Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

2019-10-19, 10:37
6,780

Шар айргаар гол урсаж байна гэвэл хүн бүрийн магнай тэнийх нь гарцаагүй. Гэвч 1814 оны 10-р сарын 17-нд Лондонгийн Сент Жиллесийн сүмийн ойролцоо амьдарч байсан иргэдэд энэ нь тийм ч таатай байгаагүй байна. Тухайн үед орон нутгийн "Meux and Company Brewery" шар айрагны үйлдвэрийн 610 мянган литрийн багтаамжтай аварга торх дэлбэрч, ойр орчмын гудамжнууд гамшигт нэрвэгдсэн юм.

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

Тухайн өдрийн оройн 5 цагийн орчим тэрхүү исгэлтийн торхны жийргэвч бүснүүдийн нэг нь мултарч унажээ. Үйлдвэрт жижүүрт гарч байсан Жорж Крик хэмээх эр уг явдлыг төдийлөн тоогоогүй бөгөөд засварчинд яаралтай засах талаар зурвас үлдээгээд орхижээ. Хожим тэрбээр тохиолдсон сүйрлийн тухай цагдаад мэдүүлэг өгч байхдаа иймэрхүү эвдрэл жилд 2-с 3 удаа байнга гардаг, тэр болгонд сүйдтэй юм болдоггүй болохыг хэлсэн аж.

Эвдрэл гарснаас цагийн дараа ноён Крик ээлжээ хүлээлгэн өгөөд ойролцоох уушийн газарт шар айраг ууж суутал чих дүлийрэм чанга дэлбэрэлт болох нь тэр. Хэдхэн хормын дотор үйлдвэрийн барилга хөзрөн байшин шиг нуран унаж, дөрвөн метрийн өндөр шар давлагаа шуугин орж ирсэн байна.

Тухайн үед Тоттенхэм Корт Роудын гудамж одоогийнх шиг хээнцэр байсангүй, харин ядуу Ирланд цагаачдын амьдардаг даржин модон байшингуудтай байжээ. Үйлдвэрийн эсрэг талд байсан хоёр байшин давлагааны хүчинд дорхноо ховхорч урссан байна. Мөн тэр хавьд явж байсан 15 настай Элеанор Күүпер гэдэг охин давлагаанд цохиулан барилгын хана руу шидэгдэж, харамсалтайгаар амиа алджээ.

Гамшгийн улмаас нийт 8 хүн амиа алдсан байна. Барилгын подвалд амьдардаг байсан 6 ирланд эр живж үхсэн бол нэг эр архины хордлогоос болж хорвоог орхижээ. Тэрээр шар айргаар үерлэсэн өрөөнд хэтэрхий удаан байсны улмаас арьс руу нь согтууруулах ундаа ихээр нэвчиж, улмаар зүрх нь зогссон байжээ.

"Цунами" татарсны дараа Сент Жиллесийн сүм орчмын гудамжууд яг л газар хөдлөлтөд нэрвэгдсэн мэт харагдаж байв. Балгас болсон байшин, овоорсон хог новшин дундаас гал унтраагчид амьд үлдэгсдийг татан гаргаж байжээ. 

Амь насаараа хохирогсдын тоо ингээд дууссангүй. Нэгэн овилгогүй ирланд эр гамшгаас ашиг олохоор шийдэж, живж нас барсан нөхдийнхөө цогцсыг олонд үзүүлж мөнгө олж эхэлсэн байна. Гэтэл мууд дурласан хүмүүс хэт их байснаас болж тэдний байсан өрөөний шал даалгүй нурж, улмаар дахиад хэдэн хүн шар айраг нь бүрэн шавхагдаагүй хэвээр байсан подвалд унан нас баржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()