдаг байна.
Сансрын нисэгч болох нь онгоц жолоодож сурахаас эхэлнэ. Олон Улсын Сансрын Станцад ажиллахаар бэлтгэгдэж байгаа хүмүүс ихэнх цагаа станцын тоног төхөөрөмж, хэрэгсэл, загварууд дээр ажиллаж өнгөрөөнө. "Союз" хөлөг болон капсулаар нисдэг нисэгчид загварууд дээр ажиллахаас гадна оросоор ярьж сурах хэрэгтэй болно.
Сансарт нисэхээр бэлтгэгдэж байгаа хүмүүс анхны тусламж хэрхэн үзүүлэх, эмнэлгийн анхны мэдэгдэхүүнтэй болж, яаралтай үед мэргэжлийн тоног төхөөрөмжийг хэрхэн аюулгүй ашиглах талаар, сансарт хийх туршилт, ажиллагааны нарийн учрыг олж, түүгээр ч зогсохгүй сансар судлалын шинжлэх ухаанд суралцдаг. Сансарт тусгай даалгавар, туршилт хийхээр болсон л бол сансарт тохиолдож болох бүхий л нарийн төвөгтэй зүйлсийг судалж, ажиллуулж, засч залруулах нь зайлшгүй юм. Сансрын нисэгч бүр “Hubble” сансрын дурантай ажиллаж, Олон Улсын Сансрын Станц дахь барилга байгууламжийн ажил зэрэг сансарт хийх бүхий л ажлуудад маш нарийн бэлтгэгддэг.
3
Биеийн хөгжлийн сургалт
Сансрын орчин бол өршөөлгүй, хатуу ширүүн газар. Дэлхий дээр таталцлын хүчний тогтмол 1G байдаг. Харин сансарт татах хүч байхгүй, бичил биетийн горимтой тул сансрын бүх биетүүд жингүйдлийн орчинд дасан зохицох ёстой болно. Сансарт нисэгчдийн хувьд эхэндээ бие махбодын хувьд хэцүү байдаг ч сүүлдээ тэ зохицоод, зөв хөдөлж сурдаг байна.
Нисэгчдийг жингүйдлийн орчинд ажиллаж сургах зориулалтаар суурилуулсан НАСА-ын тусгай хөлөг “Vomit Comet”-р сургахаас гадна НАСА-ийн "Жорж С. Маршалл" сансрын нислэгийн төвд яг сансрын орчинд ажиллаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг төв болох усан сан байдаг. Мөн сансрын нисэгчид аюулгүй газардах чадварт суралцана.
Программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн хийсвэр орчны тусламжтайгаар НАСА болон бусад агентлагууд олон төрлийн систем ашиглан гүнзгий сургалтыг нэвтрүүлж байна. Тухайлбал, нисэгчид VR чихэвч ашиглан ОУСС-ын зураг төсөл, тоног төхөөрөмжтэй танилцан, хэрхэн ажиллах талаар сурахаас гадна гадаад орчинд нь явагдах үйл ажиллагааг ч дуурайх боломжтой болжээ. Зарим туршилт, дуурайх үйл явц CAVE /куб хэлбэрт өрөөний 3-6 хананд дүрс бичлэг харуулах систем /-д явагддаг. Хамгийн чухал зүйл бол нисэгчид дэлхийгээс хөөрөхийн өмнө өөрсдийн шинэ орчинг нүд, бие, хөдөлгөөнөөр мэдрэх хэрэгтэй.
4
Сансрын сургалт
Ихэнх сансрын нисгэгчид агентлагт хамрагдан суралцдаг ч дэлхий дээр цэргийн, иргэний нисгэгчдийг бэлтгэх олон төрлийн мэргэжлийн компани, байгууллагууд байдаг. Сансар дахь аялал жуулчлал илүү нээлттэй болохын хэрээр хүн бүр сансарт нисэх боломжтой болжээ. Гэлээ ч хэн хаашаа явахаас үл хамааран сансарт нисэх нь нисэгч, аялагч аль алинд нь маш нарийн үйл ажиллагаатай, аюултай, бэрхшээлтэй хэвээр. Тиймээс та урт хугацаанд аялалд гарч, сансарт суурьших төлөвтэй л бол заавал сургалтад хамрагдах ёстой.
- Сансрын нисэгч бэлтгэх сургалт маш хатуу, ширүүн. Үүнд олон жилийн хугацаа шаардагдана.
- Нисэгч болгон сургалтад мэргэших хүртлээ суралцана.
- Сансрын нисэгчээр бэлтгэгдэх хүсэлтэй хэн бүхэн бие бялдрын хөгжил сайн, сэтгэл зүйн хувьд нислэгийн дарамтыг тэсвэрлэх чадвартай байх, хамгийн гол нь багаар ажиллах чадвартай байх ёстой.