Юуны өмнө хоёр залууд тохиолдсон нэгэн түүхийг та бүхэнтэй хуваалцъя.
Нэг шөнө тэр хоёр автобусанд суужээ. Тэр автобус нь 1970-аад онд сургуулийн хүүхдүүд зөөдөг байсан, нэлээд хуучирсан унаа байв.
Автобус өндөр толгодоос огцом уруудахад жолооч нь олон удаа тоормосоо гишгэсэн ч автобус зогсох нь байтугай улам хурдалж байгааг хоёр найз анзаарсан байна. Автобусны тоормос эвдэрсэн байж.
Тэд хоёр сонголттой тулгарсан. Нэг бол автобус явсаар байгаад ямар нэгэн юм мөргөж зогсоход амьд үлдэх эсэх азаа үзэх, эсвэл хурдтай явж байхад нь зам руу үсэрч болох байв. Ингээд тэр хоёр үсрэхийг нь сонгосон юм.
2 найзын нэг нь Мексик хал цэрэг байсан. Харин нөгөө найз нь айсандаа хашгирч, тусламж эрж байж. Ингээд цэргийн амьдрал үзэж, багагүй туршлага суусан Мексик найз нөхцөл байдлыг гартаа авч, автобусны арын хаалгыг онгойлгоод "Хоёулаа үсэрье" гэж хэлсэн байна.
Үсрэхээсээ өмнө Америк найздаа "зөөлөн газардахын тулд үүргэвчээ урдаа үүр, аль болох замаас хол үсрэхийг хичээ, тэгвэл хатуу цементэн зам дээр биш шороон дээр унах магадлалтай. Бас аль болох далаараа унахыг бод, газар унамагцаа өнхрөөрэй" гэж зөвлөжээ.
Тэр хоёр автобусны жолооч болон бусад зорчигчдыг хамт үсэрье гэсэн боловч хэн нь ч суудлаасаа хөдлөөгүй байна. Тэд 80 км/ц хурдтай явж байхад дор харагдаж буй хар замыг хараад нэг гүнзгий амьсгаа аваад үсэрчээ.
Тэд газарт хүчтэй унаж, хэдэн метр газар өнхрөн, хэдий зөөлөн шороон дээр унасан ч хувцас нь урагдаж цоорсон байна. Нэлээд гэмтэл авсан ч тэд замын хажууд амьд байсан юм. Харин хэдхэн хормын дараа автобус том хад мөргөн осолдож, дотор нь явсан бүх хүмүүс амиа алдсан.
Сонирхолтой нь тэдний бие гайхалтай сайн байсан. Хоёулаа нэлээд шархтай, нэг нь толгойдоо оёдол тавиулснаас биш яс хугарах, дотуур цус алдах зэрэг бэртэл байгаагүй. Энэ бол маш азтай тохиолдол. Ихэнхдээ хурдтай яваа машинаас үсрэхэд хүний яс хугардаг. Тэр ч бүү хэл амь насаа алдах нь ч бий. Хамгийн гол нь тэд зөв тактик хэрэглэж амьд үлдэж чадсан юм.
Хурдтай яваа машинаас үсрэх зөвлөмж
Хаалгыг бүрэн нээх. Үсрэх үедээ хаалганд хавчуулагдахгүйн тулд хаалгаа эхлээд сайтар дэлгэж онгойлгоорой.
Машины явж байгаагаас эсрэг чиглэлд үсрэх. Чиний бие машинтай адил хурдтай явж байгаа, тиймээс хэрэв чигээрээ үсэрвэл машины хөдөлж буй чиглэл рүү явна гэсэн үг. Машиндаа цохигдож, дайруулахгүйн тулд эсрэг чиглэл рүү үсрэх хэрэгтэй.
Аль болох зөөлөн газар унахыг хичээ. Хэрэв боломжтой бол замын хажуугийн өвс эсвэл шороон дээр унахыг хичээ. Ер нь хатуу хучилттай зам л биш бол бусад нь гайгүй шүү дээ.
Саад болох зүйлсээс зайлсхий. Замын хажуугийн тэмдэг, гэрлийн шон мөргөхгүй байхаар тооцоолж үсрэх хэрэгтэй.
Биеэ хумь. Газарт унахаасаа өмнө биеэ хумихыг хичээ. Эрүүгээ цээжиндээ тулгаад, гар хөлөө биеэсээ битгий салга. Ингэснээр тархиараа газар мөргөх эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас гадна унангуутаа өнхрөхөд чинь тустай.
Өнхөр. Дал хэсгээрээ газар унахыг хичээж, унасан даруйдаа аль болох хурдан өнхөрч замын хөдөлгөөнөөс холд. Өнхөрснөөр газарт унасны дараа үүсэх эрсдэлийг багасгана.
Мэдээж энэ бүхний дараа нэн даруй эмнэлэгт хандан, үсэрснээс үүдсэн аливаа гэмтэл, бэртэл, хөхрөлт, хугарсан яс зэргээ үзүүлж, эмчлүүлэх хэрэгтэй.