Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

Орчин цагийн даяаршлын эрин зуунд үндэсний үзэл суртал, нийгмийн үнэт зүйлсээ хамгаалан үлдэхэд Хятадын засгийн газраас ихээхэн анхаарал хандуулдаг. Ялангуяа Хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэгжиж, хурдтай хөгжиж буй энэ үед барууны нээлттэй нийгэм, нэг намын тогтолцоотой Хятадын хаалттай нийгмийн зөрчил бүх салбарт илрэх болжээ. Тухайлбал, Хүний эрхийн төлөө тэмцэгчид Төвдийн асуудлаас болж Хятадын засгийн газрын хатуухан эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Ингээд Хятад улсад нэвтрэх эрхээ хасуулсан дэлхийн хэмжээний алдартнуудыг танилцуулъя.

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

1 Брэд Питт

Чадварлаг жүжиглэлтээрээ олны сэтгэлд хүрч чаддаг жүжигчин Брэд Питт Хятад улс руу нэвтрэх эрхээ хасуулжээ. Үүний шалтгаан нь "Төвдөд өнгөрүүлсэн Долоон Жил" кинонд дүр бүтээсэн явдал байж. Ижил нэрт номоос сэдэвлэн Францчуудын бүтээсэн уг киног БНХАУ-ын Засгийн газар таатай хүлээж аваагүй бөгөөд тэд уг киног Хятадын цэргийн хүчийг муугаар илэрхийлээд зогсохгүй, Төвд хүмүүст хандах Хятадын бодит байдлыг тийм ч сайнаар тусгаагүй гэж үзжээ. Төвд, Хятад хоёр улсын харилцааг хүн бүхэн мэдэх байх. Үүн дээр нэмээд тус кино Төвдийн байр суурийг түлхүү илэрхийлсэн гэж үзсэн тул дэлхийн хэмжээний одыг өөрийн улс руу нэвтрүүлэхээс Хятад улс эрс татгалзсан байна. 

Брэд Питт

2 Ричард Гир

Жүжигчин Ричард Гир царайлаг, хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог гэдгээс гадна  Буддист буюу 14-р Далай Ламын дагагч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Хөөрхөн Хүүхэн киногоороо танигдсан жүжигчин маань хориод насандаа Буддизмийг  шүтэх болж, амьдралд нь нөлөө үзүүлснээр хэд хэдэн лам хуврагатай уулзах, сүм хийд орох зорилгоор Балба улс руу аялсан. Тэрбээр албан ёсоор Төвдийн Буддизмыг шүтдэг. Үүнээс гадна Гир Төвдийн засгийн газар орших Дарамсалад байдаг Далай Ламд бараалхдаг нэгэн. Энэ ч утгаараа Ричард Гир Төвдийн тусгаар тогтнолыг хүчтэй дэмжигч бөгөөд Төвдийн хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг нэгэн. Мөн тэрээр Төвд Ордоны үүсгэн байгуулагчдын нэг, Гир Сангийн үүсгэн байгуулагч, Төвдийн төлөөх Олон улсын Байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүний алба хашдаг. Төвдийг чөлөөлөх хөдөлгөөнд оролцсоноос болж БНХАУ түүнийг өөрийн улс руу нэвтрэх эрхийг бүх насаар нь хасчээ. 1993 оны Академи Авардс дээр хэлсэн үгэндээ Хятад улсын засгийн газрыг шүүмжилснээсээ болж дахин үг хэлэх эрхээ хасуулсан. Мөн 2007 онд Төвдийг чөлөөлөхийг Хятадын Засгийн газарт шаардаж, 2008 оны Бээжингийн Олимпд хориг тавих хүсэлт гаргаж байжээ. Тэрээр Төвдийг чөлөөлөх сэдэвтэй рекламд Лансиа Дэлтагийн хамт тоглосон байна.

Ричард Гир

3 Бёорк (Bjork)

Исландын дуу зохиогч, дуучин Бёорк Шанхайд зохион байгуулсан тоглолтынхоо үеэр Төвдийг чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжсэнээр асуудалд орж байжээ. Сайн үйлсийн хөдөлгөөнүүдээрээ хэдийн танигдсан тэрээр Төвдүүдэд учирч буй асуудлыг хөндөж буй алдартнуудын эгнээнд нэгдсэн. 2008 онд хийсэн тоглолтынхоо үеэр “Төвдийг чөлөөл, Төвдийг чөлөөл” хэмээн дуулж байсан нь мэдээж Хятадын удирдлагуудад таалагдаагүй. Эл явдлыг Хятадын Соёлын Яамнаас онцолж, энэ нь Хятад улсын хуулийг зөрчөөд зогсохгүй, ард түмнийх нь сэтгэлийг өвтгөсөн явдал боллоо хэмээн Синхуа агентлаг мэдээллэсэн байна. Үүнээс хойш, Хятад улс нь өөрийн улсдаа аялан тоглолт хийх оддод илүү няхуур хандах болжээ. 

Бёорк (Bjork)

4 Шарон Стоун

Холливүүдын хамгийн алдартай жүжигчдийн нэг, сайн үйлсийн зүтгэлтэн Шарон Стоун тус улсын эсрэг хатуу үг хэлснээр түүний киног Хятадад гаргахыг хоригложээ. 2008 оны 5-р сарын 25-ны өдөр 61 дэх удаагийн Каннийн Кино Фестивалийн үеэр тэрээр тус онд болсон Сичуаны газар хөдлөлтийн талаарх сэтгэгдлээ хэлсэн. Хонконгийн Энтертайнмент Мэдээ сувагт өгсөн ярилцлагадаа “Хятадуудын Төвдүүдэд хандаж буй хандлага надад таалагддаггүй. Ер нь хэнд ч бусдад тийм эелдэг бус хандах ёс байхгүй. Тэгээд сая газар хөдлөлт, түүнтэй холбоотой олон зүйлс боллоо. Тэгэхэд надад энэ магадгүй карма юм болов уу гэж бодсон. Чи бусдад муу хандахад чамд эргээд муу зүйлс тохиолдож байгаа юм биш үү” гэжээ. Үүгээр ч зогсохгүй, Нью Иорк Таймс-т өгсөн ярилцлагадаа “Би хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйхгүй. Би бодит бус худал зүйлийн төлөө яагаад ч уучлалт гуйхгүй” гэсэн байна. Үүний хариуд Хятадын томоохон сүлжээ кино театрууд түүний киног гаргахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр тэрээр Төвдийн ард иргэдийн төлөө тэмцэгч алдартнуудын эгнээнд багтсан.

Шарон Стоун

5 Майли Сайрус

Түүнийг янз бүрийн асуудал таригчдын хатан хаан гэж хэлэхэд болно. Ханна Монтанагийн дүрээр танигдсан тэрээр хуучин найз залуу Жастин Гастон болон хэсэг найзуудын хамтаар Азиудыг доромжилсон маягаар буюу нүдээ жартайлгаж зургаа авахуулсан байна. Үүний дараагаар олон тооны Хятад-Америкууд энэ явдлыг нь доромжлол гэж хүлээн авч байгаа тул уучлалт гуйхыг шаарджээ. Хэдийгээр зурганд Ази гаралтай Америк байсан ч гэсэн нийтээрээ хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр хариуд нь TMZ-ээр дамжуулан вебсайтдаа өөрийгөө хамгаалсан хариулт бичсэн нь “Би үүгээр дамжуулж ямар ч үндэстнийг ШОГЛООГҮЙ, би зүгээр л хөгжилтэй зураг л авахуулсан төдий. Ийм зураг хэзээнээс эхлээд мэдээ болох түвшинд оччихсон юм бэ? Минийхээр бол хэн нэгэн намайг ийм болгох гэсэн л оролдлого. Хэвлэлийнхэн намайг бас нэгэн “МУУ ОХИН” болгож харагдуулах гэсэн л оролдлого байна” гэжээ. Үүний хариуд, БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамнаас шийтгэл болгож түүний тус улс руу нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлээд зогсохгүй түүний тоглосон аливаа кино, ТВ цуврал, реклам, бүх зүйлийг гаргахыг хоригложээ. Ямар ч шалтгаанаар тэгж зургаа авахуулсан бай, энэ зургаас болж нэлээн олон фенээ алдсан юм.

Майли Сайрус

6 Мартин Скорсезе ба Харрисон Форд

Алдарт кино найруулагч Мартин Скорсезе 1997 оны "Кундун" киногоо хийсний дараа нэлээдгүй шүүмжлэлтэй тулгарсан. Тус кино нь 14-р Далай Ламын хүүхэд нас, Төвдөд нэвтрэн орсон Ардын Чөлөөлөх Арми, Далай Ламын Энэтхэг рүү дүрвэж буй тухай өгүүлдэг. Дисней Хятадын зах зээлээс нэлээд өндөр хүлээлттэй байсан ч харин ч эсрэгээрээ болсон бөгөөд Скорсезе БНХАУ-ын хилээр нэвтрэх эрхгүй болжээ. Жүжигчин Харрисон Форд Төвдийг чөлөөлөх аяны хүрээнд хийгдсэн АНУ-ын Сенатын Гадаад Харилцааны Зөвлөлд хэлсэн үгнээсээ болж мөн тус улс руу нэвтрэх эрхээ хасуулсан юм. 

Мартин Скорсезе ба Харрисон Форд

7 Лэйди Гага

Өөрийн хачирхалтай дүр төрх, хувцаслалт бүхий өвөрмөц байдлаас нь болж дуучин Лэйди Гагаг БНХАУ-ын Соёлын Яамнаас хөгжмийн ертөнцөд эмх замбараагүй байдал үүсгэж, цаашлаад улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзсэн учраас улсынхаа хилээр давахыг хоригложээ. “Born This Way” цомогт багтсан нэлээн олон тооны дууг хар жагсаалтад оруулсан байна. Тус хориг нь гурван жилийн дараа цуцлагдаж, түүний дараагийн цомог “ARTPOP” нь маш олон тооны хоригтойгоор Хятадад албан ёсоор худалдаалагдах эрхээ авчээ. Цомгийн хавтсан дээрх зурагны түүний хөл ил гарсан хэсгийг том бөмбөгөөр халхлах, “Се*ссс зүүд” нэртэй дууг нь “Х зүүд” хэмээн өөрчлөх зэрэг зүйлс багтжээ. 

Лэйди Гага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()