"Хүн заан" Жозеф Меррикийн өрөвдмөөр амьдралын түүх

1980 онд авьяаслаг найруулагч Дэвид Линч нийгэмдээ үзэшгүй муухайд тооцогдож байсан Жозеф Меррик (Joseph Merrick) гэх залуугийн гунигт амьдралаас сэдэвлэн кино хийсэн нь олон мянган үзэгчдийн сэтгэлд хоногшиж чадсан юм. Тэрбээр өөрийн царай төрхөөсөө болж маш их гадуурхагдаж, дээрэлхүүлдэг байж. Уг кинонд Хатан хаан Викториагийн үеийн нэгэн мэс засалч аймшигтай царайны цаана нуугдах ухаалаг нэгнийг гаргаж ирэхийн тулд Меррикийг аварч байгаа тухай өгүүлдэг. 

"Хүн заан" Жозеф Меррикийн өрөвдмөөр амьдралын түүх

Меррик хэмээх залуугийн бодит амьдралаас сэдэвлэсэн "Хүн заан" (Elephant man) хэмээх кинонд Тревес эмчийн дүрд Антони Хопкинс, Меррикийн дүрд Жон Харт тогложээ. Уг кино нь гарсан даруйдаа дэлхий нийтийн хүртээл болж, классик бүтээл хэмээн нэрлэгдэх болсон төдийгүй Оскарын наадамд шилдэг зураглаач, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол болон Жон Харт шилдэг жүжигчний шагнал хүртэж байжээ. Найруулагч Линч энэхүү киногоор Меррикийн богинохон хирнээ хэцүүхэн амьдралыг харуулсан юм.

1862 оны 8-р сарын 5-нд Жозеф Кэри Меррик гэх хүү эрүүл саруул төрсөн боловч 2 нас хүрэхээсээ өмнө түүний биеэр хавдар шиг зүйл туурч эхэлжээ. Түүний ээж энэхүү өвчний шалтгааныг нь мэдэхгүй явсаар байж. 

Хүүгийнх нь биеэр туурсан зүйлүүд сааралдуу зааных шиг өнгөтэй байсан тул Мэри Жен жирэмсэн байх үедээ заанд мөргүүлснээс болсон байх гэж боджээ. Жозеф хүүгийн толгой нь хэвийн хэмжээнээсээ том, баруун гар нь маш их томорч хөдөлгөж чадахааргүй болсноос бусдаар бол тэр эрүүл мэндийн хувьд сайн хүүхэд байв. Ийнхүү явсаар Жозеф  сургуульд орох нас болоход түүнд тусгай анхаарал хэрэгтэйг эцэг эх нь сая л анзаарчээ. 

Харамсалтай нь Жозефыг 11 настай байхад ээж нь нас барж, аавтайгаа хоёулханаа үлджээ. Аав нь түүнийг хэрхэн асрахаа мэдэхгүй тул Меррикээр ажил хийлгүүлж эхэлсэн байна. Түүний биеийн байдал тааруухан, гадна төрх нь харсан хүн эвгүйтмээр этгээд байсан учир ажил олж хийхэд хүнд байв. Тэрээр үйлдвэрийн хонгилд олны нүднээс далд тамхины цаас ороох ажил олж хийжээ. Гэвч ганц гараараа үүнийг хийх хэцүү байсан тул тун удалгүй ажилгүй болж, гэртээ гар хоосон ирэх үед аав нь түүнийг зоддог байв. 

Ийнхүү явсаар хүү гэрээсээ зугтаан өөрийг нь хүлээж авах ганцхан газар болох циркт очсон байна. Меррикийг хагас хүн, хагас заан хэмээн зарлаж, Лестер дэх хөгжмийн танхимд цугласан олны өмнө гаргах болжээ. Амьдрал нь хар бараанаас өөр зүйлгүй явсан 17 настай хүү үзэгчдийг хөгжөөж, сонирхлыг нь татаж байсан юм. 

Циркийн эзэн, шоуны найруулагч, Жозефийн менежер Сэм Торр  гэх эрхэм түүнийг Лондон руу авч яван гудамжинд үзүүлбэр үзүүлж эхэлсэн нь Жосефийн хувьд аз завшаантай зүйл болжээ. Тэр үед тал бие нь заан шиг болсон залуу эрдэмтдийн нүдэнд өртөж, түүнийг яагаад ийм болсон талаар судалж эхэлсэн аж. 

Тэрхүү олон судлаачид дотроос Тревес эмч түүнд энэхүү хүнд амьдралаас ангижрах арга зам байгааг хэлжээ. Гэвч менежер Сэм өөрийн мөнгө олох хэрэгсэл болсон Меррикээс салах дургүй байв.  

Лондонгийн иргэд Хүн заанаас уйдаж эхлэхэд Сэмийн ашиг орлого багасаж эхлэв. Ингээд тэрээр Меррикийг хэн ч танихгүй, хэн ч туслахгүй Бельгид аваачин зодож, хадгалсан бүх мөнгийг нь дээрэмдэн авч гудманд хаяж явжээ. Гэвч Меррик Англи руу явах замаа олж, итгэж болох ганцхан хүн болох Тревес эмчийг олж очсон байна. 

Эмч түүнийг найрсгаар хүлээн авч Лондонгийн нэгэн эмнэлэгт хэвтүүлэн хэд хэдэн шинжилгээ хийж үзжээ. Харамсалтай нь Меррикийн биеийн байдал эмчийн төсөөлж байснаас ч хүнд байв. Толгой  нь хэт томрон,  мөр нь даагдахааргүй, баруун гар нь ердөө 30 см урттай болж, бүх биеэр нь хавдар тархсан байлаа. Меррик дотроосоо ялзарч байсан гэхэд болох ба түүнд эмнэлгийн тусламж яахын аргагүй хэрэгтэй байв.

Меррикийн эмчилгээнд зориулан Тревес эмч, эмнэлгийнхээ даргатай хамтран олон нийтээс хандив гуйжээ. Хамгийн сонирхолтой нь түүнд маш хурдан хандив цугласан бөгөөд хандив өгсөн хүмүүсийн дунд Уэльсийн гүнж Александра хүртэл байв. Түүнийг дагалдан хэд хэд хэдэн язгууртнууд ч хандив өгчээ. Ийнхүү хандивын мөнгөөр Меррик анх удаа өөрийн гэсэн амьдрах газартай болж. Олон жил зовж амьдарсны эцэст тэрээр арай гэж нэг газар өөрийн дураар, хүний ёсоор амьдрах боломжтой болсон ч 1890 оны 4-р сарын 11-нд эмнэлгийн орон дээр нас барсан байдалтай олджээ.

Меррикийн үхлийн шалтгаан нь аймшигтай байлаа. Түүнийг унтаж байхад толгой нь биеэ дийлэн орноос унаж, нурууг нь гэмтээсэн нь үхлийн шалтгаан байв. Меррикийг Протиусын синдром, неорофиброматосис гэх хоёр өвчнөөр өвдсөн гэх онош гарсан бөгөөд аль аль өвчнийх нь шинж тэмдэг зэрэг илэрч байсан байна.

27 жил амьдрахдаа Меррик зохиолч Исаак Ваттсын "Би бусдаас өөр. Миний гадна төрх этгээд. Гэхдээ намайг үзэн ядаж гадуурхах нь бурхныг үзэн ядахтай адил" гэх үгийг үргэлж хэлдэг байв. Нийгмээс гадуурхагдсан түүний богинохон амьдралын түүхийг олон жилийн туршид бусдыг хайрлаж, энэрэхийн талаар сургаал болгон хүн төрөлхтөн ярьсаар ирсэн юм. Меррик найзынхаа тусламжтайгаар хүн ёсоор ердөө хоёрхон жил амьдарч үзжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()