1
Авокадо (Avocado)
Авокадо нь "ahuacatl" хэмээх Ацтек үгнээс үүсэлтэй бөгөөд “Төмсөг” гэсэн утгатай ба хэлбэрийн хувьд төстэй. Тэр ч байтугай энэ нь сэрэл хөдөлгөх үүрэгтэй бэлгийн дур хүслийг өдөөдөг хүнс юм.
2
Робот (Robot)
Робот гэх үг нь “Албадан хөдөлмөр” гэсэн утгатай “robota” хэмээх Чех үгнээс үүсжээ. Утгын хувьд боолчлол хэмээх үгтэй ижил бөгөөд ялангуяа та бүхэн алдарт жүжигчин Уилл Смитийн тоглосон “I, Robot” киног үзвэл жинхэнэ утгыг нь ойлгох болно.
3
Алуурчин (Assassin)
Загалмайтны аян дайны үеэр Христос шашинтнуудын эсрэг тулалдаж байсан Лалын хэт шүтлэгтэн бүлэглэлийн гишүүд дайсныхаа удирдагчийг алахаасаа өмнө "хашиш" гэх хар тамхи татдаг байжээ. Тэд өөрсдийгөө “hashishiyyin" гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь Араб хэлнээ “хашиш хэрэглэгчид” гэсэн утгатай аж. Олон зууны турш энэ үгийг буруу дуудаж ирсээр эцэст нь Англи хэлнээ “Assassin” буюу “Алуурчин” гэх болжээ.
4
Виски (Whiskey)
Виски нь "whiskeybae" гэх үгийн товчлол бөгөөд "uisce" (ус) ба "bethu" (амьдрал) гэсэн хоёр Кельт үгээс бүрдсэн хуучин Англи хэлний “usquebae" гэх үгнээс үүсэлтэй ажээ. Тэгэхээр виски нь шууд утгаараа “Амьдралын ус” гэсэн үг юм.
5
Матрын нулимс (Crocodile tears)
Орчин үеийн ихэнх хэлүүдэд хүнд дутуу сэтгэл гаргах, хуурамч уй гашуу илэрхийлэх байдлыг “Матрын нулимс унагах” гэж хэлдэг учир нь дундад зууны үед хүмүүс матар олзоо агнаж, идэж байхдаа харууслын нулимс унадаг гэдэгт итгэдэг байжээ. Уг хэлц нь тэртээ 14-р зууны үед үүссэн бөгөөд “Ноён Жон Мандевиллын аялал” гэх номоос гаралтай аж. Энэ ном нь гарсан даруйдаа алдаршсан бөгөөд Ази тивд хийх түүний төсөөллийн аяллын үеэрх зоригт баатруудын тухай өгүүлдэг. Номонд гарах баримтууд нь зохиомол бөгөөд матрын тухай “Эдгээр могой шиг амьтад хүнийг алаад дараа нь нулимс дуслуулан иддэг, тэдэнд хэл байдаггүй” гэж бичсэн байна. Хэдийгээр худал байсан ч Мандевиллын уйлдаг хэвлээр явагчдын энэ түүх Шекспирийн бүтээлд орсноор "матрын нулимс" гэх үг нь 16-р зууны эхэн үеэс ийн хэлц үг болж хувирсан юм.
6
Шар хэвлэл (yellow journalism)
Урьд нь сонины газрууд уншигчдыг татаж борлуулалтаа ихэсгэхийн тулд комик зохиол оруулдаг байжээ. Харин одоо үед хэвлэлээ өнгөтөөр гаргадаг болсон байхад яагаад заавал “Шар хэвлэл” гэх болов?
1895 онд “The Yellow Kid” буюу “Шар хүүхэд” гэх халзан толгойтой, соотойсон чихтэй царай нь яг л 1955 оны Америкийн “Mad” сэтгүүлийн нүүрэнд гарч байсан "Alfred E. Neuman"-ы өвөг эцэг нь гэлтэй, байнга тод шар өнгөтэй том унтлагын хувцас өмсдөг хүүгийн талаар өгүүлэх комик гардаг байв. Уг комик маш алдартай, хурдан зарагддаг байсан бөгөөд тухайн үеийн сонины газрууд энэ хүүгийн тухай зохиол болоод гаргах эрхийг авахын тулд ширүүн өрсөлддөг байжээ. Нэг удаа хоёр өөр сонины газар түүний комикыг тус тусын хэлбэрээр нэгэн зэрэг гаргасан тохиолдол ч гарч байж. Ямартай ч сонин хэвлэлийн газрууд энэ хүүгийн тухай комикыг өөрийн болгохын тулд далд явуулга хийж, уншигчдыг татах гэж өөр бусад арга хэрэглэх болсноор өөрсдийгөө хүүгийн унтлагын хувцасны өнгөөр нэрлэн нууцлах болсон байна.
7
Хавчуургатай талх (Sandwich)
Бидний идэх дуртай хавчуургатай талх буюу сэндвичийг 18-р зууны Английн улс төрч, язгууртан Жон Монтагу буюу Сэндвичийн 4-р гүнгийн нэрээр нэрлэжээ. Сэндвичийг анх нээсэн хүнийг Лорд Сэндвич гэж үзэх тал дээр хэл шинжээчид ихэд маргаантай байдаг аж. Мөрийтэй тоглоомын ширээнээс салах дургүй байсан тэрээр босохгүйн тулд, түүнчлэн тостой гараараа хөзрөө заваартуулахгүйн тулд хоёр ширхэг талхны дунд хоолоо хийж иддэг байсан аж. Ингээд хамт тоглодог найзууд нь үйлчлэгчдээс “Ноён Сэндвичийнхтэй адилхныг авъя” гэдэг байсан бол сүүлдээ зүгээр л “Сэндвич” гэж хэлэх болжээ.
8
Шампунь (Shampoo)
Шампунь гэдэг нь “Массаж хийх” гэсэн утгатай Энэтхэг үгнээс гаралтай юм. Энэ үг нь Санскрит хэлний chapati (चपति) гэх үгийн үндэснээс гаралтай бөгөөд эхэндээ дарах, нухах, тайтгаруулах гэсэн утгатай байжээ. Сүүлд 1860 онд энэ үгний утга нь “Үс угаах” гэж өөрчлөгдсөн бөгөөд 1950-д оны үед зөвхөн хивс болоод бусад эд материалыг угаах гэсэн утгаар ч хэрэглэж байжээ.
9
Кетчуп (Ketchup)
Хоол хүнсний салшгүй хэсэг болсон улаан лоолийн нухаш маань анх яг одоогийн хэлбэрээрээ байгаагүй гэнэ. Кетчуп гэх үг хаанаас үүссэн талаар маш олон таамаглал байдаг. 17-р зуунд Хятадад даршилсан загас, халуун ногооны холимгийг “kôe-chiap” (鮭汁) гэдэг байсан ба үүнийг кетчупны үүслийн хамгийн боломжит хувилбар гэж үздэг.
10
Карантин (Quarantine)
Карантин буюу хөл хорио тогтоох гэдэг үг их сонирхолтой түүхтэй. Карантин гэдэг нь "quaranta giorni" (40 өдөр) гэх Итали үгнээс үүсэлтэй бөгөөд энэ нь 14-р зуунд Италийн боомтууд дээр ирсэн иргэдэд хар тахал өвчний шинж тэмдэг илэрвэл эдгэрэх хангалттай хугацаа өгөн хорьж, бусад зорчигчдыг нэвтрэх боломжтой болоход шаардагдах хугацааг хэлдэг байсан аж. Тэрхүү хугацаа нь ихэнхдээ 40 хоног байдаг байжээ.