Товчхоноор хэлбэл тэд ердөө л цаг хугацааны нугачааг давж чадаагүй юм.
Юуны түрүүнд, тэд соёл, улс төр, цэргийн байгууллын хувьд нэгдмэл байж чадаагүй. Грекчүүд Варваруудад эзлэгдэж, Ром, Перс, Араб, Түрэгүүдэд газар нутгаа алджээ. Өөрсдийн залгамжлагч Ромчууд шиг үеийн үед дуурсагдахуйц улс төрийн нөлөөг хараахан бий болгоогүй. Харин Ромчууд Грекийн улс төр, нийгмийн бүтцийг дуурайн хөгжиж, "хулгайлсан" гэхэд болно.
Удалгүй Грек, Балканы бүс нутаг дорно дахины цагаачлалын хөлд дарагдсан. Энэхүү үйл явдал нь хэдэн зууны турш Европд тогтсон нийгэм соёл, улс төрийн байдлыг орвонгоор нь өөрчилсөн юм.
Евразид Монголчуудын ноёрхол өндөрлөсний дараа Туркүүд орыг нь авч, Ромын эзэнт гүрний үлдэгдлийг эзлээд, улмаар Грек рүү довтолсон.
Ийнхүү Европт 1000 жилийн турш "харанхуй үе" ноёлж байх үед олон соёлын болоод худалдааны уулзвар дээр суурьшсан Турк, Араб, Венец цэцэглэн хөгжиж байлаа.
Гэхдээ Европын сэргэн мандах бололцоо Ромын сүүлийн төв Константинополь байсан бөгөөд эртний Египет, Грекээс үлдсэн асар мэдлэгийн өв тус хотод төвлөрсөн байв. Османчууд хотыг эзлэхэд зарим эрдэмтэд, эртний судар бичгүүдийг аван Итали руу зугтаж чадсан нь Сэргэн мандалтын үеийн эхлэл болжээ.
Грекчүүд эцэст нь Османы эзэнт гүрний дарангуйллаас гарсны дараа тэдний эх оронч үзэл Балканы бусад орнуудын адил дээд хэмжээндээ хүрчээ. Улмаар Балканы 2 удаагийн томоохон дайнд оролцож, Османтай, тэдний залгамжлагч Туркийн бүгд найрамдах улстай, дараа нь Итали болон Нацистуудын эсрэг улсаа хамгаалан тэмцсэн юм.
70-аад оны үед Грекийн засгийн эрхийг удаан хугацаанд атгаж байсан милитаристууд унаж, түүнээс хойш бүрхэг ирээдүй бүхий хөгжлийн замаар замнаж эхэлжээ.
Одоогоор Грек улсын хамгийн гол үнэт зүйл нь Европын холбооны худалдааны боомт гэсэн байр суурь юм. Өнө удаан жилийн эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөний дараа бусад улс орнуудын адилаар Грек улс үсрэнгүй эдийн засгийн хөгжлийг гол зорилгоо болгосон.
Харамсалтай нь Грек улс орлогоо нэмэгдүүлэх төрөлжүүлсэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг сайн боловсруулсангүй, харин газар зүйн тааламжтай байршлаа ашиглаж хялбар мөнгө олохын тулд Европын Холбоонд найдсан нь тэдний эдийн засгийг гамшигт хүргэсэн билээ.
Өнөөгийн Грек улсын амжилт бүтэлгүйтлүүд Египетийн адилаар эртний түүхтэй нь огтхон ч хамааралгүй нь үнэн. Гэвч тухайн цаг үеийн үнэт соёлын өлгий байсан тус ард түмний ололт амжилт, агуу түүх домгийг хүн төрөлхтөн бид үгүйсгэж болохгүй билээ.