Яагаад Хятадууд өөрсдийгөө "Тэнгэрийн" улс гэх болсон бэ?
2000 жилийн өмнө эзэн хаан У-ди Баруун Хан гүрнийг захирч байв. Тэрбээр төр барьж байх хугацаандаа нутаг дэвсгэрээ тэлэхийн зэрэгцээ Күнзийн сургаалийг нэвтрүүлжээ. Тухайн үед эзэн хааны хамгийн ойрын зөвлөх нь философич Дун Жонгшу байсан нь Күнзийн үзэл суртал давамгайлах үндэс болсон аж.
Дун Жонгшу нэгэн бүтээлдээ эзэн хааныг "Дундад Хаант Улсын Захирагч" хэмээн нэрийдэж, үүгээрээ У-ди хааныг тэнгэр газрын дундах холбогч, зуучлагч хэмээн үзжээ.
Хэрвээ эзэн хаанаар буруу хүнийг сонгосон бол дээд хүчин хилэгнэж, газар хөдлөлт, үер гэх мэт байгалийн гамшигт үзэгдэлээр дамжуулан уур хилэнгээ илэрхийлдэг гэж үздэг байж. Иймээс эзэн хааны зөвлөхүүд тэнгэрийн захиасыг зөв тайлж, хаанд юу хийх хэрэгтэйг тайлбарлах үүрэгтэй байсан гэнэ.
Ийнхүү эзэн хааныг тэнгэр газрын холбогч гэдэг үзлээс дэлхий ертөнц бүхлээрээ Хятадын захирагчид хамааралтай гэх ойлголт үүсжээ. Товчоор хэлбэл, тэнгэрийн доорх цорын ганц удирдагч нь Хятадын эзэн хаан бөгөөд Хятад улс дэлхийн төв гэсэн санаа юм.
Энэхүү эрх барих шатлалын хүрээнд эхлээд төрийн хэргэм зэрэгтнүүд, дараа нь энгийн иргэд, сүүлд нь бусад улсууд гэсэн шат дарааллаар эзэн хаанд захирагдах аж.
Хятадын түүх соёл дахь "тэнгэр" үзэл
Хятадуудын ертөнцийг үзэх үзэлд дээд "тэнгэр" онцгой байр суурь эзэлж байжээ. Учир нь нас барагсдын сүнс тэнгэрт залардаг гэж итгэдэг байв.
Тухайн үед байсан бүхий л хаант улс, газар нутаг эзэн хааны мэдэлд байх ёстой гэж итгэх болсон учир тэднийхээр тэнгэрийн доорх цор ганц удирдагч Хятадын хаан ажээ.
Өнөөдөр Бээжинд "Тэнгэрийн сүм" хэмээх бүхэл бүтэн цогцолбор эзэн хааны ордны ойролцоо бий. Уг байгууламж нь Мин гүрний үеэс 5 зууныг дамжин иржээ. Барилгын ажил эхэлснээс хойш эзэн хаан жилд нэг удаа тэнгэрт өргөл барьц барьдаг болсон бөгөөд энэ нь улс оронд арвин ургац, хөгжил цэцэглэлт авчирна гэж итгэдэг ажээ.