Усыг олон удаа буцалгахад юу болдог вэ?
Бүрэн цэвэршүүлсэн, эсвэл нэрмэл, ионгүй усыг дахин буцалгахад ямар нэг өөрчлөлт гарахгүй. Харин цэвэршүүлээгүй жирийн усны хувьд ууссан хий, эрдэс бодис агуулдаг тул арай өөр. Учир нь энэ төрлийн усыг буцалгах үед түүнд агуулагдах эрдэс бодисууд ууршиж гадагшилснаар химийн бүтэц нь өөрчлөгддөг. Хэдийгээр энэ нь сайн зүйл мэт санагдавч хэт олон удаа буцалгавал хүний биед хэрэгцээгүй химийн бодисуудын концентраци үүсэх эрсдэлтэй.
Дахин буцалгасан ус хорт хавдар үүсгэдэг үү?
Олон удаа буцалгасан ус уух нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог гэж үздэг хүмүүс бий. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ойлголт юм.
Гэхдээ хорт хавдар зэрэг хэд хэдэн өвчний эх үүсвэр болдог бодис агуулсан усыг олон удаа буцалгаснаар хорт бодисын концентрацийг улам нэмэгдүүлдэг байна. Жишээлбэл, нитратын хэрэглээ хэт их байвал метемоглобинеми болон зарим төрлийн хорт хавдрыг өдөөж өгдөг. Мөн арсений хэмээх химийн элементээс хордлого үүсэж болох ба энэ нь цаашлаад зарим төрлийн хавдрын эх үүсвэр болдог. Гэхдээ ундны усны найрлагыг байнга шалгадаг болсон өнөө үед ийм бодисууд ихээр илрэх нь ховор юм.
Түүнчлэн хэт халааснаас болж усанд агуулагдах эрүүл мэндэд тустай эрдэст бодисууд ч хүний биед сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий. Тухайлбал, ундны болон байгалийн эрдэст усанд агуулагдах кальцийн давсны хэмжээ хэт ихэссэнээр чулуу, судасны хатуурал, артрит, цөсний чулуужилт зэрэг өвчний шалтгаан болдог.
Ерөнхийдөө буцалсан усыг хөргөөд, дахин буцалгах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй. Жишээлбэл, та данханд ус хийж буцалгаад, багассан үед дээрээс ус нэмээд дахин буцалгавал таны эрүүл мэндэд ямар ч аюулгүй гэсэн үг.
Харин эрдэст болон төрөл бүрийн найрлага бүхий усыг ингэж олон удаа буцалгаж хэрэглэх хэрэггүй. Үүний оронд үлдсэнийг нь асгаад дахин шинэ ус буцалгаж хэвшээрэй. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд үүнийг анхаарах нь зүйтэй юм.